Селфигээр танигдсан ч хийсэн ажил үгүй

Улс төр

-Халуун зунаар утааны эргүүлүүдийн цалинг нэмэх гэнэ-

Нийслэлчүүдэд “селфи”-чин хүүхэн гэдгээр танигдсан хүн бол НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Засаг даргын Агаар орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал. Мань хүн Шадивлин зусланд гарсан түймрийн өмнө селфи зураг авснаа олон нийтэд дэлгэснээр жинхэнэ од болсон.

 

Уг нь тэр хийсэн ажил, хэрэгжүүлж буй төсөл, түүнийхээ үр дүнгээр танигдах учиртай хүн. Харамсалтай нь хийж, хэрэгжүүлснээр маруухан түүний хувьд Нийслэлийн Засаг даргын Агаар орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагчаар ажилласан нэр зүүж яваа.

 

Нэр зүүж яваа гэдэг нь ч учиртай. Түүнийг НИТХ-ын төлөөлөгч болон дээрх төслийн удирдагч болоход МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн нөлөө их байсан гэдэг. Тэд нэг нутгийнх учраас гол усандаа биш юмаа гэхэд амьдарч байгаа нийслэлдээ биесээ түшиж, “томроход” нь тусалдаг аж.  

 

Тэр ч өөрийг нь өөд нь татсан намдаа хариуг нь хангалттай барихын тулд албан тушаалаа ашиглан сонгуулийн сурталчилгаанд хүчин зүтгэх ухуулагч нарынх нь урамшууллыг олгох буй бололтой. Тодруулбал, анх Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос 4604 хүний бүтэцтэй орон тооны бус сайн дурын ажилтанг хянагчаар ажиллуулахаар  бэлтгэж, 50 орчим мянган төгрөгийн цалин авч, айл өрхийн түлшний хэрэглээг хянаж ажиллана гэж мэдээлж байв. Энэ бол жил орчмын өмнө өгч байсан мэдээлэл. Үүнийхээ дагуу идэвхтэн эргүүлүүдийг өвлийн улиралд ажиллуулж хяналт тавьсан. Ингэхдээ нэг хүнд 75000 төгрөгийн урамшуулал цалин олгож байв. Харин одоо дулааны улиралд хянагч эргүүлүүдийн цалинг нэмэгдүүлэхээр яригдаж эхэлжээ. Тодруулбал 3, 4, 5, 6 дугаар сард түүхий нүүрс түлж буй эсэхэд хяналт тавих 4700 хүний цалинг нэмэгдүүлж 250 мянга болгохоор төсөвлөсөн нь хардлага төрүүлж байна. Тэдгээр хянагч нар нь ихэнхдээ гэр хорооллын хороодын хэсгийн ахлагч нар буюу МАН-ын үүрийн гишүүд байдаг. Тэгэхлээр гэр хорооллын өрхүүдийн галлагаа зогсчхоод байхад түүхий нүүрс хэрэглэгчдийг хянах эргүүлийн цалинг нэмэгдүүлэх зорилгоор МАН сонгуулийн үеийн ухуулагч нарынхаа урамшууллыг Агаар орчныг бохирдол бууруулахад хувь нэмрээ оруулагчдаар халхавчлан олгох гэж байна гэж ойлгохоос аргагүй.

 

Урин дулааны цагт энэ мэт башир аргаар мөнгө "зулгааж, зувчуулж" чадаж байгаа хүмүүс үүнээс өмнө бүр ч ихийг гулсуулж, гулгуулсан байх магадлалтай. Тиймээс ч төрийн өмчийн гэх тодотголтой "Таван толгой түлш" компанид аудитын шалгалт оруулах эсвэл АТГ-ынхан энэ асуудалд анхаарлаа хандуулж, мөрдөн шалгахад гэмгүй л болов уу. 

 

Энэ  зэргийн ажлыг Нийслэлийн Засаг даргын Агаар орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал өлхөн хийнэ. Учир нь тэрбээр өмнө нь ч төр, түмний төлөө бус түрийвчээ түнтийлгэхийн төлөө ажиллаж буйг нь хэвлэлийнхэн багагүй мэдээлсэн байдаг.

 

Тухайлбал, өөрийнхөө эзэмшдэг компани, ашиг сонирхол нэгтэй байгууллагуудаа санаатай болон санамсаргүй байдлаар хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тэмдэглээгүй нь өдгөө АТГ-ын цахим бүртгэлд дэлгэрэнгүй бий.

 

Түүний танилцуулгад 2006-2016 “Жаргалан” үндэсний цогцолбор сургуульд ажилласан хэмээн бичигдсэн байдаг. Гэхдээ өөрийн нөхөр Р.Эрдэмдэлгэртэйгээ хамтран байгуулсан Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд байрлах “Жаргалан гурав”  хэмээх цэцэрлэгийнхээ тухайгаа огт бичээгүй.

 

Улсын бүртгэлд бол “Жаргалан гурав” гэх хуулийн этгээдийн эзэмшигч нь Д.Мөнхжаргалын нөхөр Р.Эрдэмдэлгэр байдаг. Мөн 2015 онд Нийслэлийн Засаг даргын А/426 дугаар захирамжаар цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлөө авсан байдаг. Харин 2016 оноос буюу Д.Мөнхжаргалын НИТХ-ын төлөөлөгч болсон цагаас эхлэн улсын болон орон нутгийн төсвөөс их хэмжээний татаас авдаг болжээ. Товчхондоо, Д.Мөнхжаргалын гэр бүлийн эзэмшдэг хувийн цэцэрлэг гурван жилийн хугацаанд 458.448.600 төгрөг авсан.

 

Мөн Д.Мөнхжаргал нөхөр Р.Эрдэмдэлгэртэй хамтран 2014 оны зургадугаар сарын 14-ний өдрөөс эхлэн “АХОБ” гэх компанийг хамтран эзэмших болсон. Энэ компанийнхаа тухай АТГ-т гаргасан хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бас л огт мэдүүлээгүй. Энэхүү АХОБ ХХК “Сансар зуслан”-г ажиллуулдаг. Тус зуслангийн толгой компани буюу “АХОБ” ХХК Нийслэлийн гэр бүл, хүүхэд залуучуудын газартай 2018 оны зургадугаар сарын 19-ний өдөр гэрээ байгуулж, 4.950.000 төгрөгийн санхүүжилт, 2018 оны долдугаар сарын 27-ны өдөр дахин гэрээ байгуулж 3.935.400 төгрөгийн санхүүжилт авсан байдаг. Ийнхүү сар орчмын хугацаанд бараг тэрбум төгрөгийн санхүүжилт авчхаж  байгаа юм

.

 

Үнэндээ селфичин даргын хувьд ХОМ-тээ дурдаагүй аж ахуйн нэгжүүдээрээ төрөөс мөнгө авч сурсан шигээ иргэдийн татварын мөнгийг намынхаа ухуулагч нарт олгохоор зэхэж буй нь намдаа хариу барьж буй бэлэг гэж хардахаас өөрөөр юу гэж ойлгох вэ.