ЕРӨНХИЙ ЗОРИУЛАЛТЫН НИСЭХИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТ ХЭРЭГТЭЙ

Нийгэм, Эдийн засаг

Чөлөөт зах зээлийн эдийн засгийн харицаанд төрийн зохицуулалт хэрэгтэй юу гэдэг асуудлаар олон нийтийн маргаан, шүүмжлэл сүүлийн үед сонин хэвлэлээр өрнөв. Нэг талаас эдийн засгийн хөгжилд саад болж буй амин хувиа хичээх үзэгдэл, улс төрийн авилгал хээл хахууль, улс орны эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд төрийн зохицуулалт бүхий зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэх нь зайлшгүй хэрэгтэй байна гэсэн байр суурийг зарим хүмүүс илэрхийлж байна. Нөгөө талаас төрийн зохицуулалт нь хувь хүний эдийн засгийн эрх чөлөөг дарангуйлж төрийн хүнд сурталыг гааруулах нь дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээнэ гэсэн байр суурьтай хүмүүс байна. Миний хувийн бодлоор бол маргаж буй хоёр талын аль, аль нь манай улсад хэрэгтэй байр суурийг дэвшүүлж байна. 

Зах зээлийн эдийн засгийн давуу тал нь хувь хүний эдийн засгийн эрх чөлөө юм. Эдийн засгийн эрх чөлөө нь хүн хүссэн мэдлэг, ур чадвар, бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд гаргах, зах зээлээс өөрт хэрэгцээтэй байгаа мэдлэг, ур чадвар, бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг сонгож, худалдан авах, хувийн өмчтэй байх, түүнийгээ төрөөр хамгаалуулах эдийн засгийн эрх чөлөөг   хүнд  олгож, аж амьдралаа дээшлүүлэх, улсын орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах боломж олгож өгдөг.  Гэхдээ чөлөөт эдийн засгийн зах зээлийн үл үзэгдэх хоёр гар бие даан шийдвэрлэж чадахгүй нийгэм эдийн засгийн асуудал гэж байна. Ийм үед төрийн манлайл зайлшгүй хэрэгтэй болдог. Монгол Улсын Ерөнхий сайдын хэлсэн төрийн зохицуулалт гэдгийг төрийн манлайлал гэдэг утга илэрхийлсэн гэж миний бие ихэд  олзуурхан хүлээж авч байгаа юм. 

Саяханы түүхээс сөхөн харахад дэлхийн хоёрдугаар дайнд ялагдал хүлээсэн Япон улс дайны дараа эдийн засгийн гүн хямралд орж, улс орныхоо бүрэн эрхт байдлаа хамгаалахад ч хүртэл хүнд байдалд орсон. Нэн эмзэг байдалд орсон ийм цаг үед Япон улс “Гадаад худалдаа, аж үйлдвэрийн яам” хэмээх төрийн бодлогын манлайллын механизм бий болгож, дэлхийн зах зээлд гарах зах зээлийн баримжаатай үндэсний төлөвлөгөө гаргаж, үндэсний аж үйлдвэр, бизнесийн салбар орчин үежих, орчин үеийн шилдэг технологи нутагшуулах, дэлхийд өрсөлдөх давуу талаа бий болгоход удирдлагын дэмжлэг үзүүлэх, хөрөнгө оруулалт хийх, шинэ мэдлэг, ур чадвар эзэмшихэд туслах дэд бүтцийг байгуулах гэх мэтээр иж бүрэн төрийн манлайлал, дэмжлэгийг хувийн хэвшилдээ үзүүлсэн байдаг. Үр дүнд нь маш богино хугацаанд Япон улс дэлхийн тэргүүлэх эдийн засгийн тоонд орж, улмаар Олимпийн тоглолтыг хүртэл эх орондоо зохион байгуулах хэмжээнд хүрсэн байдаг.  Япон улсын адилаар  зах зээлийн баримжаатай төрийн манлайллын загварыг нутагшуулсан БНСУ, Сингапур, Тайван гэх мэт улс орнууд богино хугацаанд аж үйлдвэржиж, нийгэм, эдийн засаг нь орчин үежиж, ахар богино хугацаанд хөгжлийн манлайд хүрч чадсан байна. 

Миний ажил эрхэлж багаа Иргэний нисэхийн салбарын бизнес, хэрэглээ, үндэсний аж үйлдвэрийг хөгжихөд яг ийм төрийн манлайллын бодлого, зохицуулалт чухал хэрэгтэй байна. 

Манай салбар социалист нийгмийн захиргаадалтын эдийн засгийн үед үүсэн хөгжиж, мэргэжлийн боловсон хүчний нөөц нь тэр цаг үед сайтар бэлтгэгдсэн ч дэлхийн бусад оронтой харьцуулахад арилжааны болон ерөнхий зориулалтын нисэхийн зах зээлийн  харилцаанд нилээн хожуу орж ирсэн бизнесийн мэдлэг, туршлага, ур чадвар  дулимаг шинэ тоглогч юм. 

Манай улс нэгдэн орсон НҮБ-ийн “Тогтвортой хөгжлийн зорилт”-уудыг хэрэгжүүлэхэд, мөн улс орны эдийн засгийн хөгжлийн зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэхэд эрэлт хэрэгцээ нь улам бүр нэмэгдэж байгаа салбар бол жижиг, хөнгөн болон дунд оврын агаарын хөлгийн хэрэглээн дээр түшиглэсэн ерөнхий зориулалтын нисэхийн салбар юм. Хөгжлийн гарааны эхэн үед нь зах зээлийн баримжаатай төрийн зөв манлайлал, зөв зохицуулалтын бодлогоор дэмжээд өгвөл эдийн засгийн үр ашиг, үр өгөөжтэй нь харьцуулахад өртгийн хувьд үр ашигтай энэ салбар богино хугацаанд хөлөө олж, бие даан тогтвортой хөгжих боломжтой юм. Бүр цаашилбал шинэ бизнесийн салбар, шинэ аж үйлдэрийн салбар болон хөгжиж, эдийн засгийг солонгоруулахад хувь нэмэр оруулах бүрэн бололцоотой. 

Дэлхийн цаг уурын дулаарал, бэлчээрийн дориойтол, мал сүргийн тоо толгой 2,5 дахин өсөж, байгалийн тэнцвэрт байдал алдагдснаас болж өнөөдөр манай орны нутаг дэвсгэрийн 76,9 хувь цөлжин хөрсний доройтолд орж, бэлчээрийн онц хөнөөлт үлийн цагаан оготно 40 сая га бэлчээрт тархсанаас 5 сая га талбайд хөнөөлийн голомт үүсгэсэн. Ойн хортон шавжийн тархалт хөнөөлийн голомтын талбай ихэссэн. Ой хээрийн түймрийн учруулсан хохирол сүүлийн 13 жилд 623.6 тэрбум төгрөгт хүрсэн байна.  Энэ бүх асуудалтай тэмцэхэд улсын төсөвд жил бүр багагүй хэмжээний мөнгө төсөвлөж зарцуулж байгаа боловч энгийн механик арга, газрын техник дээр түшиглэсэн өнөөгийн хоцрогдсон арга хэрэгсэл нь үр дүн муутай байна. Хүн хүч их шаардсан, төсвийн зардал их гардаг боловч үр дүн муутай байгаль хамгаалах төрийн ийм үйл ажиллагаанд ерөнхий зориулалтын нисэх онгоцны ашиглалт, хэрэглээг дэлгэрүүлэхэд хувийн хэвшлийн салбарын оролцоог нэмэгдүүлэх бодлого боловсруулж, амжилттай хэрэгжүүлж  чадвал энэ асуудалд чиглэсэн төрийн үйл ажиллагааны хэрэгжлтийн үр дүн нэмэгдэж, цаг хугацааны алдагдалтай холбоотой үүсэх зардал багасах бүрэн боломжтой төдийгүй энэ салбарын бизнес  хөгжих зах зээлийн анхдагч эрэлт үүсэж, цаашид өргөжин хөгжих таатай нөхцөл бүрдэнэ. 

Манай орны байгаль орчин, хөдөө аж ахуйд тулгадмсан олон асуудлуудыг шийдэхэд тустайгаас гадна ерөнхий зориулалтын нисэхийн эдийн засгийн ач холбогдол нь үнэхээр их юм. Түүх, соёлын баялаг өв, байгалийн өвөрмөц тогтоц, үзэсгэлэнт газрууд дээр тулгуурлан аялал жуулчлалын бизнес, аж үйлдвэрийг хөгжүүлнэ гэж их ярьж байна. Энэ нь ч зөв. Гэхдээ манай оронд илүү их мөнгө зарцуулж чадах жуулчид тав тухтай аялалыг тэргүүнд тавьдаг.  

Өнөөгийн дэд бүтцийн хөгжлийг харах юм бол авто хөсөг, газрын тээврийн хэрэгслээр жуулчдын тав тухтай байдлыг хангах нь эргэлзээтэй юм. Тухайлбал Монголд аялсан Солонгосын жуулчид монголын замын чанар муу, замын дагуу байрлах түр амрах зогсоол боловсон жорлонгүй гэсэн наад захын шүүмжлэл их гарах болжээ. Энэ асуудлыг шийдэхэд ч гэсэн ерөнхий зориулалтын нисэхийн эрэлт, хэрэгцээ их байгаа юм. Монголын аялал жуулчлалын бүс нутаг, түүхэн болон үзэсгэлэнт газрууд дээр жижиг, хөнгөн нисэх онгоцны  аэродром, авсаархан нисэх буудлуудыг бага өртөгөөр байгуулахад орон нутгийн засаг захиргааны байгууллагын оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй юм. 

Хүн амын хүнсний аюулгүй байдал бол эдийн засгийн амин чухал асуудал байдаг. Манай улс газар тариалангийн салбарыг хөгжүүлээд багагүй хугацаа өнгөрсөн байна. Атрын 2 дугаар аяны дараах 1980-аад оны дунд гэхэд газар тариалангийн хөгжил өндөр хэмжээнд хүрч дотоодын хүнсний хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй экспортод гаргах хүчин чадалд хүрсэн байдаг. Гэтэл сүүлийн үед гангын давтамж, ургамлын өвчин, талбайн хогтолт, хортон шавьж, газрын техникээр гатлах гэх мэтээс шалтгаалан нэг га талбайгаас авах ургацын хэмжээ алдагдсаар байна. Тэр хэрээр хөрсний доройтол нэмэгдэж байна. Энэ мэт газар тарилангийн ургам хамгааллын асуудлыг шийдэхэд ерөнхий зориулалтын нисэх онгоц, дроны хэрэглэгээг нэмэгдүүлэх асуудал эрэлт хэрэгцээ жил ирэх тусам нэмэгдсээр байна. Тийм ч учраас ерөнхий зориулалтын агаарын хөлөгийг нийтийн хэрэглээ болгох эрх зүй, аюулгүй байдал, татварын бодлого, хөрөнгө санхүүгийн таатай орчинг төрийн зүгээс манлайлан бий болгох шаарлагатай байна. Гэхдээ хүнд суртал багатай, ухаалаг зөв шаардлагатай эрх зүйн орчин гаргах хэрэгтэй. Гэхдээ агаарын  тээврийн арилжааны нисэхийн агаарын хөлөгт тавьдаг шиг стандарт, шаардлагын хэмжээнд тавих юм бол ерөнхий зориулалтын нисэхийн салбарт дэндүү ахадсан, энэ салбарын бизнес, хэрэглээ өсөн нэмэгдэхэд, зах зээл тэлэхэд саад бэрхшээл болно гэдгийг харгалзан үзэх хэрэгтэй юм.

Агаарын тээврийн салбарт орон нутгийн зорчигч тээврийн  нислэг үйлчилгээ сүүлийн 30 жилийн турш уналтаас босч чадахгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Өнгөрсөн 2019 онд орон нутагт нийт 22’2 сая (хотын дотрох нийтийн тээврийг оролцуулаагүй) зорчигч тээвэрлэсэн статистикийг харахад авто замаар 19 сая буюу 85 хувь, төмөр замаар 2’8 сая буюу 13 хувь, агаарын тээврээр 440 мянга буюу 2 хувь нь зорчсон байна. Гэхдээ агаарын тээврээр зорчсон нийт зорчигчдоос 317’392 зорчигч хуваарьт бус захиалгат нислэгээр (Өмнөговийн чиглэлийн уул уурхайн компаний ажилчид тээвэрлэсэн) байсан бол үлдэх 115’975 зорчигч нь орон нутгийн бусад чиглэл болох Ховд, Улаангом, Өлгий, Баянхонгор, Алтай, Улайстай, Мөрөн зэрэг 7 аймгийн төврүү зорчсон байв. Энэ үзүүлэлт нь зорчигч тээврийн 75 хувийг (1989 онд 826’000 гаруй зорчигч тээвэрлэсэн) нэгэн үед дангаараа тээвэрлэж байсан агаарын тээврийн салбарт хувьд дэндүү чамлалттай  үзүүлэлт юм. 

Өнөөдөр манай орон нутгийн хот хоорондын зорчигч тээврийн нислэгийг хувийн хэвшлийн агаарын тээвэрлэгч Аэро Монгол, Хүннү Айр хэмээх компаниуд гүйцэтгэхдээ  нислэгийн чиглэл, цагийн хуваарь, давтамж, тийзийн үнэ тарифыг өөрсдийн үзэмжээр тогтоодог байна. Тэдний сонирхол нь ашигтай гэсэн цөөн чиглэлийг сонгон авч өндөр үнэ тарифаар тийз зардаг, нислэгийн давтамж хоорондын зайг холтгон нэг чиглэлд нэг өдөр давхардан нисдэг зэргээс үйлчилгээний хүртээмж, цар хүрээ хумигдаж жирийн иргэд агаарын тээврийн үйлчилгээг авч чадахгүй  болсон нь  яах аргагүй төрийн зохицуулалт  үгүйлэгдэж байгааг харуулж байна.

 Монгол Улс нь эрс тэс уур амьсгалтай, өргөн уудам газар нутагтай, орон нутгийн засаг захиргааны нэгжүүд (аймаг, сум, бригадын төвүүд) алслагдмал зайд таруу байршилтай, хүн ам нь цөөн, эдийн засгийн чадамж сул, тэдгээрийн хооронд зам тээврийн сүлжил сайн хөгжөөгүй байна. Манай улсын 12 аймгийн 120 гаруй сумд аймгийн төвөөсөө 150-340 км хол алслагдсан, тэдгээрийн хооронд зорчиход зам тээврийн хүндрэлтэй өвлийн улиралд  олон уул даваа, зам харгуй цасанд хаагдах, авто замын мөстөлт, халтиргаа гулгаанаас үүдэлтэй осол, эндэлд өртөх амь нас, эрүүл мэндээрээ хохирох, зуны улиралд шавар, усанд боогдох зэрэг байглын бартаа саадыг  даван туулж цаг хугацаа ихээр алддаг байна. Тухайлбал тээврийн статистикаас үзэхэд орон нутгийн авто зам дээр өнгөрсөн 2019 онд 509 ослын тохиолдол гарч 561  иргэн амь насаа алджээ. Үүний цаана эмнэлгийн яаралттай түргэн тусламж үйлчилгээ авч чадалгүй хохирсон хүнд өвчтөн, алс бөглүү нутагт хоцорсон зорилтот бүлгийн иргэд нилээд байгааг тооцоход  зам тээврийн салбарт ялангуяа агаарын тээврийн зайлшгүй үйлчилгээг бий болгох төрийн зохицуулалт хийх нийгмийн эрэлт хэрэгцээ их байгааг нотлосоор байна. АНУ, Канад гэх мэт орнуудад алсмагдмал бүс нутгийн тээвэрт ерөнхий зориулалтын нисэхийг өргөн хэрэглэж ирсэн арвин туршлага байдаг. Эдгээр орны төрийн зүгээс хийсэн сайн зохицуулалт туршлагыг судалж, энэ салбарт дотоод, гадаадын хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх судалгаа хийж, хөгжлийн бодлого боловсруулж, бодитоор хэрэгжүүлэх шаардлага байна. 

Мэдээж хэрэг ерөнхий зориулалтын нисэхийн хэрэглээ, бизнес, үйлдвэрлэлийг өргөжүүлээд эхлэхээр дэд бүтцийн асуудал зайлшгүй гарч ирнэ. Энэ дэд бүтцийг байгуулах боломж төрд байна. Төвийн аймгийн Сэргэлэн сумын нутагт Шинэ нисэх буудал удахгүй нээгдэх гэж байгаа энэ цаг үед бид Буянт-Ухаа дахи хуучин нисэх буудлыг Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх суурь дэд бүцээр ашиглах ихээхэн боломж байна.  Манай иргэд, хувь хүмүүс, хувийн хэвшлийн компаниуд, төрийн байгууллагууд өөрийн мэдлийн жижиг, хөнгөн агаарын хөлөгтэй болж эхэлсэн үед  орхигдож буй Буйнт-Ухаа нисэх буудал дээр ерөнхий зориулалтын агаарын хөлгийн нэгдсэн харуул хамгаалалт, зогсоол, засвар үйлчилгээ, ангарын үйлчилгээний төлбөртэй бизнесийг эхлүүлж болно. Зүүн болон зүүн хойд Азийн зах зээл дээр ажиллах сонирхолтой гадаадын нисэхийн сургуулиуд орж ирсэн үед бид хуучин Буянт-Ухаа нисэх буудлын нислэгийн зурвасыг тодорхой тариф, төлбөртэйгээр ашиглуулах боломж байна. Гадаадын нисэхийн сургуулиудаас ч энэ тал дээр санал тавьж эхлээд байна. Ерөнхий зориулалтын нисэхийн салбарыг хөгжүүлэхэд хувийн хэвшлийн оролцоог нэвтрүүлэх нь хамгийн чухал асуудал байна. Энэ салбарт бизнес эрхлэх талаар манай иргэд, хувийн хэвшлийн салбарт ажилладаг хүмүүсийн ойлголт, мэдлэг, ур чадвар тааруу хэвээр байна. Дээрээс нь төрийн дэмжлэг, эрх зүйн орчин, аюулгүй байдлын орчин, хөрөнгө оруулалт тодорхойгүй байна. Тодорхойгүй зүйл өөрөө эрсдэл дагуулдаг. Эрсдэлтэй салбарт хувийн хувийн хэвшил орж ирдэггүй. Тийм ч учраас энэ тал дээр төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны механизмыг хөгжүүлэх төрийн бодлогын манлайлал, оролцоо хэрэгтэй байна. Хамгийн наад зах нь гэхэд Иргэнийн нисэхийн ерөнхий газар нь орхигдож буй Буянт-Ухаа  нисэх буудлын дэд бүтцийг ашиглаад  энэ салбарын бизнес эрхлэх сонирхолтой хувь хүмүүс, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд бизнесийн боловсрол, ур чадвар олгох, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчтай холбож өгөх бизнес инновацийн дэд бүтцүүдийг байгуулахад санаачлага гаргах хэрэгтэй байна. 

Ерөнхий зориулалтын нисэхийн хэрэглээ, бизнесийн зах зээлийг өргөжүүлэх асуудлыг дэвшүүлэхээс гадна бид Буянт-Ухаа нисэх буудалд байрлах МИАТ компанийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрын (АХЗҮГ) өндөр ур чадвартай инженер техникийн хамт олны ачаар өнөөдөр энэ төрлийн агаарын хөлгийн их засвар, угсралт, үйлдвэрлэлийг эх орондоо хөгжүүлэх боломжтой болсон байна. Энэ хамт олон ОХУ-ын Новосибирскийн Нисэхийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн туршлагаар хуучин Ан-2 онгоцонд бүрэн их засвар хийж шинэ төрлийн хөдөлгүүр сэнс угсран шинэчилсэн  ТВС-2МС загварын нисэх онгоц бүтээж газарт болон агаарт амжилттай туршиж ОХУ-ын талд хүлээлгэн өгсөн байна. Монголд бүтээсэн ийм төрлийн нисэх онгоц нь ижил төрлийн гадаадын онгоцтой харьцуулахад үнийн хувьд 2-3 дахин хямд, ашиглалтын зардал багатай, олон зориулалтаар ашиглах боломжтой, байгал цаг уурын янз бүрийн нөхцөлд богино зайд зурвас голохгүй бууж, хөөрөх чадвартай, олдоц нийлүүлэлт элбэг шатахуун хэрэглэдэг зэрэг өрсөлдөөний хэд хэдэн давуу талтай байна. Мөн үүнтэй ижил төстэй хувилбар болох “Легенда-570” агаарын хөлгийг манай хувийн хэвшлийн төлөөлөл “МАИ” буюу Монголын аэркравт индустри ХХК нь ОХУ-ын дээрх байгууллагатай хамтран зохион бүтээж эхлээд байна. Эдгээр нь дотоодын хэрэгцээг хангахаас гадна гадаадын зах зээлд нийлүүлэхэд ч эрэлт ихтэй бүтээгдэхүүн болох нь тодорхой юм. Үүнээс гадна МИАТ ТӨХЪ-ний АХЗҮГ-ын  хамт олон БОИНГ, АЭРОБУС маягийн  том оврын агаарын хөлгийн их засвар, техник үйличилгээг олон улсын түвшинд өндөр чанартай хийдэг болсон байна. Энд БНСУ, ОХУ, Тайланд, Украйн зэрэг улсуудын томоохон агаарын тээвэрлэгч компаниуд агаарын хөлөгийнхөө их засвар үйлчилгээг тогтмол ирж хийлгэдэг болжээ. Энэ бүгдээс харахад ерөнхий зориулалтын нисэхийн үйлдвэрлэлийг эх орондоо хөгжүүлэх, бүх төрлийн агаарын хөлөгийн их засварын үйлчилгээний олон улсын бизнесийг хөгжүүлэх  зах зээлийн боломж, суурь хүний нөөцийн мэдлэг, ур чадвар, олон улсын нэр хүнд нэгэнт бий болсон байна. 

Харин иргэний нисэхийн салбарын хэрэглээ, бизнес, аж үйлдвэрийг өргөжүүлэх, хөгжүүлэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэхэд  зах зээлийн баримжаатай төрийн зөв манлайлал, төрийн зөв бодлого зохицуулалт нэн тэргүүнд шаардагдаж байна.