“Санхүү авна” гэх зараар гэрт нь ирсэн эмэгтэй бусадтай нийлэн их хэмжээний мөнгийг нь дээрэмджээ

Эрэн сурвалжлах

Аравдугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө 03 цаг 58 минутад Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст үл таних залуус гэрт нь дайрч орон биед нь халдаж, эд зүйл, их хэмжээний биет мөнгийг дээрэмдэж хэргийн газраас зугтсан талаарх мэдээлэл иржээ.

Хохирогч “Санхүү авна” гэх зарын дагуу залгаж, улмаар 26 настай “Х” гэгч эмэгтэйд гэрийн хаягаа зааж, гэртээ нэвтрүүлсэн ба удалгүй гаднаас хаалга тогшиж, Х гэгч гарахаар хаалга онгойлгоход гаднаас үл таних 2 эрэгтэй орж ирэн хохирогчийн биед халдаж эд зүйлсийг нь дээрэмдсэн гэх нөхцөл байдал тогтоогдсон байна.

Дуудлагын дагуу цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулсны үр дүнд тус хэргийг “Х, М, Т, У, И, Т” нар нь бүлэглэн үйлдсэн болохыг олж тогтоон, дайчлан баривчилсан байна.

Сэжигтэй этгээдүүдийн гэрээс хэргийн газраас алдагдсан эд зүйлсийг эд мөрийн баримтаар хураан авч, цагдан хорих 461 дүгээр ангид түр саатуулан холбогдох шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Урьдчилсан байдлаар сэжигтэй этгээдүүд болох 16-26 насны “Т, И, М, Х, У” нар нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг болох нь, мөн холбогдох шалгалтын явцад сэжигтэй этгээд 16 настай У гэгч нь цахим орчинд “Санхүү авна” гэсэн зараар дуудлагаар биеэ үнэлэх, хохирогч нарын мөнгийг нь авч зугатаах зэрэг хэрэг, үйлдлүүд урьдчилсан байдлаар тогтоогджээ.

Иймд дээрх үйлдлийн аргаар гэмт хэргийн хохирогч болсон иргэд Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст хандахыг зөвлөлөө.