Азербайжан, Армен хоёр Уулын Карабахад гал зогсоохоор тохиролцлоо

Дэлхийн мэдээ

Уулын Карабахад байлдаж байсан Армен, Азербайжан  хоёр улс аравдугаар сарын 10-ны өдрийн 12:00 цагаас гал зогсоохоор тохиролцлоо гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Москвад болсон 10 цагийн хэлэлцээрийн дүнг мэдээллээ.

“ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины илгээлтийн хариуд Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев, Армяны Ерөнхий сайд Никол Пашинян нар дараах алхмуудаар тохиролцлоо. Нэгдүгээрт, 2020 оны аравдугаар сарын 10-ны өдрийн 12:00 цагаас эхлэн олзлогдогсод болон саатуулагдсан бусад хүмүүсийг солилцох, амь үрэгдэгсдийн цогцосыг шилжүүлэн өгөх зорилгоор гал зогсоох боллоо” гэж Лавров мэдэгджээ.

Баку, Ереван хоёр бас  энхтайван байдлыг нэн даруй тогтоох үүднээс бодитой хэлэлцээр эхлүүлэхээр тохиролцсон байна. Гэхдээ Карабахын талаарх хэлэлцээрийн хэлбэр өөрчлөгдөхгүй гэдгээ баталжээ.

ОХУ, Армян, Азербайжаны Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Зограб Мнацаканян, Жейхун Байрамов нарын Уулын Карабахын талаар хийсэн 

хэлэлцээр  бүрэн хаалттай хэлбэрээр болсон байна. Уулзалт эхлэхийн өмнө сайдууд мэдэгдэл хийхээс татгалзжээ.

Уулын Карабахын талаар Азербайжан, Армян хоёр олон жилийн турш маргаантай явсаар ирсэн нь есдүгээр сарын 27-нд хурцдаж зэвсэгт мөргөлдөөн эхэлсэн юм. Армян, Азербайжан хоёр  цэргийн хүчээр довтолж байлдаан эхлүүлсэн гэж бие биенээ буруутгаж их буу, хуягт техник, нисэх хүчин ашиглан тулалдаж байгаа юм.

Армян улс дайны байдал зарлан бүх нийтийн дайчилгаа зарласан бол Азербайжан хэсэгчилсэн дайчилгаа зарлаад байна.

ОХУ, АНУ, Францын  удирдлагууд сөргөлдөгч талуудыг галаа зогсоон урьдчилсан ямар нэг болзолгүйгээр яриа хэлэлцээрт шилжихийг уриалаад байгаа бол Турк улс Азербайжаны талд ямар ч  тусламж дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлээд байна.