С.НАРАНЦОГТ: НЭГДЭЛ МААНЬ НЭЛЭЭД БЭХЖСЭН Ч ДАХИН САЙЖРУУЛАХ, БЭХЖҮҮЛЭХ ЗҮЙЛҮҮД БАЙГАА

Нийгэм, Эдийн засаг

М.ДАВАА

“Эрдэнэс Монгол” нэгдэл нь улсын стратегийн өндөр ач холбогдолтой орд газруудад төрийн төлөөллийг хэрэгжүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор байгуулагдаад 10 гаруй жил өнгөрсөн гэдгийг уншигч та бүхэн сайн мэдэж байгаа. Харин “Эрдэнэс Монгол” гэх энэ нэгдэл группийн зарчмаар ажиллахаар болсон байгаа. Энд нэг зүйлийг хэлэхэд нэгдлийн бүтцээ шинээр тодорхойлж, бодлогын баримт бичгээ боловсруулан дуусах шатандаа явж байгаа гэдгийг албаны хүмүүс нь хэлж байгаа. Түүнчлэн Засгийн газраас ч “Эрдэнэс Монгол” нэгдлийн үйл ажиллагааг дэмжин ажиллахын сацуу цаашид нэгдлийн харьяа компаниудын бизнесийн шийдвэрт оролцохгүй байх бодлого барьж байгаа юм байна. Эрдэнэс Монгол ХХК-ийн хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар Гүйцэтгэх захирал С.Наранцогттой ярилцлаа.

-Засгийн газраас “Аж үйлдвэрийн сэргэлт”-ийн хүрээнд томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа. Тэгвэл “Эрдэнэс Монгол” нэгдлийн тухайд шинэ сэргэлтийн бодлого, “Аж үйлдвэрийн сэргэлт”-д ямар манлайлалтай оролцож байна вэ?

-Төрийн том уул уурхайн компаниудыг нэгтгэн нэгдэл болж ажиллаж байгаагийн хувьд Засгийн газраас дэвшүүлсэн Шинэ сэргэлтийн бодлого түүний дотроос “Аж үйлдвэрийн сэргэлт”-ийг манай нэгдэл манлайлж ажиллахаас аргагүй шүү дээ. Тиймээс бид шинэ сэргэлтийнхээ зорилттой уялдуулж стратеги төлөвлөгөөгөө гаргасан. Үүндээ ашигт малтмал боловсруулах, үндсэн боловсруулах үйлдвэрүүдээ уурхайгаа түшиглэн байгуулах, эдгээр үйлдвэрүүдээ үйлдвэр технологийн паркын загвараар хөгжүүлэх, түүнийг хариуцаж ажиллах компанийг байгуулах, үйл ажиллагааг нь тодорхой болгох, ерөнхий төлөвлөлт зэрэг ажлуудаа хийж байна. “Аж үйлдвэрийн сэргэлт”-д “Эрдэнэс Монгол” нэгдэл их чухал үүрэгтэй, манлайлан ажиллана.

-Ямар ямар төслүүд онцолж яригдаж байна вэ. Тухайлбал, үйлдвэр технологийн парк/ҮТП/ гэж ярилаа шүү дээ?

-Төрийн компани бүх зүйлийг хийх боломжгүй, нөгөөтэйгүүр буруу. Тэгэхээр бид үндсэн түүхий эдээ эзэмшиж, олборлодгийнхоо хувьд боловсруулалт хийх, энгийн үгээр хэлэхэд хагас боловсруулсан бүтээгдэхүүн бэлтгэж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хувийн хэвшлийнхэн болон хөрөнгө оруулагчдыг дэмжих ёстой. Тиймээс ҮТП дээр хувийн хэвшлүүдэд энэ орон зайг үүсгэхээр төлөвлөлтдөө оруулсан. Жишээлбэл, зэс хайлуулах үйлдвэрээс катодын зэсийг гарган, түүнээс олон үе шаттай эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрүүдийг байгуулах боломжтой. Эдгээрт үндсэн түүхий эд болох катодын зэсийг бид үйлдвэрлэн дотоодын үйлдвэрийнхээ хэрэгцээг хангахын зэрэгцээ экспортлоно. Мөн ялгаагүй, ган боловсруулах үйлдвэрийн тухайд ч адил.

Өөрсдөө 500 мянган тонн ган бэлдэцийг экспортлох, барилгын үндсэн хийц үйлдвэрлэх үйлдвэрүүдээ байгуулах түүнчлэн хувийн хэвшил болон хөрөнгө оруулагчдыг машин техникийн эд ангиас эхлээд энгийн, эцсийн металл ган хийцийн бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэх нөхцөл бололцоог бий болгох төлөвлөлтийг давхар хийж байна. Үүгээрээ “Аж үйлдвэрийн сэргэлт” нь төр, хөрөнгө оруулагч, хувийн хэвшлийн хамтын оролцооны үндсэн дээр явагдах юм. Ер нь хөрөнгө оруулагч, хувийн хэвшлийнхэнд “дэд бүтэц, үндсэн түүхий эдээ яаж бий болгох вэ” гэдэг асуудал үйл ажиллагаанд нь маш том саад тотгор, хязгаарлагч хүчин зүйл болдог л доо. Энэ нь нэгдэж чадахгүй удсаны нэг том шалтгаан нь байсан, үүнийг нь бий болгоод өгөхөөр аяндаа хийгдэнэ. БНХАУаас ган бэлдэцээ оруулж ирээд, “Toyota”-гийн боолт үйлдвэрлээд Японруу гаргадаг үйлдвэр байгаа шүү дээ. Бид бэлдэц, түүхий эдээ дотооддоо үйлдвэрлэснээр уул уурхай, ХАА-н сэлбэг тоног, төхөөрөмж, бусад ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импортын бүтээгдэхүүнийг орлох түүнчлэн эдийн засгийн урсгалыг эх орондоо үлдээх боломж бий болно.

-Ерөнхий сайд Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна гэдгээ хэлсэн. Үүнтэй холбоотойгоор танай нэгдэл дээр ямар ажил хийгдэж байна вэ?

-Эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд энэ ордод эдийн засгийн үр ашигтай ямар баялаг байгаа вэ олон улсын стандартын дагуу тогтоож байж хөрөнгө оруулагчид орж ирнэ. Уг ордын газар зүйн байрлал, уул, геологийн нөхцөл хүнд учраас баялгаа зөв тодорхойлохгүй бол хөрөнгө оруулалт хийхэд эрсдэлтэй. Тиймээс олон жил эдийн засгийн эргэлтэд ороогүй тул бид хөрөнгө төсвөө гаргаад манайхны ярьдгаар дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Австралийн Жорк стандартын дагуу баялаг, нөөцөө тогтоох бэлтгэл ажлууд давхар хийгдэж байгаа. Ирэх онд бид нөөц, баялгаа тогтоогоод хөрөнгө оруулагчдад үзүүлж харуулах юмтай болчих байх, ажлын ахиц ч сайн байгаа.

-Эрдэнэс монгол компани засаглалын хувьд нэлээд их өөрчлөлтийг гаргаж байгаа. Нэгдэлд 40 гаруй компани байсан бол үр ашгийн хувьд тооцоолол хийж 30 гаруй болсон гэж ойлгосон. Үүнтэй холбоотойгоор олон нийтийн дунд нэлээд маргаан, талцал бий болсон, засаглалын хувьд хэр бэхжсэн бэ?

-Тодорхой төсөл хэрэгжүүлэх, ашигт малтмал, уурхайг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор компани төслийн нэгжүүд нэлээд байгуулагдсан. Мэдээж эдгээр нь анхны зорилго сайн байсан боловч үйл ажиллагаа нь удааширч зорилгоо биелүүлэхэд хүндрэлтэй болсон нэгжүүдийг татан буулгах, хооронд нь нэгтгэх арга хэмжээг авсан. Мэдээж энэ нөхцөлд орон тоо болон удирдлага гээд ажилгүй болсон зүйлүүд бий, үүнээс үүдэн дургүйцэх, эсэргүүцэх, буруу зөрүү ярих гээд юмнууд гарч байгаа байх. Бид ингэж шийдвэртэй байж бодит, үр дүн гарах ажлуудаа хугацаанд нь гаргаж явахгүй бол төрийн компаниуд данхайх, үргүй зардал ихсэх, өрийн сүлжээ бий болох зэрэг асуудлууд үргэлжлэн, давтагдаж, улам томорно л гэсэн үг. Засаглал, стратеги төлөвлөлтийн хувьд ч гэсэн нэлээд ахиц дэвшил гарсан, гэхдээ дахиад ч сайжруулах зүйлүүд бий гэдэг нь үйл ажиллагааны явцад харагдаж байна. Зөв зүйлийг зоригтой хийгээд явна, цаашдаа ч үргэлжилнэ гэж бодож байна.

-Хөтөлийн цемент шохойн үйлдвэр хамгийн сүүлд Эрдэнэс монгол нэгдэлд нэгдсэн. Уг үйлдвэрийг шинэчлэх асуудал яригдаж байгаа төдийгүй хөрөнгө оруулалтыг нь Эрдэнэс монгол компани санхүүжүүлнэ гэсэн. Энэ төсөл дээр хэдий хэмжээний хөрөнгө оруулалт, ямар нөөц боломжоос санхүүжүүлэхээр төлөвлөж байгаа талаар мэдээлэл өгөөч?

-Санхүүгийн бүтцийн хувьд манай нэгдэлд том компаниуд орж ирж байна. Урьд нь менежментийн төлбөр гэдэг зүйл бодитой хэрэгждэггүй явж ирсэн юм билээ. Цаашдаа компаниуд ноогдол ашгаараа зөв хөрөнгө оруулалт хийж, зөв төсөл хөтөлбөрүүд явуулдаг схемд оруулж байна. Том компаниуд нэгдэж байгаа учир толгой компани дээр төвлөрч байгаа санхүүгийн боломж нэлээд сайжирсан. Бид энэ боломжоо ашиглаад чухал шаардлагатай төслүүдээ санхүүжүүлнэ, гэхдээ бүр том төслүүдийг санхүүжүүлэх боломжгүй. Шохойн үйлдвэрийн хувьд 60 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй. Уг үйлдвэр маань Эрдэнэт үйлдвэр, Дархан төмөрлөгийн үйлдвэр гээд нэгдлийн компаниудын үндсэн түүхий эдийг үйлдвэрлэх, цаашлаад барилгын материалын үйлдвэрийн цогцолбор баригдахад барилгын үндсэн түүхий эдийг үйлдвэрлэх ач холбогдолтой. Тиймээс бид толгой компанийн хөрөнгө оруулалтаар эхний ээлжид санхүүжүүлэхээр ажиллаж байна.

-Монголчуудын хувьд гуравдагч орны хөрөнгө оруулалт гэдэг талаас харвал Францын Орона групп болон Бадрах Энержи, Мон-Атом компанийн хооронд яригдаж байна. Тэгэхээр энэ хөрөнгө оруулалтын гэрээний талаар ажлын хэсэг ч байгуулагдан тус улсаас төлөөллүүд ирж ажилласан. Энэ аравдугаар сард Ерөнхийлөгч маань ч тус улсад айлчилна. Энэ тал дээр мэдээлэл өгөөч, ямар ажлууд хийгдэж байна вэ?

-Засгийн газраас Х.Нямбаатар сайдаар ахлуулсан ажлын хэсэг томилогдон ажиллаж байгаа. Мөн дотроо дэд ажлын хэсгүүд бий, нэг ажлын хэсгийг нь би ахалж байна. Хөрөнгө оруулагч талтайгаа санал солилцоод, ажил нэлээн эрчимтэй явж, ерөнхий нөхцлийн дүр зураг гарсан ч эцэслээгүй байгаа. Мэдээж Ерөнхийлөгчийн айлчлал энэ ажлыг хурдасгахад улс төрийн дэмжлэг болох нь ойлгомжтой. Төслийн хувьд Оюутолгойтой харьцуулахад харьцангуй жижиг төсөл ч, бүтээгдэхүүн нь өөрөө стратегийн чухал ач холбогдолтой. Мөн гуравдагч хөршийн хоёрдогч том хөрөнгө оруулалт гээд олон талын ач холбогдолтой юм. Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээн дээр өмнө гаргасан гэж яригддаг алдаа дутагдлыг гаргахгүй гэдэг үндсэн зарчмыг ажлын хэсэг болон хөрөнгө оруулагчдын тал нэг шугам дээр ойлголттой байгаа тул боломжийн гэрээний нөхцөл тохирчих байх гэж бодож байгаа.