ГҮҮРИЙН БАРИЛГЫН ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ

Нийгэм, Эдийн засаг

Монгол Улсад гүүр барилгын салбарт  цоо шинэ эрин үе эхэлж, хот дотор том хэмжээний магистрал гүүр барьдаг боллоо. Нөгөө талаар өнгөрөгч зуны ус, борооноор гурав, дөрвөн төмөр бетонон гүүр эвдэрлээ. Энэ бүхэнтэй холбогдуулан Монголын Гүүр барилгын холбооны тэргүүн, зөвлөх инженер Б.Эрхэмбаяртай ярилцлаа. Монголын гүүрийн барилгын загалмайлсан эцэг гэж болох энэ хүнтэй өөрийн нь тухай, гүүрийн тухай хөөрөлдсөн минь энэ. 

Гүүрийн гурван инженер нэг гэрийнх

-Бид замын салбарынхныг бол хамгийн сайн мэддэг. Гэтэл зөвхөн гүүр барьдаг, зураг төсөл гаргадаг хүн гэхээр сонин байна. Таны амьдрал гүүртэй хэрхэн холбогдов. Хаана ямар сургуульд төгссөн?

-Ховд аймгийн 10 жилийг 1971 онд төгссөн. Гадаадын таван хуваарь ирсний  дотор гүүрийн инженернэсэн хуваарь байсан юм.  Тэгээд өрсөлдөөд математикийн улсын шалгалтан дээр ганцхан хүүхэд онц авсан нь би байсан болохоор  намайг сонгосон. Ингээд Эрхүү хотод нэг жил хэлний бэлтгэл хийгээд дараа нь Москвад зам гүүрийн техникийн их сургуулийг төгссөн дөө. Энэ үе ёстой гайхамшигтай үе байсан, миний хувьд. Хичээл заадаг багш маань Шинжлэх ухааны гавъяат ажилтан, доктор профессорууд байлаа. Намайг “Чи социалист орноос ирсэн учраас сайн сурах ёстой” гэнэ. Би ч нэр хичээсээр, маш сайн төгссөн дөө.

-Ингээд л гүүрийн инженер болж. Ажлаа юунаас эхэлж байв даа?

-Баянхонгор аймгийн Байдрагийн гүүрээс хамгийн анхны ажлаа эхлүүлж байлаа. 108 м урттай төмөрбетон гүүр.1982 онд ашиглалтанд орсон одоо хүртэл найдвартай ашиглагдаж байгаа. Хэдий зургийн инженер ч гэсэн чи энэ гүүрийг өөрийн биеэр удирдаж ашиглалтад оруулах даалгаварыг авч амжилттай ашиглалтад өгсөндөө баяртай байдаг.

-Энэ хугацаанд хэчнээн гүүр барьсан байх юм?

-2019 онд авто замын 90 жилийн ойн үеэр судалж үзэхэд миний зураг төслийг нь гаргаж, барилцсан 250-иад гүүр байна. Үүнээс гадна ямар нэг байдлаар оролцсоныг тооцвол бараг нийт гүүрийн 90% байна. Гүүр барина гэдэг буянтай үйл  л дээ. Иргэдийн аюулгүй тайван зорчих боломжийг бий болгож цаг завыг хэмнэнэ, туулах замыг товчилно, ингэснээр улс орны хөгжлийн томоохон түлхэгч хүч болдогоороо сайхан байдаг юм. Монгол Улсад өнөөдөр 800 гаруй гүүр байдаг юм, бид дөрөвний нэгийг нь барихад гар бие оролцож дээ. 

-Та талбайгаар яваад, зураг төсөл боловсруулаад, хичээл заагаад хоногт хэдэн цаг ажилладаг юм бэ?

-Янз бүр дээ. Яг хоногт төдөн цаг гэх юм алга. Харин надад хагас сайн, бүтэн сайн гэж байдаггүй юм.  Юу сэтгэлд орж ирнэ түүнийг заавал нягтлан тооцно. Ажлын өдөр байнга 2-3 инженер ирж зөвлөлгөө авдаг жишиг тогтоод байна. Энэ бол манай залуу боловсон хүчинд ахмадаас суралцах маш сайн жишиг юм. Өөрийгөө байнга боловсруулж, дэлхийн хөгжлөөс хоцрохгүйн тулд цахим ертөнцөөр аялж бусдаас суралцахыг  эрхэмлэхийг байнга зөвлөдөг юм.

-“ГБЭТ” ХХК Монголын гүүрийн барилгын ажилд оруулсан хувь нэмэр мэдээж их. Бүгдийг тоочно гэвэл бараг­дахгүй тоймьой хэдэн баримт хэлнэ үү?

-Манай компанийн гүүрийн барилгыг салбар оруулсан хувь нэмэр гэвэл их л гэхээс өөр аргагүй юм. Тодруулж, илэрхийлбэл дараах хэдэн зүйлийг хэлэхэд л хангалттай байх.

1. Гүүрийн анхны сурах бичгийг боловсруулж гаргасан,

2. Гүүрийн төлөвлөлтийн анхны нормыг боловсруулсан,

3. Ерөөгийн гүүрэнд их засвар хийх үед анхны шинэ бүтээл гаргаж нэвтрүүлсэн ба энэ нь олон улсад баталгаажсан,

4. Хүчитгэсэн алгаслал байгууламжийг анх нэвтрүүлсэн,

5. Сэлэнгэ мөрний 437 ум гантөмөр бетон гүүрийн зураг төслийг боловсруулж нэвтрүүлсэн нь анхны ган төмөр бетон бүтээц байлаа. Энэ гүүр Монголын хамгийн урт гүүрэнд тооцогдож байгаа. Ашиглалтад авахад 35 тоннийн жинтэй 4 машиныг зэрэгцүүлэн тавьж тест шалгалтыг хийсэн нь ололт амжилт байлаа.

6. Улсын хэмжээнд байгаа явган зорчигчийн нүхэн гарц, олон улсын жишигт нийцсэн гүүрэн гарц анх нэвтрүүлсэн гээд маш олон ажлыг хэлэхэд таатай байна. Энэ бол биднийг бусдыг ардаасаа үлгэрлэн дагуулж байгаа хувь нэмэр юм.

-Монголын төмөр замын захиалгаар “ГБЭТ” ХХК гүүрийн барилгын бүх ажлыг хийж гүйцэтгэсэн юм билээ. Энэ ажлын гүйцэтгэлд ер нь баталгаа гаргаж өгнө биз?

-Бид өнөөдрийн байдлаар төмөр замын нийт 33 гүүрийн зураг төсөл боловсруулж үндсэндээ 100% баригдсан гэж хэлмээр байна. Бид өөрийн боловсруулсан зураг төсөлд 100 хувь баталгаа өгнө. Гүүрийг тооцохдоо зөвхөн үер усанд тэсвэртэй байх болон тээврийн хэрэгслэлийг нэвтрүүлэхээс гадна маш олон нөхцлийг давхар авч үздэг юм. Жишээ нь, гүүрэн доогуур мал амьтан чөлөөтэй гаргах, бүс нутгийн тээврийн хөдөлгөөнийг нэвтрүүлэх, байгаль экологийн тэнцвэрийг хадгалах гэх мэт. Жишээ нь цагаан зээр бол сүргээрээ нүүдэлдэг амьтан. Зам хөндлөн гарахдаа сүргээрээ л гардаг юм. Иймд харьцангуй урт гүүр заавал хэрэгтэй болно. Энэ нь нормд тодорхой заагаагүй учир зөв шийдэл гаргах хэрэгтэй л болдог юм.

Гүүрийг ашиглалтад хүлээлгэн өгөхдөө бат бэхийн болон ачааллын туршилтыг хийлгэж байгаа. Энэ ажлын анхдагч нь бид юм. Энэ бол бас л нэг баталгаа болно.

-Гадны инженерүүд, мэргэжил нэгтнүүдтэй хэр холбоотой ажиллаж байна вэ?

-Холбоотой, холбоотой, Энэтхэг, Казакстан, Орос, Солонгос, Хятад гээд зөндөө л байна даа. Тэднээс сурах ч юм байна, зарим нь ч надаас сурдаг л юм. Зүүнбаян-Тавантолгойн төмөр замын дам нурууг би тооцож зургийг нь гаргасан. Тө­мөр замынхан  солонгосын нөх­дүүдээр дүгнэлт гаргуулсан байна лээ. Боломжийн сайхан дүгнэлт гарсан. ОХУ-ын мэргэжилтнүүд ирж бас санал солилцсон. Тэд маш өндөр даацтай, сайн үзүүлэлт хангасан болохыг илэрхийлсэн. Тооцоонд 20-иод үзүүлэлт шаардлага хангасан байх ёстой, дээр нь нормдоо 100 хувь захирагдсан л байх ёстой. 

-Ямар ч сал­барын зохиог­чид­той уулзахад миний энэ нэг бүтээл л сай­­хан болсон гээд түүн­дээ хайр­тай, түү­гээ­рээ бахархдаг. Танд ч бас тийм бү­тээл байдаг л байх?

-Олон юм байна. Мян­ганы зам дээр байгаа, Ховдын Шургын го­лын гүүрэнд  анх­ны­хаа “Ай” хэлбэрийн дам нуруу хэрэг­лэ­сэн. Хоёр дахь нь Завхан гол дээр байгаа Сар хайрханы 42,5 метрийн анхны хүчит­гэ­сэн алслалттай гүүр, Горхи Тэрэлжийн гол дээр байгаа Горхийн гүүр байна. Одоо манай зургаар боловсруулсан 24 метрийн урттай хүчитгэсэн дам нурууг бусад компаниуд олон ч гүүрэнд ашиглаж байна даа. Булган аймгийн Сэлэнгэ сумын Сэлэнгэ мөрний гүүр энэ бол манай бас л нэг сор болсон бүтээл дээ. Ихэвчлэн манай зургийг л хуулдаг, гэхдээ би зөв хуулаарай л гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл, зөв хуулаад чанартай, сайн юм хийгээрэй л гэсэн үг. Одоо Зүүнбаян Тавантолгойн  төмөр зам дээр хүчитгэсэн нурууны нумралт хоёр см гэж тооцоолоход, үйлдвэрлэл дээр нь манай хүү Тодгэрэл очоод хүчитгэх ажиллагааг  шалгахад яг л таарч байгаа. 

-Та гүүрийн барилгын инженер. Тэгээд хүү, охин хоёрыгоо өөрийн мэргэжлээр сургажээ дээ. Та хүүхдүүдээ танилцуулна уу?

-Манай охин Байгаль, хүү Тодгэрэл хоёр хоёулаа мэргэжлийг минь өвлөж авсан. Байгалийг анх 10 дугаар анги төгсөхөд нь тулгаж байгаад Гүүрийн инженерийн ангид оруулсан. Хүү Тодгэрэл АНУ-д сургууль төгссөн. Энд ирэнгүүт нь “Монголынхоо хөрсөн дээр байх хэрэгтэй” гээд  ШУТИС-д дахин сургасан. Хүүгээ Зүүнбаян-Тавантолгойн төмөр замд сайн ажиллаж байгаа гэж үзэж байгаа. Гэхдээ энэ хүүхдүүдэд  өгч байгаа сургалт гэдэг маань ганц хоёр жилийн юм биш, байнга л миний өгч байгаа команд, зөвлөгөө юм даа.

Өнөөдөр хүү, охин хоёроороо бахархаж сууна. Эд маань бие дааж тооцоо хийж, зураг төсөл боловсруулах ажилд бүрэн суралцсан. Би өнөөдөр зөвлөгч л болсон шүү дээ.

-Тодгэрэл инженер одоо юу хийж байна?

Тодгэрэл  одоо Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын 27 гүүрэн дээр зохиогчийн хяналт хийгээд, бүрэн хариу­цаад, зураг тооцооны дагуу байгаа эсэхэд хяналт тавин ажиллаж байна. Үүний зэрэг­цээ инженерүүдэд сургалт, зөвлөлгөө байн­га өгч байгааг харахад бахархууштай бай­на. Энэ ажил нь 83 хувьтай явж байгаа. Энэ оны аравдугаар сарын 30 гэхэд бүрэн дуус­на. Эхнээсээ галт тэрэг явж эхэлж байна. 

-Харин Байгаль инженер?

Байгал олон арван гүүрийн зураг төсөл боловсруулах ажлыг үндсэнд нь хариуцаж ирсэн. Нэрлэвэл олон л гүүр байна даа. Сүүлийн үед Яармагт баригдаж байгаа Хотын захиргааны дэд төвийн гүүрэн гарц дээр ажиллаж байгаа, хажуугаар нь докторын ажил дээрээ сууна. Манай охин Сансарын колонкийн дэргэдэх явган зорчигчийн гүүрэн гарцын зураг төслийг бие дааж хийсэн, өнөөдөр УБ хотод шаардлага хангасан явган зорчигийн ганц л гүүр байгаа нь энэ шүү дээ. Ашиглалтад өгөхөд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн төлөөлөл хүртэл оролцсон.

Гүүрийн зураг төслийн норм хуучирсан

-Зам, гүүр барихад зураг төслөөс бүх ажил эхэлдэг. Манайд зураг төслийн ажлыг хэр чанартай хийдэг юм бол. Төмөр бетонон гүүр яагаад нэг удаагийн үерээр эвдэрч байна вэ?  

-Зураг төсөл тооцооны хувьд бол зохих ёсоор хийгдэж байгаа. Гэхдээ тодорхой компани, зам, барилгын  байгууллагууд хангалтгүй байгаа нь үнэн. Эвдэрч байгаа гүүрүүдэд зураг төсөлтэй холбоотой зүйл ч байна, холбоогүй асуудал ч байна. Бас байгаль цаг ууртай ч холбоотой юм байгаа. Уг нь  гүүрийн зураг төсөл хийхдээ тооцохгүй байна гэж байхгүй ердөөсөө тооцоо бол тооцоо. Тооцоо бол баталгаа юм. Гүүр бол ил задгай орчинд, тээврийн олон зуун давтамж бүхий ачааллыг байнга өөрөөрөө дамжуулан нэвтрүүлж байдаг маш онцлогтой байгууламж юм. Тооцоонд ус зүй, хөрс, гадна орчны нөлөөлөл гэх олон зүйлийг харгалзан үздэг байгууламж, барилгатай адил тэр болгон нэг маягийн зураг хэрэглэдэггүйгээрээ онцлогтой. Ашиглалтын хугацаа авто замд 100 жил, төмөр замд 300 жил гээд л бодол доо. Энэ бол маш өндөр хариуцлага шүү дээ.

-Жишээлбэл, тухайн гол эсвэл тухайн хөндий жилдээ төдий хэмжээний хур тунадас унадаг, үерлэхээрээ төдий эрчтэй км секундын хүчтэй үер орж ирдэг гээд  нарийн тооцоо хийдэг үү?

-Гүүр гэдэг бол нэг талаасаа усны барилга байгууламж нөгөө талаасаа зам тээврийн барилга. Энэ бүхнийг тооцдог  олон арга аргачлал байдгийг зөв ашиглаж сурах шаардлагатай. Сүүлийн үеийн залуу боловсон хүчинд алдах зүйл байна аа, үүнийг үгүйсгэхгүй. Нөгөө талаас байгаль  цаг уурын өөрчлөлттэй  холбоотой. Хамгийн ойрын жишээ гэвэл 2018 онд Төв аймгийн Борнуурын гүүр үерт унасан. Гэтэл тооцсон норм нь секундэд 34 м3/секунд ус өнгөрөхөөр тоооцож 100 жилийн магадлалтай гэж норм тогтоож. Гэтэл тэнд болсон үерээр секундад 87 м3/секунд ус өнгөрч, гурав дахин өндөр байгаа биз. Тэгэхээр энэ  нөгөө нормондоо байна уу эсвэл байгалийн гамшиг уу, цаг уурын нөхцөл үү гэдгийг гаргах ёстой. Ингээд зураг төсөлд тооцоо алдсан бол хариуцлага тооцож байх ёстой. Ингэхгүйгээр  баахан шуугиж, шуугиж одоо болохоор зураг төсөлтэй холбоотой алдаа зөрчил гаргасан зүйл нэг ч байхгүй. Баахан гамшиг гэж л ярьсан улс байна шүү дээ. Нягталж нарийн шалгах ёстой. 

-Тэгээд хуучин нормоо барьж байна уу эсвэл шинээр тооцоо хийж байна уу?

-2003 онд анхны монгол нормыг манай компани боловсруулсан.  2011онд шинэчилсэн.Одоо дахиад шинэчлэх  шаардлагатай байгаа.  Норм дээр Америк, барууны орнуудаас авахыг нь авч шигтгэж байгаа. Жишээлэхэд, хөдөлгөөнт ачааллаас тооцогдох уян хотойлтыгОросын нормоор дам нурууны уртын1/400-ээр зөвшөөрдөг, харин барууны  нормоор1/800 байна. Өөрөөр хэлбэл Оросын нормоор бол дөрвөн см байхад барууны нормоор хоёроос  илүүгүй л гэж байна гэсэн ойлголт. Тэгээд бид барууны нормыг тусгасан. Яагаад гэвэл их савлагаа, хэлбэлзэл гүүрийн   эвдрэлд нөлөөлж байгааг судалгаагаар тогтоосон учраас энэ заалтыг хэрэглэсэн. 

-Барилгачид зураг төслийн дагуу ямархуу ажиллаж байна. Зураг төслийг хэр баримталж ажиллаж байгаа вэ?

-Зураг төслийг баримталж ажиллахын хувьд бол ажиллаж байгаа. Гэхдээ  үнэнийг хэлэхэд хяналтын тогтолцоогоо зөв болгох хэрэгтэй.  Зөвлөх үйлчилгээний хяналт, ажил дээрх зохиогчийн хяналт гээд байна. Зохиочийн хяналт хуулиар зохицуулагдсан зүйл. Энэ зургийг зохиосон тооцсон инженер бол маш нарийн зүйлийг мэдэж, мэдэрдэг хүмүүс юм шүү дээ. Гэтэл тэнд энэ бүхнийг тооцоогүй огт өөр  хүнийг хянагч гээд нөгөө хүн нь багцаагаар л ажиллаж байгаа. Барилгачид чинь даамал буюу мэргэжлийн инженерийн заавар зөвлөмж, технологийн аргачлалын дагуу гүйцэтгэнэ шүү дээ.

-Зам гүүрийн боловсон хүчин хэр бэлтгэгдэж байна вэ. Сүүлийн үед нэлээд сайжирч байгаа юм шиг санагддаг?

-Тодорхой хэмжээгээр сайжирсан даа. ШУТИС төгсгөж байгаа нэршил нь болохоор зам барилгын инженер гэсэн нэршлээр байдаг. Уг нь бол бидний үед түвшин нь “барилгын инженер”,  нарийн мэргэшил нь “гүүр ба тээврийн туннел инженер” гэх мэт тодорхой зааглаж мэргэшүүлдэг байсан даа. 

-Гадаадад төгссөн мэргэжилтнүүд Монголын орчинд хэрхэн зохицож ажиллаж байна?  

-Гадаадад төгссөн мэргэжилтнүүдийг Монголдоо давтан сургаж, мэргэшүүлэх ёстой. Яагаад гэвэл, Солонгост хамгийн хүйтэн улиралд хөрс нь 40 см хөлдөж байхад манай Монголд хөлдөлтийн гүн нь дөрвөн метр. Энэчлэн олон зүйл өөр. Нөгөө талаар төгсч ирж байгаа хүнээс өөрөөс нь их шалтгаална. 

-Гүүрэн байгууламжийн хувьд монгол­чуудын одоо хийж байгаа ажлыг харахад дэлхийтэй маш ойрхон ирж байна гэж харж байна. Та надтай санал нийлэх үү?

-Санал нийлж байна, яагаад гэхээр бид төмөр замын гүүрийн зураг төслийг саяхнаас л хийж эхэлсэн. Одоо манай зураг төслөөр Улаанбаатарт төмөр зам дээр хоёр гүүр байна, Болдтөмөр-Ерөөгийн төмрийн хүдрийн уурхайн замд гурван гүүр байна. Тэгээд Зүүнбаян-Тавантолгойг төмөр замын гүүрүүдийг залгаад хийж байна. Нэг талаасаа сайхан ажил, нөгөө талаасаа маш хариуцлагатай ажил. Энэ бол авто замын ачаалал биш маш өндөр олон давтамжбүхий ачаалалд тэсвэрлэх тэр нөхцлийг л хангахад  та нормд бүрэн захирагдсан байх ёстой. 

-Танайх Баруун-Уртын чиглэлд  тавих төмөр замын гүүрийн барилгын ажилд гар бие оролцох нь дамжиггүй. Энэ их бүтээн байгуулалт яг хэзээ эхлэх билээ?

Энэ ажилд манай компани оролцохдоо баяртай байх болно. Энэ бол бидний их бүтээн байгуулалт оруулах хувь нэмэр. 

Бид энэ их бүтээн байгуулалтыг “Их говийн гайхамшиг, Их говийн өнөө ба ирээдүй” гэж харж байна. Дашрамд хэлэхэд энэ ажлын анхдагч болсон Монгол Улсын Ерөнхийлөгчдөө талархал дэвшүүлж байгаагаа илэрхийлж байна.

Хямд юм чанаргүй л байдаг

-Одоо Таны өрсөлдөгчид гэвэл хэр олон байна. Гадаад дотоодын гүүрийн зургийн компаниуд хэр байна?

-Өрсөлдөгчид байлгүй яахав. Жишээ нь, тендер зарлалаа гэхэд мэдээж өрсөлдөж байж л гарч ирнэ. Зарим тохиолдолд хятад, солонгос инженер хөлсөлж авсан компаниуд орж ирдэг л юм. Түүнээс бие дааж орж ирдэг компани ховор. Замын зураг төсөл бол харьцангуй өрсөлдөөн ихтэй, харин гүүрэн дээр бол бага. Яагаад гэвэл маш өндөр хариуцлагатай ажил шүү дээ. 

-Тендертэй холбогдуулаад ярихад манайд аль болохоор хамгийн бага үнэ хэлсэн хүнийг л шалгаруулаад  байна. Энэ үзэгдэл бүх салбарт адил­хан.  Энэ Талаар Таны бодол?

-Манай зүгээс бол нэг  их доош нь татаад байдаггүй, доогуур санал өгсөн нь авна л биз гэж боддог. Яагаад гэвэл чанар, хариуцлага яригдаж байгаа. Хамгийн бага үнийн саналыг хамгийн сайн тендер гэнэ гээд хуулиндаа заагаад өгсөн нь хамгийн чанаргүй юм хийсэн хүнийг хамгийн сайн гэсэнтэй агаар нэг юм. 

-Гүүрийн байгууламж чинь өнөөдөр дэлхийн хэмжээний уран бүтээл, уран барилга шиг  болоод байна.Та бүхний хамгийн сүүлийн бүтээл бол шинээр баригдаж байгаа  НЗДТГ-ын барилгын өмнөх гүүрийн байгууламж. Энэ мэтчилэн хотод чимэг болох гүүрүүдийн зураг төсөл хэр ихийг хийв?

-Туулын гол дээрх Их тэнгэрийн гүүрэнд Хаан хаалганы зургийг хийсэн. Энэ бол нэг талдаа уран барилгын шийдэл. Яармагийн дам нурууны өндөр 1.4 метр. Ер нь гүүрийн байгууламж харагдах байдал нь нэгдүгээрт, нүсэр биш аятайхан байх, нөгөө талдаа гэрэлтүүлэг, хайс хашлага гээд бүх асуудал цогцоороо орох ёстой. Яармагийн гүүрэнд сүүлийн үеийн технологиор цутгамал хээ оруулж өгсөн. Харамсалтай нь,  зураг хийх хугацаа дэндүү богино 1.5-2 сарын хугацаа өгдөг. Манайх яагаад амжилттай оролцдог вэ гэвэл байнга л гарч болзошгүй шинэ хийц, технологи гэх мэт бүх юмыг хийж суудаг. 

-Манайд яагаад гүүрүүдийг уран барилга талаас нь гоёмсог хийж чадахгүй байна.  Зүгээр төмөр хайсан хашлагатай хийх нь олон харагддаг.

-Энэ төлөвлөлттэй холбоотой. Зураг төсөлдөө  тодорхой даалгавар өгөх ёстой, ийм ийм архитектурын шийдэл байна гээд. Гэтэл даалгаварт нь байхгүй байна, хоёрдугаарт, ажил гүйцэтгэх хугацаа нь 1.5-2 сар байгаатай холбоотой.

-Манай хотод Замын цагдаагийн, Яармагийн, Нарны замын гээд нэлээд хэдэн гүүр байна. Мэргэжилтний хувьд манай Улаанбаатарт яг одоо хаана гүүр хэрэгтэй гэж бодож байна вэ?

-Одоо энэ түгжрэл үүсээд байгаа уулзварууд дээрээ давхар зам хийчих л дээ. Ухаандаа гуравдугаар хорооллоос наашаа орж ирдэг хэсэг, Тасганы овоо руу ордог хэсэгт, Гэсэр сүмийн тэнд, Зүүн дөрвөн замын тэнд гүүр хэрэгтэй  газар их байна. Зураг төсөл хийхийг нь мөн барихыг нь монголчууддаа даатгаад харин хөрөнгийг гаднаас босгох хэрэгтэй юм шиг. Тэгэхгүй бол хөрөнгө оруулагч нь гүйцэтгэгчээ өөрсдөө оруулж ирдэг, гүйцэтгэгч нь зургаа хийдэг ийм л практик яваад байна. Өөрөөр хэлбэл 100 ам доллар орж ирэхэд 50 нь буцаад гадагшаа гарчихаж байна.

-Хөдөө орон нутагт зам их тавигдаж байгаа энэ үед энүүгээр нэг уулын туннель хийчихвэл зам тэдэн километрээр дөт болох нь дээ гэж бодогдох тийм газар байна уу?

-Сэлэнгээс Дарханы чиглэлд л гэхэд Арангатын даваа байна. Нэгэнт л нэгдүгээр ангиллын  дөрвөн урсгалтай  олон улсын зам хийж байгаа бол шулуухан гарах хэрэгтэй шүү дээ. Тэгснээр хөдөлгөөний аюулгүй байдал маш сайн хангагдана..

-Зам гүүрийн гурван сайхан инженер сууж байна. Тэр Сэлэнгээс нааш явж байгаа А зэрэглэлийн том замын уулын туннель гаргахад бэлэн үү?

-Бэлэн, асуудалгүй. Тэр туннель хийхэд бас л нарийн тооцоо, судалгаа хийнэ шүү дээ.

-Цаг гарган ярилцсан Танд баярлалаа.

Х.ӨЛЗИЙ