Киргиз нийслэлдээ онц байдал зарлалаа

Дэлхийн мэдээ

Киргиз улс нийслэл Бишкектээ аравдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн онц байдал тогтоолоо гэж тус улсын Дотоод хэргийн сайд мэдээлснийг тус  яамны албан ёсны сайтад нийтэлсэн байна. “Хотод үүсээд байгаа улс төр, олон нийтийн тогтворгүй байдлыг намжаах,  нийгмийн дэг журам тогтоох үүднээс Бишкек хотын нутаг дэвсгэрт  2020 оны аравдугаар сарын 10-наас эхлэн онц байдал тогтоож байгааг Дотоод хэргийн яам мэдэгдэж байна” гэж мэдээлэлд дурджээ.

Үүний өмнө Киргизийн Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков нийслэлийн нутаг дэвсгэрт аравдугаар сарын 9-нөөс аравдугаар сарын 21 хүртэл оросын 20:00 цагаас өглөөний 05:00 цаг хүртэл онц байдал тогтоогоод байсан юм.

Аравдугаар сарын 4-нд болсон парламентын сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөөгүй улс төрийн хүчнүүд даваа гаргаас эхлэн гудамжинд гарч эсэргүүцлийн хөдөлгөөн эхлүүлснээр хууль хүчнийхэнтэй мөргөлдөж, улмаар ерөнхийлөгчийн засаг захиргаа байрладаг парламентын ордныг эзэлсэн. Мөргөлдөөний үеэр 1200 хүн бэртэж гэмтэн, нэг хүн нас бараад байгаа юм.

Энэ бүхнээс үүдээд Киргизийн Ерөнхий сайд Кубатбек Боронов  огцорсон юм. Сөрөг хүчнийхэн улс орноо удирдах зохицуулах зөвлөл байгуулан шоронгоос сулласан, сөрөг хүчний төлөөлөл Садыр Жапаровыг Ерөнхий сайд болгоод байна. Гэвч сөрөг хүчний зарим төлөөлөл түүнийг зөвшөөрөхгүй өөрийн хүнээ засгийн газрын тэргүүн  болгохоор дэвшүүлээд байна. Сөрөг  хүчин бас Ерөнхийлөгчийг эгүүлэн татаж, парламентыг тараахыг шаардаж байгаа юм.

Баасан гарагт Бишкект эмх замбараагүй байдал дахин сэргэж төв талбайд Жапаровын талынхан Атамбаевын талынхантай мөргөлдөж шил чулуугаар шидэлцсэн байна. Буун дуу ч сонсогджээ. Атамбаев руу бүр халдаж машин руу нь байлдааны сумаар буудсан гэж зарим эх сурвалж мэдээлж байна. Тэрээр бэртэж гэмтээгүй байна.