Дүрсгүй багачуудыг элгэндээ наадаг Д.Санчигсүм багш

Нийгэм, Эдийн засаг

Зөөлөн дуутай, сургуулийн хаалгаар ормогц хэдэн настайгаа мартдаг эгэл нэгэн багшийг орос хэлний Санчигсүм гэдэг. Тэрбээр ажил амьдралынхаа гарааг 1985 онд Өвөрхангай аймгийн Богд хэмээх говийн сумаас эхлүүлжээ. 

Түүний хүүхэд насны мөрөөдөл эмч. Гэвч дөрөвдүгээр ангид  нь орос хэл хэмээх чихнээ сонсголонтой хичээл орох болсноор  орос хэлний багш болохоор хатуу шийдсэн гэдэг. 

Өөрөө хүүхдээс ялгарахгүй шахам 21-тэй бүсгүйд хүүхэдтэй ажиллахад эхэндээ хэцүү байсан гэнэ.Хэцүү,дүрсгүй хүүхдүүдийн арга эвийг олж чадахгүйдээ бухимдан ширээгээ дэрлээд уйлж явсан өдөр байсан шүү гэж хэлээд Санчигсүм багш тэрүүхэндээ инээмсэглэсэн.  Багшаар овоглосон цаг хугацаандаа хичээлээ сайн заахын төлөө, сайн багш болохын төлөө хичээсээр ирсэн.  Багш хүн зөвхөн  хичээл заах биш сурагчдыг хэрхэн зөв хүмүүжүүлэх, тэдний  эцэг эхтэй хэрхэн харьцах тал дээр  мөр зэрэгцэн ажиллах багш нартайгаа ярилцаж, зөвлөлддөг байлаа.  Хүүхдүүд гадаад хэлний хичээл үзсэн эхний жилд идэвхитэй оролцдог болохоор  тэр л агшин багш хүн алдаж болдоггүй юм гэж тэрбээр залуу багш нарт захисан. 

Санчигсүм багш олон арван  шавь нар төрүүлсэн бөгөөд тэдний ихэнх нь  хилийн чинадад дээд боловсрол эзэмшсэн гэнэ.  Аймаг, улсын чанартай  орос хэлний олимпиадад шавь нар нь амжилттай оролцож,  Богд сум,  сургуулийнхаа нэрийг мандуулж ирсэн  шавь нар нь эдүгээ  амьдрал дээр ч  онц дүн авсаар байгаад  тэрбээр тэргүүнээ өргөж, дээгүүр харан бардам явдгаа нуугаагүй.   Химийн шинжлэх ухааны доктор Бат-Эрдэнээрээ бахархаж явдгаа онцолсон. Шавь нар нь  засаг дарга, эмч, багш, цэргийн зүтгэлтэн,  хуульч, худалдааны төлөөлөгч гээд бүхий л салбарт амжилттай ажиллаж, үе үе багш руугаа утас цохиж хэрхэн ажиллаж, амьдарч яваагаа, хэнд нь  анги хамт олны тусламж хэрэгтэй байгааг хэлдэг  байна. Бас жаргал зовлонгоо хуваалцах нь ч бий.   

Залуу багш нартаа хандаж хэлэхэд, багш хүн  өөрийгөө олон сувгаар хөгжүүлж, сурч мэдсэн  зүйлээ байнга дээшлүүлж байхын  зэрэгцээ хамгийн гол нь хүүхэдтэй ажиллах эв дүйтэй,  хүүхдэд хайртай, харьцаа хандлаг дээрээ үргэлжанхаарч ёс суртахуун гоо зүйтэй байж гэмээн түмэнд хүндлэгдсэн Ардын багш байдаг юм шүү гэснийг уншигч танд дамжуулъя. 

Монголын багш нартаа болон хамт ажиллаж байсан Чингэлтэй дүүргийн багш нартаа, Өвөрхангай аймгийн Богд сумын хамт олондоо Багш нарын  баярын мэнд хүргэж аз жаргал эрүүл энхийг хүсэн ерөөе хэмээсэн. 

Танд ч баярын мэнд дэвшүүлье.   

Э.БАТ-ЭРДЭНЭ