Н.Төгсцогт “Монгол Үндэстэн Монгол хэл бичиг үүрд” гэсэн бичигтэй өмсгөл өмсөнө

Соёл урлаг, Спорт

Монгол Улсын гавьяат тамирчин, Олимпийн мөнгөн медальт Нямбаярын Төгсцогт есдүгээр сарын 19-нд хийх тулааныхаа үеэр “Монгол Үндэстэн Монгол хэл бичиг үүрд” гэсэн бичигтэй өмсгөл өмсөнө.

Тэрбээр өөрийн албан ёсны фэйсбүүк хуудаснаа шинэ өмсгөлийнхөө зургийг байршуулсан бөгөөд “Тулаан эхлэхэд яг долоо хоног үлдлээ. Үндсэн бэлтгэлээ дууслаа. Маргааш шинэ оргил руу тэмүүлэхээр зорино. Монгол хүний арга ухаан, хүч чадлыг харуулж , босоо бичиг шигээ босоо хийморьтой тулалдахыг бүх талаараа хичээх болно” гэжээ. Мөн өмсгөл бүхий зураг дээрээ #savemongolianlanguage хаштагийг тавьжээ.

Н.Төгсцогт энэ удаагийн тулаанаа Мексикийн боксчин Эдуардо Рамирезтай хийнэ. “WBC” холбооны хөнгөн жингийн чансааг Монгол Улсын гавьяат тамирчин, Олимпийн мөнгөн медальт Н.Төгсцогт тэргүүлж эхэлсэн бол Эдуардо Рамирез одоогийн байдлаар 28 тулаан хийснээс 23 ялж, хоёр ялагдаж, гурав тэнцсэн үзүүлэлтээр IV байрт бичигдэж байгаа юм.