МОНГОЛ, ХЯТАДЫН ЗАМЫН-ҮҮД-ЭРЭЭНИЙ ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БҮСИЙН АЖЛЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ БОЛОВ

Нийгэм, Эдийн засаг

    Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд байгуулсан “Замын-Үүд, Эрээний Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай” хэлэлцээрийг эрчимжүүлэх ажлын хүрээнд хамтарсан гүйцэтгэх зөвлөлийн анхдугаар хуралдааныг зохион байгуулах ажлын түвшний уулзалт БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотноо зохион байгуулагдаж байна.

Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний Эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн хамтарсан гүйцэтгэх зөвлөлийн анхдугаар хуралдааныг зохион байгуулах ажлын түвшний уулзалтыг Эдийн засаг, хөгжлийн яам ахалж, Гадаад харилцааны яам, Барилга, хот байгуулалтын яам, “Замын-Үүд” чөлөөт бүс, Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар болон Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотод суугаа Консулын газрын төлөөллүүд оролцов. Хятадын талаас ӨМӨЗО-ны Худалдааны танхим, Аж үйлдвэр мэдээлэл технологийн танхим, Зам тээврийн хэрэг эрхлэх хөгжлийн төв, Хөх хотын Гаалийн нэгдсэн үйлчилгээний газар, Хилийн шалган нэвтрүүлэх ерөнхий товчоо зэрэг байгууллагын 20 гаруй төлөөллүүд оролцов.

Энэхүү удаагийн уулзалтаар талууд бүсийг хамтран хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний төслийг шинэчлэн боловсруулах ажлыг уялдуулах, бүсийг хил дамнасан байгууламжаар холбох, улсын хилийн огтлон гарах цэгийн байршлыг тогтоох хамтарсан техникийн ажлын хэсгийг орон нутгийн түвшинд байгуулахаар тохиров.

Мөн монголын талын ажлын хэсэг нь Эрээн хотын Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс дээр ажиллаж, хятадын талын бүтээн байгуулалтын явцтай танилцаж байна.