Хувцас үйлдвэрлэлээс болж, гол горхи хар өнгөөр урсаж байна

Дэлхийн мэдээ

Бангладеш улсын нийслэл Дака хотын гол горхи үйлдвэрийн хог хаягдалд дарагджээ. Хажи Мухаммед Абдус Салам гэх иргэн гэрийнх нь хажуугаар урсдаг гол үйлдвэрүүд баригдахаас өмнө хэчнээн цэвэр тунгалаг байсан тухай, олон төрлийн загас жараахай барьдаг байснаа дурсчээ.

Түүний ард харагдаж байгаа гол одоо яг л хар бэх шиг өнгөтэй болсон байна. Түүний хэлж буйгаар гол руу ойр хавийн үйлдвэрийн хог хаягдал болоод будаг цутгадаг гэнэ. Тэрбээр "Одоо энэ голд  ямар ч загас байхгүй учир түүний хүүхдүүд, ач зээ нар нь өөрийнх нь мэдэрсэн зүйлийг хэзээ ч мэдэхгүй нь" хэмээн халаглах аж.

Бангладеш улс нь дэлхийд хувцас үйлдвэрлэлээрээ Хятадын дараа хоёрт ордог томоохон үйлдвэрлэгч юм. Тухайлбал, 2019 онд Бангладеш нийт 34 тэрбум ам.доллартай дүйцэх хувцас экспортолжээ.

Бангладешд үйлдвэрлэсэн хувцаснууд ихэвчлэн Америк, Европын зах зээлд борлуулагддаг байна. Худалдан авагчид энэ намрын тренд өнгө юу болох, яаж хувцаслах талаараа боддог ч хэрхэн хувцас үйлдвэрлэгддэгийг  бараг боддоггүй, мэддэггүй биз.

Дэлхийн усыг бохирдуулж байгаа нийт үйлдвэрлэлийн тав хуваасны нэгийг хувцас загварын салбар дангаараа эзэлж байна. Бангладешийн адил зохицуулалт муутай, үйлдвэрийн бохир усаа шууд гол руугаа цутгадаг улсуудын уршгаар дэлхий дээр маш олон гол горхи бохирдох болсон.

Үйлдвэрийн хаягдал ус нь маш олон төрлийн химийн бодис агуулдаг тул зөвхөн гол горхи бохирдуулах бус цаашлаад ундны гүний усанд хүртэл нөлөөлж байна.

Бангладешийн Байгаль орчны яамнаас “Байгаль орчинд сөргөөр нөлөөлөх үйлдвэрүүдийн бохирдлыг бууруулж байгаа” гэжээ. Дака хотын голууд нэхмэл будах, боловсруулах үйлдвэрүүдийн үйлдвэрлэсэн лаг, бохир уснаас үүдэн тас хар өнгөтэй болжээ. Гол гэхэд хэцүү маш өтгөн зууралдсан урсдаг лаг болж хувирсан байна. Өвлийн улиралд бороо орох нь эрс багасах үед гол огиудас төрүүлэм муухай үнэртэй болдог аж.

18 жилийн турш уг голын хажууд амьдарсан 55 настай нэгэн иргэн үр хүүхдийхээ эрүүл мэндийг хамгаалахын тулд тэднийг өөр газар амьдруулахад хүрчээ.

Өнгөлөг хувцасны өртөг

Судлаачдын үзсэнээр, хувцас загварын салбар жилд 93 тэрбум метр куб ус хэрэглэдэг байна. Тэр дундаа хувцсыг өнгөнд оруулах, будах нь хамгийн их бохирдол үүсгэдэг  юм.

Түүнээс гадна хувцсыг химийн аргаар сайхан харагдуулах төгсгөлийн жижиг хэсгүүдийг хийх болон зөөлрүүлэх, усны хамгаалалттай болгох, үрчийдэггүй болгох зэрэг технологиуд хамгийн их ус бохирдуулдаг аж.

Жишээ татвал,  ердөө нэг жийнсэн өмдийг хийхэд 7500 орчим литр ус бүх процессын туршид зарцуулагддаг гэж НҮБ-аас мэдээлжээ.

Цэнхэр өнгөтэй болгохын тулд утас буюу даавууг асар их хэмжээний синтетик индиго нунтаг будганд дахин дахин дүрж авдаг. Будсаны дараа даавуугаа зөөлрүүлэх болон биежүүлэхийн тулд химийн бодисоор угаана.  Бүдэг эсвэл "өмссөн" харагдуулахын тулд хүчил, фермент, цайруулагч, формальдегидтаын усанд хийх шаардлагатай болдог.

Жийнс мэдээж зөвхөн усыг бохирдуулдаггүй. Улирал бүр өөр, өөр өнгийн хувцас тренд болж шинэ өнгийн хувцас гаргахад илүү олон төрлийн будагч бодис химийн элементүүд ашиглах хэрэгтэй болдог байна. Ингэснээр үйлдвэрүүдийн хувьд хэрэглэсэн бохир усаа асгах хамгийн хямд арга нь гол нуур луу цутгах болж байгаа юм.

Хувцас үйлдвэрлэлд ашигладаг бүх химийн бодис, уусгагч нь аюултай байдаггүй боловч Дэлхийн банк зөвхөн даавуу буддаг 72 хорт бодисыг тогтоосон байдаг.

Эдгээр нь усанд ормогцоо далайн ургамлуудын фотосинтезлэх байдлыг алдагдуулж, усан дах хүчилтөрөгчийн хэмжээг бууруулдаг нь усны амьтан, ургамлыг хордуулж хөнөөдөг байна.

Хаягдал усанд байгаа химийн бодисуудыг шүүж авахад маш хэцүү бөгөөд энэ нь байгаль орчинд маш сөргөөр нөлөөлж байна.

Хүний нөлөөлөл

Нэхмэл даавуун үйлдвэрээс үүдэлтэй усны бохирдол нь үйлдвэрлэгч орнуудын хувьд том асуудал бөгөөд ихэнх нь хямд ажиллах хүчний их нөөцтэй Азид байдаг.

 Байгаль хамгаалагч Ма нь арав гаруй жилийн өмнө Бээжинд төвтэй Байгаль орчны хүрээлэнг (IPE) байгуулахад дэлхийн хамгийн том хувцас үйлдвэрлэгч Хятадын  олон гол, нуурууд маш их бохирдолтой байсан буюу ихэнх нь амьдралгүй үхмэл болсон байжээ.

Ма-гийн хэлж буйгаар, үйлдвэрүүдийн ойролцоо амьдардаг хүмүүс хамгийн ихээр бохирдлыг мэдэрдэг байна. Мөн жил ирэх тусам Чиантан голын загас багассаар загас зарж амьдралаа залгуулдаг байсан загасчид огт орлогогүй болжээ.

Бангладешийн нэгэн иргэн мөн гол руу явахаа больсон тухайгаа ярихдаа хүмүүс очиж нүүр гараа угаах тохиолдол их байсан ч гар нүүрэн дээр нь шарх үүсэх тохиолдлууд их гарах болсон тул ойр орчмын иргэд зүглэхээ больжээ.

Эх сурвалж: CNN.COM