Ангела Меркель, Алексей Навальныйтай уулздаа

Дэлхийн мэдээ

ХБНГУ-ын канцлер Ангела Меркель Charite эмнэлэгт хэвтэж байгаа Оросын блогч Алексей Навальныйтай уулзсан  гэж Германы засгийн газрын албан ёсны төлөөлөгч Штеффен Зайберг баталсан байна. Меркелийг тус эмнэлэгт очсон гэж эхлээд Германы Der Spiegel сайт мэдээлээд уулзалт маш нууц байдалд болсон гэсэн юм. 

Харин Зайберг сэтгүүлчдэд зориулж хийсэн мэдээлэл дээрээ уулзалтаас нуугаад байх юмгүй, зүгээр л Меркелийн өөрийнх нь санаачилгаар зохион байгуулсан хувийн уулзалтын талаар Засгийн газар мэдээлэх шаардлагагүй гэсэн байна. “Тийм ээ, Меркель Навальныйтай уулзсаныг би батална” гэж Зайберг есдүгээр сарын 28-ны даваа гарагт  хийсэн мэдээлэл дээрээ сэтгүүлчийн асуултад хариулжээ. 

Германы канцлертай уулзсанаа Алексей Навальный ч өөрөө баталж байгаа юм. Тэрбээр энэ уулзалтыг нууц гэж нэрлэх хэрэггүй, зүгээр л хувийн уулзалт байсан гэжээ. 

ХБНГУ-ын канцлер Ангела Меркель Оросын блогч Алексей Навальныйг харгис халдлагын золиос болж, “Новичик” бүлгийн хороор хордсон гэж өнгөрөгч есдүгээр сарын эхээр мэдэгдэж байсан. 

Үүнийг харин Москва энэ бол батлагдаагүй баримтаар Оросыг буруутгах гэсэн  мэдээллийн кампани өрнүүлэх гэсэн үйлдэл гэсэн юм. 

Оросын Ерөнхийлөгч Владимир Путиныг буруутган бичигч, блогч Алексей Навальный Томск-Москвагийн чиглэлийн онгоцоор нисч байх үедээ наймдугаар сарын 20-нд бие нь муудаж Омскийн эмнэлэгт хэвтэн эмнэлгийн тусламж авсан юм. Дараа нь түүнийг Германы эмнэлэгт хүргэсэн юм. 

Германы эмч нар  түүний биеэс “Новичик” бүлгийн хорны шинж тэмдгүүд илэрсэн гэж мэдэгдсэн. Харин Оросын Омскийн эмч нар түүний биеэс ямар ч хорны шинж тэмдэг илрээгүй гэж байгаа юм. 

Румын улсын Девеселу хотын даргыг сонгох сонгуулиар иргэд өмнө нь хотын дарга байгаад нас барсан нэр дэвшигчийг сонгочихлоо гэж  румыны “Эрх чөлөө” радио мэдээлсэн байна. 

Өмнө нь хотын дарга байсан 57 настай Ион Алиман Социал демократ намаас гурав дахь удаагаа хотын даргын сонгуульд нэр дэвшжээ. Харамсалтай нь сонгууль болохоос хэдхэн хоногийн өмнө коронавирусын халдвараар өвчилж есдүгээр 17-нд Бухарестийн эмнэлэгт нас барсан юм байна. Гэтэл сонгогчид түүний төлөө саналаа өгснөөр дахиад хотын даргаар “сонгогдчихож”. Сонгуулийн дүнг зарласны дараа иргэд сонгогчид түүний шарил дээр очиж сонгуульд ялсанд нь “баяр хүргэн”, дурсгалыг нь хүндэтгэжээ. 

Хотын даргын сонгуулийг дахин явуулахаар болж сонгууль болтол орлогчийг нь үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна. 

Өмнөд Солонгос, АНУ хоёр 

БНАСАУ-тай хэлэлцээр хийхэд бэлэн гэв

 

 

АНУ, Өмнөд Солонгос хоёр Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох, Вашингтон, Пеньяны харилцааг хэвийн болгох асуудлыг дипломат аргаар шийдэхэд бэлэн байна гэж АНУ-ын Төрийн нарийн нарийн бичгийн даргын орлогч Стивен Бигэн даваа гарагт мэдэгдлээ. 

“Солонгосын хойгт  энх тайван байдал тогтоож, цөмийн зэвсэггүй болгох, Солонгосын бүхий л ард түмний гэрэлт ирээдүйг хангаж АНУ болон БНАСАУ-ын харилцааг хэвийн болгох асуудлыг дипломат аргаар шийдэхэд АНУ, БНСУ хоёр урьдын адил байр суурьтай хэвээр байна” гэж Бигэн БНСУ-ын Солонгосын хойгийн энхтайван, аюулгүй байдлын асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Ли До Хунтай уулзсаныхаа дараа хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр  хэлснийг мэдээллийн агентлаг иш татжээ. 

Солонгосын хойгийн нөхцөл байдлыг тогтворжуулахад АНУ, Өмнөд Солонгосын хүчин чармайлт хүрэлцэхгүй байна гэж америкийн дипломат онцлон тэмдэглээд “Бид яриа хэлэлцээртээ БНАСАУ-ыг оролцуулж, тэд хэзээ бэлэн болохыг урьдынхаараа  ил тод нээлттэй ярилцахад бэлэн байна” гэж Бигэн хэлжээ. 

БНСУ-ын тусгай төлөөлөгч Ли До Хун Вашингтонд болсон хэлэлцээр “маш ажил хэрэгч” болсон гэсэн байна. “Бид хойгийг цөмийн зэвсэггүй болгож, энх тайван дэглэм тогтоох асуудлаар хамтын шийдэл гаргах төрөл бүрийн арга замыг ярилцсан” гэж тэр тэмдэглэжээ. 

Солонгосын дайныг дуус­га­хад Өмнөд Солонгосын дипломатын АНУ-д хийсэн энэ дө­рөв хоногийн айлчлал нэг чухал алхам болж байна гэж Yonhap агентлаг мэдээлсэн юм. Солонгосын дайн нь хоёр солонгос, АНУ, Хятадын оролцоотойгоор 1950 оноос 1953 оны долдугаар сар хүртэл үргэлжилсэн юм. Энэ дайнаар алагдаж шархадсан хүний тоо 5.5 саяд дөхсөнөөрөө  Дэлхийн хоёрдугаар дайнаас хойшхи хамгийн том гарз хохиролтой цэргийн мөргөлдөөн болсон юм. БНАСАУ, БНСУ хоёр энхийн хэлэлцээр бай­гуу­лалгүй өнөө болтол дай­ны байдалд байж байгаа юм. 

АНУ, Их Британи улсууд хиймэл оюун ухааны талаар гэрээ байгууллаа

 

АНУ, Их Британи улсууд хиймэл оюун ухааны технологи хөгжүүлэх салбарт хамтран ажиллах талаар хэлэлцээр байгууллаа гэж Reuters агентлаг мэдээлж байна. “Энэ түүхэн хэлэлцээр манай хоёр орон хиймэл оюун ухааны технологийн хөгжлийг урагш ахиулж, эдийн засгийн хөгжил, үндэсний аюулгүй байдлыг хамгаалахад чухал алхам болно” гэж Цагаан Ордны мэдэгдэлд дурджээ. 

Хэдийгээр баримт бичгийн агуулгыг тодорхой дэлгээгүй ч  энэ хэлэлцээр хиймэл оюун ухааны салбарт хамтран судалгаа туршилт хийж хамтран ажиллах асуудалтай холбоотой нь ойлгомжтой байна. 

Орос, Хятадын хиймэл оюун ухааны салбарт хамтран ажиллахгүй байхыг АНУ-ын Сенат уриалж байсан юм.