Өвөөгийн зөнгөөр өрнөж яваа “King Tug”

Соёл урлаг, Спорт

Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт одоогоос 11 жилийн өмнө 17-тойдоо ДАШТ-ний, 20 насандаа “Лондон-2012” олимпын наадмын мөнгөн медаль хүртсэн, Монголын боксчдоос хамгийн залуудаа ийм өндөрт хүрсэн тамирчин билээ.

Түүний өвөөгийн удамд Төгсцогт гэдэг бөх 1900-гаад оны эхээр амьдарч байсан гэдэг. Тэр бөх Даншиг наадамд түрүүлж “Улам өрнөх” цол авч байжээ. Энэ бөхийн удамд төрсөн Н.Төгсцогт хүүг сайн бөх болохыг бэлгэдэж, түүний өвөө нь ууган ачдаа Улам-Өрнөх Төгсцогт гэдэг нэр хайрласан гэдэг.  

Өвөөгийн зөн совин зөрөөгүй. Ууган ач нь өвөөгийнхөө зөгнөснөөр улам өрнөж, ам­жил­таа бататгасаар   мэргэж­лийн боксын ертөнцөд цахиур хагалж монголчуудынхаа бүүр дэлхий нийтийн чихийг дэлдийлгэж явна.

 Н.Төгсцогтын мэргэжлийн боксын ринг дэх анхны өрсөлдөгч нь АНУ-ын 30 настай Габриэл Брэкстон байв. Тэрбээр 2015 оны гуравдугаар сарын 13-нд Брэкстоныг эхний раундад /50 сек/ хүнд цохилтоор ялж, мэргэжлийн боксын гараагаа эхлүүлсэн юм. Түүний дараагийн тулаан АНУ-ын Калифорни мужийн Карсон хотноо Мексикийн боксчин Мануэль Рубалкаватай хийсэн бөгөөд түүнийг нэг минут 24 секундэд буулгаж авсан. Мексикийн боксчин Артуро Бадилло түүний гурав дахь өрсөлдөгч байсан бөгөөд Бадиллогийн дасгалжуулагч татгалзсанаар ээлжит ялалтаа авлаа. Дөрөв дэх тулаанаа Калифорни Коста-Месад 2015 оны арванхоёрдугаар сарын 03-нд Мексикийн тулаанч Педро Мелотой хийж хоёрдугаар раундад хүнд цохилтоор ялсан.

Түүний тав дахь өрсөлдөгч нь АНУ-ын Хуан Руйз байлаа. Тэр эхний дөрвөн үе тэсээд л ялагдсан. Н.Төгсцогт АНУ-ын Миссисипи мужийн Туника хотноо “Horseshoe Tunica Hotel&Casino”-д “Dynamite” хочит Рафаэль Васкестай зургаа дахь тулаанаа хийж, эхний үед буюу минут 24 секундэд өрсөлдөгчөө буулгаж авлаа. АНУ-ын Калифорни мужийн Коста Меса хотын “Orange Сounty Fair” цогцолборт Мексикийн Г.Меразтай Н.Төгсцогт мэргэжлийн боксын долоо дахь тулаанаа хийж YI раундад Г.Марез бууж өгсөн. Түүний найм дахь тулаан Филиппиний Жон Хеминотой хийсэн тулаан байсан бөгөөд “King Tug” найм дараалан ялсан. 

“King Tug” 2018 онд Их эзэн Чингис хааны төрсөн өдөр мэргэжлийн боксын ринг дээр 9 дэх ялалтаараа монголчууддаа бэлэг барилаа. Тэрбээр Филиппиний боксчин 23 настай Хармонито Дела Торретэй тулалдсан. “Алх” хочит Торре мэргэжлийн рингэнд 19 тулаан хийж, нэг ч ялагдаагүй байсан юм. Хүнд тоглолтын эцэст гурван шүүгч гурвуулаа Н.Төгсцогтод санал өгч, тэрбээр ес дэх ялалтаа авсан. “King Tug” 2018 оны тавдугаар сард 10 дахь тулаанаараа Колумбын Оскар Эскандоныг нам цохив. Ийнхүү дараалсан 10 тулаанд ялалт байгуулсан. 

Төгсөө мэргэжлийн боксын 11 дэх тулаанаа Доминиканы боксчин Клаудио Маррейротой 2019 нэгдүгээр сарын 26-нд Нью-Йорк хотын Бруклин “Barclays Center”-т хийсэн юм. Тэдний хэн ялсан нь IBO холбооны Дэлхийн аварга болох байв. Мөн ялагч нь WBC холбооны 57,2 кг-ийн жингийн аварга АНУ-ын Гэри Расселлтай тулалдах болсныг WBC албан ёсоор зарласан. К.М.Гузман 29 настай, 2010 оноос мэргэжлийн боксоор 25 тулаан хийж 23 ялж /17 КО буюу хүнд цохилт/, хоёр удаа ялагдсан байна. Мөн 2012 онд WBC -ийн Төв Америкийн аварга болсон бөгөөд хоёр ч удаа аварга цолоо хамгаалжээ. Тэр 2017 оны дөрөвдүгээр сард WBC, IBO---гийн аварга болсон цолоо хамгаалж чадаагүй бөгөөд WBC-ийн чансааны хоёрдугаарт бичигдэж байлаа. 

Гавьяат тамирчин Н.Төгсцогт мэргэжлийн боксын 11 дэх тулаанд Доминиканы боксчин К.М.Гузмантай үзэж, раунд бүрт илүүрхсээр, 12 дугаар раундад өрсөлдөгчдөө ялснаар IBO холбооны Дэлхийн аварга цолын эзэн болсон юм.

“King Tug” улмаар IBO- гээс WBC холбооны аваргын төлөө рүү өгсч яваа тамирчин.

Мэргэжлийн боксчин Н.Төгсцогтын АНУ-ын тамирчин, 31 настай Гери Рассельд ялагдсаныхаа дараа хийж байгаа энэ тоглолт олны анхаарлын төвд байгаа. Яагаад гэвэл манай гавьяат энэ өрсөлдөгчөө ялбал түрүүнд ялагдсан Гери Рассельтай дахин тулалдаж даагаа нэхнэ.  

 Энэ удаа түүний өрсөлдөгч нь Барбадос улсын тамирчин Кобиа Брийди байлаа. Өдгөө 28 настай тэрээр 2014 онд мэргэжлийн бокс руу шилжиж, нийт 15 тулаан хийн, 15 удаа ялалт байгуулжээ. Тэр дундаа таван өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авсан хүчирхэг тамирчин аж. Анх гарсан төлөвлөгөө ёсоор бол Н.Төгсцогттой Мексикийн боксчин Эдуардо Рамирес тулалдах байсан ч тэрээр тулаанаас хоёр долоо хоногийн өмнө коронавирус тусч тулалдах боломжгүй болжээ   

Мэргэжлийн боксын IBO холбооны аварга, МУГТ “King Tug” хочит Нямбаярын Төгсцогт дэлхийн ринг дээрх замналын 13 дахь тулаандаа ялалт байгуулснаар WBC холбооны аваргын бүсийн төлөө Гари Расселлтай дахин хүч үзэх эрхтэй боллоо.

Эх сурвалж: “Монголын мэдээ” сонин

2020.9.21 ДАВАА № 076 (5376)