Дандаа ялдаг Сараа

Нийгэм, Эдийн засаг

Хүн төрөлхтний  нэрт  физикч, хатагтай  Мари Кюригээс дурдатгалаа бичсэн эсэхийг асуухад “ Хувь хүний тухайд хэн ч хуудсыг нь эргүүлэхгүй сонирхолгүй ном байх болно.  Харин  бүхий л сэтгэл оюунаа зориулсан физикийн шинжлэх ухааны  ололтын тухай бол өөр хэрэг шүү.  Өөрийнхөө тухай бус нөхдийнхөө тухай бичих өдөр ирэх байх аа”хэмээн хариулсан гэдэг. Мари Кюригийн  хийсэн  нээлт  тухайн цаг үедээ дэлхийг  шуугиулж, эрчүүд   атаархахдаа  элдэвлэж байсан хэдийч  хорвоогоос буцах хүртлээ физикийн  шинжлэх ухааны хөгжил, цэцэглэлтэд сэтгэл зүрхээ зориулсан  гавьяатай нэгэн. Түүний  тэвчээр, эр зоригийн дээсийг хэн ч давж чадаагүй. Мари Кюри энэ цаг үед төрсөн бол шинжлэх ухааны салбарт од болон гялалзах байсан юм.     Өнөө цагт ч ялгаагүй, эмэгтэйчүүдийн эрх өдөр бүр зөрчигдөж,  үүгээр нийгмийн анхаарлыг татаж нэр төр ологчдын тоо нэмэгдсэн үү гэхээс зөрчигдөж хохирсон  эрхүүд хорогдоогүй.  Шинэ цагийн Монгол Улс 1990  оноос эдийн засгийн хөгжилд л анхаарлаа хандуулж ирснээс хүнийхээ хөгжлийг орхигдуулж ирсний гай энэ ч байж мэднэ.  Монгол Улс нэгэнт л эргэлт буцалтгүйгээр  ардчиллын замыг  сонгосон юм бол ирээдүй хойч үеийнхээ төлөө санаа зовних учиртай. Магадгүй энэ нь  эмэгтэйчүүдийн санал санаачилга, оролцоон дээр оршихыг үгүйсгах аргагүй. Тэгэхээр  эмэгтэйчүүдэд өгүүлшгүй их нөөц боломж, хүч чадал  байгаа гэсэн үг. Энд  түүний хэн байх нь төдийлөн сонин биш. Олонд танигдсан эсэх, хийж бүтээсэн намтар түүх  нь ч хамаагүй.  Гагцхүү бусдын төлөө асаалттай “танк”лугаа зүтгэдэг зүтгэл нь юу юунаас илүү чухал билээ. Тийм  нэгнийг түмэн хүрээлэх нь бий.  Чанаравын Саранчимэг бол түмнээр хүрээлүүлсэн багийн Засаг дарга. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буур хээр наймдугаар  багийн Засаг даргаар 2011 оноос ажиллаж буй нэгэн.  

Саранчимэг хаа очиж, ямар алба хашиж, юуны төлөө зүтгэхээ мэддэг нь олзуурхууштай.   Яагаад олз хэмээсэн гэвэл  өмнө нь багийн  Засаг дарга нарыг өөрийн гэх толгойгүй, өндгөө дарсан тахиа шиг дээрээс ирэх шийдвэрийг хүлээж хэвтсээр дараагийн сонгуультай учирдаг толгойгүй хиа нар хэмээн шүүмжилдэг. Ингэснээр  аймгийн удирдлагыг баалж, Саранчимэгийг мандуулах гэсэнгүй. Тогтолцоо нь өөрөө ийм юм.   Сэлэнгэ аймаг бол Монгол Улсын хойд хил. Монгол Улсын нүүр царай. Улсын хөгжил аймгаас, аймгийн хөгжил сум, багаас эхлэх ёстой.   Тиймээс л Ч.Саранчимэгт  улс орноо хөгжүүлэхэд  сэтгэл оюунаа зориулах алтан боломж олдож байгаа хэрэг.  Улсын хөгжил гэхээр дааж давшгүй ачаа мэт сонсогдож болох ч булан тохойноос ч болов өргөлцөх юмсан гэсэн хүсэлтэй хүнд бол үүрээд явж болох ачаа.  

Тэр нийгмийн хамгийн эмзэг сэдэв болсон гэр бүлийн хүчирхийлэлийн дуу хоолой болж,  амьжиргааны баталгаажих  төвшингөөс доогуур орлоготой өрхийн тоог бууруулахын төлөө чадах бүхнээ зориулах гэнэ. Үүний төлөө  аймаг, сумынхаа ИТХ-д нэр дэвшиж байгаа. Багийн Засаг даргын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил. Тэрбээр бүрэн эрхийнхээ хугацаанд өөрийн багийн нутаг дэвсгэрийг хур хогоос нь салгаж чадсан төдийгүй 2011 онд Монгол Улсад Ахмадын байгууллага үүсч хөгжсөний 80 жил ,Сэлэнгэ аймагт Ахмадын байгууллага байгуулагдсаны 40 жилийн ойг угтсан Үзэсгэлэнд багаараа гуравдугаар  байр,2012 ,2014,2016 ,2017  онуудад ” Шинэ ургац -Шинэлэг санаа” үзэсгэлэнд “Хамгийн их бүтээгдэхүүнтэй баг”,2014 онд Сэлэнгэ аймаг “Шилдэг аймгаар шалгарахад оруулсан хөдөлмөр бүтээмжийг үнэлж аймгийн Засаг даргын  талархал,2014 онд “Шилдэг багийн Засаг дарга”-аар, 2015 онд “Хүүхдэд ээлтэй баг”-аар,  2015 онд Сэлэнгэ аймгийн хэмжээнд зохион байгуулагдсан  “Нэг баг-нэг агт” арга хэмжээнд  багийн өрхүүдээ  амжилттай зохион байгуулан оролцож Монгол Улсын баатар Жадамбын Нэхийтийн нэрэмжит хилийн 0101-р ангийн захирагчийн талархал, МУЗГ-аас хэрэгжүүлсэн хог хаягдын 3 R зарчмыг хэрэгжүүлэх ажилд тэргүүн байр эзэлж Сэлэнгэ аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газараас талархал,2016 онд ДЗМОУБ Сэлэнгэ ОНХХ-с зрласан “Бусдын төлөө”аянд тэргүүн байр эзэлсэн,”2019 онд Монгол Улсад  Статистикийн байгууллага үүсч хөгжсөний 95 жилийн хүрээнд зарласан “Хүн ам өрхийн мэдээллийн сангийн баяжилт шинэчлэлт 2019”аянд “Тэргүүн байр “2019 онд Нутгийн өөрөө удирдах байгууллагын “Хүндэт өргөмжлөл “-ийн эзэн болсон нь Ч.Саранчимэг Засаг даргын хэн болохыг тодорхойлох буй за.  Эндээс нэг зүйлийг анзаарч болохоор, багийн Засаг дарга хэдий ч удирдан чиглүүлэгч хүн өөрөө хүсвэл багийнхаа иргэдийн хувь хүний хөгжилд ихээхэн анхаарч ирсэн байгаа биз. Хүний хөгжил мэдлэг, мэдээлэлтэй байхаас эхэлнэ. Ирээдүйн боловсрол, мэдлэгтэй,  хүмүүжилтэй иргэдийг бий болгохын тулд тэрбээр  амьдралынхаа есөн жилийг буур хээрийн иргэдэд зориулжээ хэмээн дүгнэж болохоор. Учир иймээс Ч.Саранчимэгээс багийнх нь иргэд өшөө илүү их зүйлийг хүлээдэг байж мэднэ. Түүнчлэн энэ хатагтайгаас  өнгөрснийг бус ирээдүйг нэхэх хэрэгтэй гэсэн үг.  Сэлэнгэчүүд  ч  “Энэ алаг нүдтэй жавхаалаг бүсгүй  юу хийж чадах бол” гэж тэнсэн ширтэж байгаа биз ээ.  

Шинэ бус хуучин хүн 

Монголчууд дээлийн шинээс хүний хуучин нь гэдэг.   Ч.Саранчимэгийг сэлэнгэ түмэн андахгүй.  Өрсөлдөгч нар нь  амбицтай, Ардчилал, хүний эрх гэхээр дуу нь чангардаг гэж ирээд   шүүмжлэх нь бий.   Тархи нь задгай сэтгэдэг учраас мань хүн бусдаас түрүүлж хөдөлдөг  тэр байх.  Угтаа бол амбиц бол зорилго юм.  Зорилго, тэмүүлэл, золбоо хийморьгүй сажилж явахын оронд  бүтээх хүсэл шунал, өөрчилж шинэчлэх ад шуналд автаж явах нь Саранчимэгийн үндсэн төрх байхыг үгүйсгэхгүй.  Өөрөө болохоор “Гэр бүлийн хүчирхийлэл, ядуурал, ажилгүйдэл, өрх бүр орлоготой байх, хувь хүний хөгжлийн тухай ярих нь амбиц, улс төржилтийн аль нь ч биш.  Харин хүүхэд,  эмэгтэйчүүдийн нэрийг барьж, ашиг хонжоо харж, улс төрийн зорилгоор ашиглах үйлдэлтэй хэзээ ч эвлэхгүй” гэж чангаас чанга дуугаар мэдэгдсэн. Үүнийг нь хувь хүний амбиц гэж нэрлэж, аймаг, сумын ИТХ-д эмэгтэйчүүдийн төлөөл байх ёстой гэх шаардлага гэж ойлгох хоёрт агуулгын зөрүү байхгүй л болов уу.  Тэр ИТХ-д  шинэ бус хуучин хүн. Түүний амьдралд гоёчлоод байх зүйлгүй энгийн.   Төв аймгийн Баянзүрх сумын Энгэр Шанд гэдэг газарт 1969 онд Х.Чанравын тав дахь  охин болж мэндэлсэн. Аав ээж нь чухамхүү сайхан сэтгэлтэй, хүнлэг, ажилсаг хөдөлмөрч хүмүүс байсны нөлөөгөөр бусдын сайн сайхны төлөө сэтгэл оюунаа зориулж явдаг нэгэн болж  өссөн нь маргаагүй.  Багадаа  эцэг, эхээсээ өнчирч  хоцорсон хүний хувьд дутагдах гачигдах, ядарч зүдрэхийн зовлонг туулж л гарсан байж таарна.  Эмэгтэй  хүний нийтлэг зан болох намуун дуулгавартай, намжиртай ялдам зангаас илүүтэй түс тас  гэх  өнгө аяс, шийдэмгий  зөрүүд  хэв маяг Ч.Саранчимэгийг илэрхийлдэг. Тэр өөрийнхөө хийж гүйцэтгэсэн, санаачилж ажил хэрэг болгосон ажлуудаа олонд зарлаж, тунхаглаад байдаггүй.  Үүнийгээ багийн Засаг дарга хүний хийх ёстой ажил гэж үздэг.  Өнөө цагт шийдлээ хүлээж буй,  засч залруулах, сайжруулж, хөгжүүлж, өөрчлөх олон асуудал бий. Чухам үүний гарц гаргалгааг  Ардчилсан  нам  мөрийнхөө хөтөлбөрт тусгадаг болохоор тэрбээр энэ намд итгэл, сэтгэлээ өгсөн болов уу.  Магадгүй тэр л эмэгтэйчүүдийнхээ өмнөөс гал, ус руу харайж  ороод гавьяа байгуулах хувьтай ч байхыг үгүйсгэхгүй. Одоо тэр улс төрийн хатуу тавцангийн суурь болох орон нутгийн  сонгуульд АН-аас нэрээ дэвшүүлжээ. Бооцоо нь Сэлэнгийн  хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүд. Ийм өндөр бооцоотой хүн Сэлэнгэ аймагт түүнээс  өөр байхгүй байх.  Сэлэнгэ аймгийн ИТХ-д  хэдэнтээ төлөөлөгчөөр  сонгогдсон Ч.Саранчимэгийн хэтийн зам төсөөлснөөс ч хол явж мэднэ. Тэр  иргэдийнхээ төлөө ялагдаж үзээгүй юм. 

...Тэрбээр АН-д 1996 онд,   хүнээр бол дөнгөж  хорвоог таниж мэдэх гэж  тэмүүлж яваа тавхан настай  намд   гишүүнээр элсчээ. Монгол Улсад ардчилал  төлөвшиж, бэхжихэд хувь нэмрээ оруулж,  яваа  үзэл бодолдоо үнэнч нэгэн. Ядарч, гудамжинд гарсан байхад нь үзэл бодлоосоо урваагүй  гишүүн.  Түүний улс төрийн замналыг сонирхох аваас 1996-2020 он  Монголын Ардчилсан Холбооны гишүүн, 2010-2020 Ардчилсан намын Сүхбаатар сумын намын хорооны гишүүн,  2016-2020 Ардчилсан намын Сэлэнгэ аймгийн намын хорооны тэргүүлэгч гишүүн, 2017-2020 Ардчилсан намын Сүхбаатар сумын Ардчилсан  намын хорооны дэд даргаар тус тус ажиллажээ.  Үүний араас түүний улсад хүчээ өгсөн намтар “1985-1989 онд Дархан хотын БТК-ыг Барилгын техникчээр төгсч  ажил амьдралынхаа гарааг  Сэлэнгэ аймгийн Цахилгаан Барилга угсралтын IY конторт мастераар эхэлж, Алаг хайрхан ХХК –д нярав , Орхонтуул  сумын 24-р цэцэрлэгт багш/1998,1999 онд сумын хөдөлмөрийн аварга багш/, 2002-2010 онд Буян-Учрал ББН-д менежер,2010 оноос  Буурхээр YIII багийн Засаг даргаар ажиллажээ...

М.ДАВАА