БНАСАУ намын баяраараа цэргийн сүрт жагсаал хийлээ

Дэлхийн мэдээ

Солонгосын хөдөлмөрийн нам байгуулагдсаны 75 жилийн ойд зориулсан баярын парадыг БНАСАУ аравдугаар сарын 10-ны бямба гаргийн орой төв телевизээрээ дамжууллаа.  Умард Солонгосын бүх төрлийн 30 гаруй мянган цэрэг дайчид, цэргийн техник оролцсон энэ парадыг эхлээд бямба гаргийн үүрээр хийнэ гэж цэргийнхэн мэдэгдэж байсан  болохоор энэ нь шууд дамжуулсан биш өглөөгүүр болсон жагсаалын бичлэгийг  гаргасан болж байна.

                                               

Дүрс бичлэг дээр цэргийн анги нэгтгэлүүд, хөгжим бүрэнхийгээр Ким Ир Сений нэрэмжит талбайгаар явж байгаа нь гарч байна. Индэр дээр амны хаалтгүй олон арван зочин сууж далбаа, дарцаг барин мэндчилж, алга ташицгааж байгаа нь харагдана. Намын удирдалгууд ч байна.

БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун  том тагтны хонгилоор явж хүүхдүүдтэй мэндчилээд, өөрт нь цэцэг барьсан заримыг нь  үнсээд дараа нь тагтан дээр гарч ирэн ард түмэнтэйгээ мэндчилэн гараараа даллаж байна.

Энэ жагсаалын үеэр Умард Солонгос тив алгасах шинэ төрлийн баллистик пуужингаа анх удаа талбайд гаргалаа гэж Солонгосын мэдээллийн төв агентлаг ЦТАК аравдугаар сарын 10-ны өдөр мэдээллээ.

                                                       

“Пуккыксон 4-А” нэртэй энэ шинэ пуужин нь 12 мянга 874 метр хөөрч, АНУ-ын эх газрын хаана ч  хүрэх чадалтай  “Хвансон-15” пуужинтай төстэй байна гэж цэргийн мэргэжилтнүүд үзэж байна.

Пуужингийн хэмжээнээс үзэхэд хэд хэдэн цэнэгт хошуу тээвэрлэх, үүн дотроо агаараас эсэргүүцэн хамгаалах ямар ч хэрэгслийг хуурах хошуу тээхээр байна гэжээ.

Цэргийн парадын үеэр БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун  хэлсэн үгэндээ улс орныхоо зэвсэгт хүчнийг гаднаас ирэх ямар ч аюулын эсрэг зогсч чадна гээд, гэхдээ энэ бол юун түрүү өөрийгөө хамгаалах зориулалттай гэжээ.