Нагорный Карабахад Армян Азербайжаны байлдаан хурцадлаа

Дэлхийн мэдээ

Нагорный Карабахад болж байгаа цэргийн мөргөлдөөний улмаас хэдэн зуун хүн амь үрэгдэж байгаа талаар Армян, Азарбайжан улсууд мэдээлж байна. Хоёр улсын цэргийн мөргөлдөөн есдүгээр сарын 27-ны өдрөөс хурцдаж, талууд бие биенээ хамгаалалтын шугам руу цэргийн хүчээр дайрч эхэлсэн гэж буруутгаж байна. 

Нөхцөл байдал ийн хурцадсанаас Армян дайны байдалд шилжиж бүх нийтийн дайчилгаа зарласан бол Азербайжан хэсэгчилсэн дайчилгаа зарлаж Ерөнхийлөгч Ильхим Алиев есдүгээр сарын 28-ны өдөр зарлиг гаргажээ. 

Нагорный Карабахын автономит районы эзэмшлийн асуудлаар Баку, Ереван хоёр бүр энэ район Зөвлөлт социалист Азербайжан улсын бүрэлдэхүүнээс гарахыг эрмэлзэж байсан  1988 оноос хойш маргалдаж байгаа юм. 

Эцэст нь тус районы төв Степанакертыг буудаж эхэлснээр энэ сөргөлдөөн хурцдаж эхэлсэн гэж улс төр судлаач Владимир Евсеев хэлж байна. 

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров армян, азарбайжаны коллегиудтайгаа утсаар шуурхай хэлэлцээр хийж талуудад “галаа нэн даруй зогсоох”-ыг уриалжээ. Ерөнхийлөгч Владимир Путин ч сөргөлдөөнийг цаашид улам хурцатгахгүй байх хэрэгтэй гэж мэдэгдлээ. 

Одоохондоо ОХУ-ын Засгийн газар цэргийн энэ мөргөлдөөний талаар төвийг сахисан байр суурьтай байна гэж улс төр судлаач Григорий Добромелов үзэж байна.

Харин Туркийн Ерөнхийлөгч Режеп Эрдоган энэ сөргөлдөөний тухайд Азербайжаны талд байгаагаа амласан. Эрдоган есдүгээр сарын 28-ны өдөр “Армян улс Азербайжаны газар нутгийг булаахаар түрэмгийлэхээ нэн даруй зогсоо” гэжээ. 

Армяны тэргүүн  Никол Пашинян энэ мөргөлдөөнд Анкара хөндлөнгөөс оролцож байгаад саад хийхийг олон улсын хамтын нийгэмлэгт уриалаад байна. 

Олон улсын хамтын нийгэмлэг харин Нагорный Карабахын мөргөлдөөний талаар одоохондоо тайван хандаж байгаа юм. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш хоёр талыг тулалдаанаа зогсоож, хурцадмал байдлыг намжаан  яриа хэлэлцээрт орохыг уриаллаа. 

Нагорный Карабахад нөхцөл байдлыг намжаахыг Франц, Герман, Австрийн Засгийн газар болон НАТО-гийн блок уриалж байна. АНУ-ын Төрийн департамент ч Армян, Азербайжаны хоорондын цэргийн мөргөлдөөнийг буруутгаж байгаа юм. 

Есдүгээр сарын 28-ны байдлаар өөрийгөө Бүгд найрамдах улс хэмээн тунхагласан Нагорно-Карабахын умард нутаг дахь Мартакерт хотын нутагт  хоёр тал их буу, танк, нисэх хүчин, цэргийн хүнд техник ашиглан ширүүн тулалдаж байна. Өмнөд нутагт Азербайжаны хүчин фронтын шугамыг давж шинэ газар нутаг эзлэхээр дайрч байна гэж өөрийгөө тусгаар улс хэмээн тунхагласан Нагорный Карбахын ерөнхийлөгч Араик Арутюнян мэдэгдлээ. Азербайжаны тал фронтын шугам давуулан 20-30 км-т буудаж байна гэжээ. Есдүгээр сарын 28-ны 17 цагийн байдлаар Армяны талаас 48 хүн алагдаж, 200 хүн шархадлаа гэж тус улсын Батлан хамгаалах яамны төлөөлөгч Шушан Степанян мэдээлсэн байна.  Азербайжаны тал хохирлоо мэдээлсэнгүй. 

Харин Армяны тал эсрэг талаасаа 200 орчим цэргийг устгасан гэж байгаа ч Баку үүнийг няцаагаад Армяны талаас 550 хүнийг устгасан гэж мэдээлжээ. 

Зөвлөлт нийгмийн үед Азербайжаны бүрэлдэхүүнд байсан ихэвчлэн армян үндэстэн оршин суудаг энэ район 1991 онд өөрийгөө Азербайжанаас салан тусгаар тогтоносон Нагорный Карабахын Бүгд найрамдах улс гэж тунхагласан юм. Бүр 1988-1989 онуудад ч Карабахын төлөөлөгчид ЗХУ-ын удирдлагуудад хандан өөрсдийг нь Зөвлөлт Азербайжаны бүрэлдэхүүнээс гаргаж Зөвлөлт Армяны бүрэлдэхүүнд шилжүүлж өгөхийг хүсч байсан ч нааштай хариу аваагүй байдаг юм. 

1992-1994 онуудад Азербайжан өөрийгөө тунхаглаж салан тусгаарласан энэ районыг хяналтдаа авахаар оролдож байсан ч өнөөгийнх шиг ийм хэмжээний цэргийн мөргөлдөөнд хүрч байгаагүй юм. Коронавирусээр нас барагсдын тоо нэг саяыг давлаа

Хятадаас эхлэлтэй коронавирусын цар тахлын улмаас нас барсан хүний тоо дэлхий даяар нэг саяыг давлаа гэж Жонс Хопкинсын их сургууль мэдээллээ. Сургуулийн мэдээлснээр бол есдүгээр сарын 29-ний байдлаар дэлхий даяар 1 000 555 хүн коронавирусын халдварын улмаас нас барснаас АНУ-д 205 031, Бразильд 142000, Энэтхэгт 95.5 мянган хүн нас бараад байгаа юм байна. 

Коронавирусын халдвар тархаж эхэлснээс хойш дэлхий даяар нийт 33 сая 273 720 хүн өвчилжээ.  Энэ халдвараар АНУ-д 7.1 сая хүн өвчилсөн бол Энэтхэгт зургаан сая, Бразильд 4.7 сая хүн өвчилсөн байна. 

Харин энэ халдвараар өвчилсөн ч дэлхий даяар 23,1 сая хүн эрүүлжиж гарсны таван сая гаруй нь Энэтхэгийн, 4.1 сая нь Бразилийн, 2.7 сая нь АНУ-ын иргэн байна. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын  эрүүл мэндийн салбар дахь онцгой байдлын хөтөлбөрийн захирал Майкл Райан үүний өмнө коронавирусын тархалтын талаарх мэдээлэлд эргэлзэж байгаагаа илэрхийлээд “албан ёсоор тарж байгаа тоон мэдээлэл бодит байдлаас доогуур байгаа” гэж байсан юм.

  Х.ӨЛЗИЙ