Р.СЭДДОРЖ: Ардчилсан нам Өмнөговь аймгийг хөгжүүлэх “Нутгийн хишиг 2020-2030” хөгжлийн хөтөлбөрийг боловсруулсан

Улс төр

С.БОРОЛДОЙ

 

Өмнөговь бол эдийн засгийн хөгжил, улсад төвлөрүүлдэг татвар, хүн амын амьжиргааны түвшин, дэд бүтцээрээ манлайлж яваа аймаг.  Энэ удаа бид ярилцлагынхаа зочноор   Өмнөговь аймгийн Ардчилсан намын дарга, Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч Ренчинбямбын Сэддоржийг урьсан юм. 

 

-Өмнийн говьд энэ зун бороо хур жаахан татруу байлаа. Зуншлага тааруу болохоор өвлийг давах бэлтгэлээ намрын налгар шар наран дор амжуулах гээд ажил ихтэй байх шив? 

-Хур бороо их тааруу байсан болохоор хөдөөдөө намаржилт, өвөлжилт нэлээд хүндрэх төлөвтэй. Малчид аймгийнхаа баруун талаас зүүн, зүүн урд тал руугаа нүүдэллэж байна. Цаг амаргүй л байх шинжтэй. Гэхдээ хадлан тэжээлээ сайн нөөцлөөд авчихвал өвлийг өнтэй давах боломжтой. Хэд хоногийн өмнө бороо нэлээд орлоо. Ирэх хаврын өнгийг засчих болов уу гээд их л найдаж сууна даа.

-Уул уурхай, байгалийн баялгийн өгөөж хишгээр Өмнөговь аймгийн хөгжил үнэхээр хурдацтай байна. Энэ ч утгаараа танай аймаг улсдаа удаа дараа тэргүүлж яваад    нутгийн хүний хувьд сэтгэл дүүрэн байдаг биз?

-Тэгэлгүй яах вэ. Манай аймаг чинь аль эртнээс л улсдаа тэргүүлдэг байлаа. Тухайлбал, 1976, 1977, 1978 болон 2012, 2013, 2014 онд  жил дараалан улсын тэргүүний аймаг болж байсан. 2015 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонгоор шагнуулж байлаа. Тэгэхээр манай аймаг бол Улсын тэргүүний аймгаар тогтмол шалгардаг уламжлалтай байгаа биз.

-Бусад аймгуудыг бод­вол Өмнөговь төсөв бүр­­дүү­лэлтийн хувьд давуу талтай. Эдийн засгийн энэ чадамж аймаг ажлаараа тэргүүлэхэд нөлөөлж таарна аа даа?

-Тийм. Жишээ нь, сүүлийн гурван жилд бид Улсын тэргүүний аймгаар шалгарахаас ч өөр гарцгүй төсөвтэй байлаа шүү дээ. Бүх л бүтээн байгуулалт, иргэд рүү чиглэсэн ажил, төрийн бодлого шийдвэрийг амьдралд хэрэгжүүлэх ажил чинь тухайн аймгийнхаа төсөв мөнгөтэй шууд холбоотой байдаг. Сүүлийн дөрвөн жилд Өмнөговь аймгийн нийт төсөв л гэхэд 870 гаруй тэрбум төгрөг байлаа. 2012-2016 оны  үед буюу өмнөх дөрвөн жилд 200 гаруй тэрбумын төсөвтэй байсан аймаг сүүлийн дөрвөн жилд  870 гаруй тэрбумын төсөвтэй болсон нь илүү ихийг бүтээж, босгох том боломж байлаа.  

-Энэ их төсөв, хөрөнгийн зарцуулалт эдийн засагч мэргэжилтэй Таны хувьд санаанд чинь хүрэхгүй байгаа юм аа даа?

-Тийм тийм. Жишээ нь, сүүлийн гурван жилд бид Улсын тэргүүний аймгаар шалгарахаас ч өөр гарцгүй төсөвтэй байлаа шүү дээ. Бүх л бүтээн байгуулалт, иргэд рүү чиглэсэн ажил, төрийн бодлого шийдвэрийг амьдралд хэрэгжүүлэх ажил чинь тухайн аймгийнхаа төсөв мөнгөтэй шууд холбоотой байдаг. Сүүлийн дөрвөн жилд Өмнөговь аймгийн нийт төсөв л гэхэд 870 гаруй тэрбум төгрөг байлаа. 2012-2016 оны  үед буюу өмнөх дөрвөн жилд 200 гаруй тэрбумын төсөвтэй байсан аймаг сүүлийн дөрвөн жилд  870 гаруй тэрбумын төсөвтэй болсон нь илүү ихийг бүтээж, босгох том боломж байлаа.  

-Энэ их төсөв, хөрөнгийн зарцуулалт эдийн засагч мэргэжилтэй Таны хувьд санаанд чинь хүрэхгүй байгаа юм аа даа?

-Ер нь аймаг орон нутгийн хөгжлийг чухам юугаар хэмжих ёстой вэ гэдэг бодол надад байдаг юм. Барилга байшингаар хэмжих үү, боловсролын хүртээмжээр хэмжих үү, эмнэлгийн тоогоор нь хэмжих үү, иргэдийн орлогоор хэмжих үү, гүн өрмийн шинэ гаргасан худгийн тоогоор хэмжих үү. Ер нь юуг юугаар нь хэмжих вэ гэдэг асуудал. Нөгөө талдаа дөрвөн жилийн төсөв 870 тэрбум төгрөгөөр бид юу хийв, юу бүтээв гэдгээ бас бодох хэрэгтэй, эргэж харах учиртай болж байгаа юм. Ингээд бодоод үзэхээр жаахан харамсал төрдөг. Эдийн засагч хүний хувьд л хариулж байгаа юм шүү. 

-Өмнөговь аймгийн өнөөдрийн хөгжил гэнэт бий болоогүй. Бас өнгөрсөн дөрвөн жилд ч бий болсон юм биш гэдгийг орон нутгийнхан хэлж, ярьдаг. Одоогоос 12 жилийн өмнөх буюу Ардчилсан нам аймгаа удирдаж байх үед бол аймаг тун хүндхэн байсан биз?

-Өмнөговь аймгийн Ардчилсан нам 2008-2016 оны хооронд найман жил Өмнөговь аймгийг удирдаж ажилласан юм. Анх эрх барьж эхэлж байсан 2008 оны үеийн нөхцөл байдал ямар байсан гэж бодно. Аймаг гэрэл цахилгааны тасалдал ихтэй. Үүнийгээ дагаад байшин барилгууд өвлийн цагт хөлдөхөд хүрдэг байлаа. Мөн Цахилгаан станцгүй, дизель станцтай. Уурын зуух өвөлдөө ажиллаж энд тэнд л хар утаа суунагласан яндангуудтай  хэцүүхэн л аймаг байлаа. 2009 онд шиг санаж байна. Тухайн үеийн аймгийн удирдлагууд “Ер нь энэ аймаг цаашид яаж хөгжих ёстой юм бэ. Урт хугацааны төлөвлөлтөө байг гэхэд дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр боловсруулъя” гээд залуучуудтайгаа нийлээд “Өмнөговь аймгийн бүсчилсэн хөгжлийн хөтөлбөр” боловсруулсан. Ингээд 2010-2020 он хүртэл Өмнөговь аймаг хэрхэн хөгжиж болох талаар хөгжлийн зурагтай болж авсан. Ингээд л ажил эрчимжсэн дээ. Уурын зуухтай аймаг Дулааны цахилгаан станцтай боллоо. Төвийн эрчим хүчинд холбогдлоо. Шинээр 1400 гаруй айл шинэ орон сууцанд нүүж орлоо. Улаанбаатар-Даланзадгадыг холбосон авто замтай боллоо. Даланзадгад сумаа тэлэх бодлогын хүрээнд “Шинэ Даланзадгад” шинэ суурьшлын бүс байгууллаа. Бүх хатуу дэд бүтцээ бий болголоо. Хуучин гэр хорооллууд руугаа цэвэр бохирын шугамууд татаж эхэллээ.  “Өмнөговь аймгийн бүсчилсэн хөгжлийн хөтөлбөр”-ийн хүрээнд Даланзадгад-Гурвантэс чиглэлийн хатуу хучилттай авто замыг Баяндалай сум хүртэл 86 км тавилаа. Дулааны цахилгаан станцын хүчин чадал хүрэлцэхээ болиод ирэх үед нь нэмээд 3,2 МгВт-ийн хүчин чадалтай шинэ станцаар өргөтгөсөн гээд иргэнд чиглэсэн маш олон асуудлыг бодлоготойгоор бүтээгээд, босгоод явсан. Энэ үед аймгийн дөрвөн жилийн нийт төсөв нь 200 гаруй тэрбум төгрөг л байлаа шүү дээ. Өнөөдрийн Өмнөговь аймгийн хөгжил дэвшил бол өнгөрсөн он жилүүдэд энэ аймгийн төлөө шөрмөсөө сунатал зүтгэж ажилласан хүмүүс, Өмнөговь аймгийн Ардчилсан намын хамт олны л хичээл зүтгэлийн үр дүн гэж хардаг даа. Үүн дээр нэмээд шийдлээ хүлээсэн маш олон асуудлууд өнгөрсөн дөрвөн жилд овоорчихлоо. Одоо хурдтай шийдвэрлээд явахгүй бол цаг хугацаа биднийг хүлээхгүй.

-Өнгөрсөн дөрвөн жилд эрх  барьсан нам буюу танай аймгийн удирдлагууд хэр сайн ажиллав?

-Сүүлийн дөрвөн жилд аймгийн удирдлагууд маань хэрдээ чармайж ажилласан байж болох хэдий ч  яг үндсэн шийдвэрлэх ёстой бодлогын ажлуудаа хийж гүйцэтгэж чад­ан уу гэдэг асуулт гарч ирнэ.

-Сөрөг хүчний даргын хувьд Та яг асуултын хариултыг хэлнэ үү?

-Манай аймаг 15 сумтай. Үүнээс 12 сум нь Эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдсон байдаг. Харин баруун гурван сумаа Эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбох асуудал сүүлийн дөрвөн жил гацлаа. БНХАУ-аас  цахилгаан авдаг хэвээрээ л байна. “Өмнөговь аймгийн бүсчилсэн хөгжлийн хөтөлбөр 2010-2020” хөтөлбөрийн хүрээнд Баруун бүсийн сумд руугаа хатуу хучилттай авто замаар холбох ажил аль 2012 оноос эхэлсэн. Бид 2016 он хүртэл эрх барьж ажиллахдаа 86 км авто зам барьж ашиглалтад оруулсан. Гэтэл сүүлийн дөрвөн жилд энэ замыг Ардчилсан намын шахалт, санаачилгаар 20 км газарт л тавилаа. Даланзадгад сумын хувьд ДЦСтанцынхаа хүчин чадлыг нэмэх, гэр хороолол руугаа шинээр дулааны шугам татах асуудал дөрвөн жил гацлаа. Даланзадгад сумыг аялал жуулчлалын зангилаа хот болгоход шаардлагатай ОУ-ын нисэх онгоцны буудал барих асуудал гацсан хэвээр байна.

Өмнөговь аймагт Шинжлэх ухаан технологийн чиглэлийн их сургууль байгуулах асуудал хойшилсоор. Зүүн бүсийн сумдын гол судас болсон Шар тээгээс Цогтцэций сум хүртэлх 59,6 км авто замыг 2016 онд эхлүүлээд бид эрхээ шилжүүлсэн ч мөн л дөрвөн жил 1470 хоногт  ашиглалтад орсонгүй. Бид 2012-2016 онд 1400 айлын орон сууц барьж ашиглалтад оруулсан. Тэр үедээ орон сууцны үнийг 950-1,150 мянган төгрөгт барьж чадаж байлаа. Гэтэл сүүлийн дөрвөн жилд 200 хүрэхгүй айлын орон сууц шинээр баригдсан ч, нэг м,кв-ийн үнэ нь 1,8 сая төгрөгт хүрлээ. Дээрх хэдхэн жишээнээс харахад л өнгөрсөн дөрвөн жилийг “Алдагдсан он жилүүд” гэж томьёолмоор санагдаад байдаг юм.

-Сөрөг хүчин ч бас аймгийн төсөв хөрөнгийн зар­цуу­лалтад хяналт тавих үүрэгтэй. Сүүлийн дөр­вөн жилийн төсөв 870 тэр­бум төгрөгөөр иргэдэд наал­дац­тай, өгөөжтэй хийсэн ажил яг юу байна?

-Үнэхээр энэ их төсвөөр иргэдийн өмнө тулгамдсан олон олон асуудлыг шийдвэрлэх боломжтой байсан. Гэхдээ хэт их улстөржилт, хэт их гүтгэлэгт голлон анхаарсаар аймгийн төвийн хуучны хэдэн байшинг гаднаас нь будаж, гэр хорооллын айлуудын хашааг будаж л дөрвөн жилийг өнгөрүүлэх шив дээ. 

Ажил хэрэгт нь хэрэгтэй зөвлөгөөг хүлээж авдаггүй, зөрүүд, туйлшрамтгай, хүч түрэмгийлсэн он жилүүд л өнгөрлөө дөө. Мэдээж жил бүр хуучирсан сургуулийг засварлах, насжилт өндөртэй барилгыг дахин төлөвлөх гээд үндсэн хийгддэг ажлууд хийгдсэн. Гэхдээ илүү их боломжийг л бид алдчихсан даа.

-Сөрөг хүчнээ эс тоодог, олноор давамгайлдаг, түрэмгийлдэг байдал ч танай аймагт бугшчихсан хэрэг үү?

-Сөрөг хүчин бидний хувьд бүх зүйлийг эсэргүүцэж гацаахаас илүүтэй зөвлөөд, эвлээд явахыг л чухалчилсан. Харамсалтай нь манай эрх баригчид “дүлий цэрэг” гэдэг  л сонссонгүй дээ. Гэвч харамслаа гээд он жилүүд буцаж эргэхгүй. Одоо харин өнгөрснөө дүгнэх, ирээдүйгээ төлөвлөх нэн хариуцлагатай сонголтын үе тулаад байна. Ард түмэн минь бодлого уралдуулах байх.

-Энэ удаагийн Орон нутгийн сонгуульд Өмнөговь аймгийн Ардчилсан нам ямар мөрийн хөтөлбөртэй оролцож байгаа вэ. Өнгөрсөн дөрвөн жилийн алдааг засах хэмжээний мөрийн хөтөлбөр боловсуулж чадсан уу?

-Манай Ардчилсан нам 2020-2030 оныг дуустал Өмнөговь аймгийг хөгжүүлэх “Нутгийн хишиг” хөгжлийн хөтөлбөрийг боловсруулсан. Энэ хөтөлбөрөөсөө эхний дөрвөн жилд хэрэгжүүлэх бодлогын ажлаа мөрийн хөтөлбөр болгож иргэддээ санал болгож байна. Бидэнд нутгаа хөгжүүлэх төлөвлөгөө байна. Иргэдийн дэмжлэг ирээдүйн Өмнөговийн хөгжлийг тодорхойлно. 

Удирдагч хүнд нэг зан байвал зохимжтой санагддаг. Тэр нь юу вэ гэвэл хүнийг ялгаж харилцаж л болохгүй. Яг түүнтэй адилхан “Нутгийн хишиг” хөтөлбөрийн зүйл заалт болгон, үг, үсэг бүхэн ирээдүйн Өмнөговь аймгийн хөгжлийн хурдасгуур юм. Тэгэхээр тэр энэ гээд онцлоод байх зүйлгүй. Мөрийн хөтөлбөрийн бүх л зүйл заалтууд нь иргэд рүү чиглэсэн, иргэдийн орлого, халамж, боловсрол, эрүүл мэнд, амьдрах орчин, дэд бүтцийг сайжруулахад чиглэсэн, аймаг орон нутгаа үсрэнгүй хөгжил рүү хөтөлсөн бодлогын баримт бичиг болсон. Одоо хамгийн гол нь иргэд маань бидний санал болгож буй “Нутгийн хишиг” мөрийн хөтөлбөрийг чухалчлан уншаасай гэсэн хүсэл байна.

-УИХ-ын сонгуулиар танай аймгаас АН нэг суудал авсан. Урьдын туршлагатай, орон нутгаа сайн мэдэх гишүүний үүрэг, нөлөө орон нутагтаа хэрхэн тусч байна даа?

-УИХ-ын гишүүн Даш­дэмбэрэлийн Бат-Эрдэнийн хувьд ажлаа маш сайн хийж байна. Дээр хэлсэн Шар тээгээс Цогтцэций хүртэлх 59.6 км авто зам төсөв хөрөнгөгүй болоод гацсан байсан. УИХ-ын гишүүн компанийн удирдлагуудтай уулзаад гарц гаргалгааг нь зааж, зөвлөөд, ажил их эрчимтэй өрнөж байна. Энэ сард нээчих болов уу гэсэн хүлээлт байна. Мөн УИХ-ын ээлжит бус чуулганы үеэр нутаг орноо төлөөлж, иргэдээ хамгаалж эрх баригчдаас их л асуулт асууж, шаардлага хүргүүлж ажиллалаа. Цаашид ч илүү эрчимтэй ажиллана гэдэгт бид итгэж байна.

...Зүүн бүсийн сумдын гол судас болсон Шар тээгээс Цогтцэций сум хүртэлх 59,6 км авто замыг 2016 онд эхлүүлээд бид эрхээ шилжүүлсэн ч мөн л дөрвөн жил 1470 хоногт  ашиглалтад орсонгүй. Бид 2012-2016 онд 1400 айлын орон сууц барьж ашиглалтад оруулсан. Тэр үедээ орон сууцны үнийг 950-1,150 мянган төгрөгт барьж чадаж байлаа. Гэтэл сүүлийн дөрвөн жилд 200 хүрэхгүй айлын орон сууц шинээр баригдсан ч, нэг м,кв-ийн үнэ нь 1,8 сая төгрөгт хүрлээ. Дээрх хэдхэн жишээнээс харахад л өнгөрсөн дөрвөн жилийг “Алдагдсан он жилүүд” гэж томьёолмоор санагдаад байдаг юм.

 

-Цаг зав гарган ярилцсан Танд баярлалаа.