“Дагаж, салбаганах...” гэдэг чинь энэ бус уу?

Эрэн сурвалжлах

Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 8-нд буюу хэдхээн хоногийн өмнө Эрчим хүчний яаманд ажиллаж тус салбарын ажил, өвөлжилтийн бэлтгэлтэй танилцсан. Энэ үеэр тэрбээр уг үйл ажиллагаанд оролцсон Эрчим хүчний яамны зарим төлөөлөлд хандан "Та нарыг хэн яв гэсэн юм. Хэрэгцээгүй, ач холбогдолгүй хүмүүс сандал бөглөөд... Хэрэгцээгүй хүмүүсийг битгий авч явж бай. Ажлаа хийх хэрэгтэй. Дарга нар ирэхээр бөөнөөрөө дагаж, салбаганадгаа боль" хэмээн сүржиндүү зэмлэсэн билээ. 

Гэтэл ингэж хэлснээсээ гуравхан хоногийн дараа Ерөнхий сайд маань “хэрэгцээгүй” байж болзошгүй хэсэг хүмүүс дагуулаад Архангай, Булган, Өвөрхангай аймагт ажиллав. 

Тодруулбал, тэрбээр соёлын өв дагасан аялал жуулчлал хөгжүүлэх зорилгоор дээрх аймгуудын түүхэн дурсгалт газруудаар орсон аж. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг  УИХ-ын найман гишүүн, Засгийн газрын дөрвөн сайд, за тэгээд албаны бусад хүмүүс дагажээ. 

  Ерөнхий сайд У.Хүрэлсүх Архангай аймагт ажиллахдаа аймгийн төвд бус Цэнхэрийн халуун рашааны тансаг амралтанд буудалласан байна. Түүнд зориулан аймгийн удирдлагууд асар, майхан хүртэл барьж угтжээ. Үүнийг харсан хүмүүс Ерөнхий сайд ажиллаж явна уу рашаанд амарч байна уу гэлтэй. Мөн Ерөнхий сайдыг дагалдагсад 20 орчим том оврын жийп машин хөлөглөснийг хараад “хэрэгцээгүй хүмүүс... хайран зардал” гэж халаглах нь олон байлаа.

Я.МОНГОЛ