Солонгосын дайнд амь үрэгдсэн 117 хятад цэргийн шарил эх орондоо иржээ

Дэлхийн мэдээ

Коронавирусийн улмаас хойшилсон, жил бүр зохион байгуулагддаг арга хэмжээний хүрээнд 1950-1953 оны Солонгосын дайнд амь үрэгдсэн 117 хятад цэргийн шарилыг нутагт нь буцаажээ.

БНСУ-ын тал Инчон нисэх онгоцны буудал дээр шарилуудыг БНХАУ-д дамжуулан өгч, улмаар БНХАУ-ын цэргийн тээврийн онгоц шарилуудыг Шеньян хотод аваачсан байна. Солонгосын хойгт болсон дайнд БНХАУ-ын цэргүүд БНАСАУ-ын талд орж, АНУ-ын удирдсан АНУ, БНСУ-ын армийн эсрэг байлдсан билээ.

Хамгийн сүүлд нутаг буцаасан дээрх 117 шарилын ихэнх нь хоёр Солонгосыг заагладаг цэрэггүй бүсээс олдсон аж. Энэ удаагийн арга хэмжээ долоо дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд 2014 онд 437 шарил нутаг буцааснаас хойш хамгийн олон шарил нутаг буцааж буй үйл явдал болжээ. Ийнхүү нийт 716 шарил эх орондоо буцаад буй юм байна.