Якоб Стаусхолм: “Оюу Толгой” дэлхийн хамгийн чухал зэс үйлдвэрлэгчдийн нэг болох эхний алхмаа хийлээ

Нийгэм, Эдийн засаг
“Rio Tinto”-ийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолмтой ярилцлаа

- “Оюу Толгой”-ийн гүний уурхайн үйл ажиллагаатай холбоотой асар том бүтээн байгуулалт энд явагдаж байна. Одоогоор энэхүү уурхай нь дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болох төлөвтэй байна шүү дээ. Тэгэхээр “Rio Tinto”-ийн зэсийн зах зээлд дэх стратеги юу байх вэ? “Оюу Толгой”-той холбож үзвэл?

- Баярлалаа, өнөөдөр бол яах аргагүй баярын өдөр. Яг л энд, “Оюу Толгой”-д бид бүхний хүрсэн ололт амжилтаар би маш их бахархаж байна. Энэхүү бүтээн байгуулалтыг хийж буй нийт хүмүүсийн 97 хувь нь монголчууд. Бүтээн байгуулалт яах аргагүй дэлхийн түвшнийх. Бидний стратеги бол зэсийн салбарт үйл ажиллагаагаа тэлэх явдал. Зэс нь олон мянган жилийн турш гол материал байсаар ирсэн. Харин яг одоо бол бид уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхийг хичээж байна.

Дэлхий нийтээр уур амьсгалын өөрчлөлтийг шийдвэрлэхийг оролдож байгаа нь үндсэндээ эрчим хүчний цоо шинэ системийг бий болгох явдал юм. Зах зээлд цахилгаан автомашиныг нэвтрүүлж, нийгэмд цахилгаан эрчим хүчний чиглэлд чиглэлд шилжилт хийн, эрчим хүчний шинэ системийг бүтээн байгуулахад бүр ч илүү их хэмжээний зэс шаардлагатай.

Цаашид ч дэлхийн хэмжээнд зэсийн эрэлт хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байгаа. Бид ч бас энэ бүхний нэг хэсэг байхыг хүсэж байна. Бид 15 жилийн өмнөөс буюу “Оюутолгой” төсөлд эхний шатанд нь  хөрөнгө оруулсан нь их нүдээ олсон алхам гэж бодож байна. Үүнээс гадна манай компани өнгөрсөн онд “Turquoise Hill Resources” компанийг бүхэлд нь эзэмших болсoн. Ингэснээр Монгол Улсын Засгийн газрын хамтаар “Оюутолгой” төслийн шууд хөрөнгө оруулагч болсондоо тун таатай байгаа. Энэ нь манай стратегид яв цав нийцэж байна. 

- Өмнөговьд бидний байгаа энэ газар БНХАУ-ын хилээс ойролцоогоор 80 км орчмын зайд байрладаг. БНХАУ-ын зах зээлд эрэлт цаашид ямар байна гэж та харж байна? Мөн эрэлтэд нөлөөлж буй гол хүчин зүйлийг та юу гэж тодорхойлох вэ? 

- БНХАУ-ын зах зээл асар том. Дэлхийн нийт зэсийн эрэлтийн бараг 50 орчим хувийг БНХАУ бүрдүүлж байна. Логистикийн хувьд Монгол Улс таатай нөхцөлд байгаа. Яг одоо БНХАУ Covid-19-ийг Үл тэвчих бодлогоо сулруулж, эдийн засгаа нээж байгаатай холбоотойгоор зэсийн эрэлт ойрын хугацаандаа маш сайн байна гэж бодож байна. 

- Танай компанийн “ногоон хөгжил”-ийн санаачилгуудын талаар хөндмөөр байна. Нүүрсхүчлийн хийн ул мөрөө боломжит хамгийн бага түвшинд хүргэх “Rio Tinto”-ийн стратеги юу вэ? “Оюутолгой” болон хилийн чанад дахь бусад уурхайнуудын хувьд?

- Баярлалаа. Цаг уурын өөрчлөлтийг бид ямар байдлаар харж байна вэ гэхээр энэ нь өөрөө бас боломж. Бидний нийлүүлдэг бүтээгдэхүүнүүдийн эрэлт өснө гэдэг утгаараа. 

Үүнээс гадна энэ бол сорилт. Яагаад гэвэл манай компани нүүрсхүчлийн хийн томоохон ул мөртэй. Энэ чиглэлд хамгийн өндөр гүйцэтгэлтэй байхаар зорьж байгаагаа мэдээлсэн. 2030 он гэхэд СО2-ын ялгаруулалтаа 50 хувиар бууруулах, харин 2050 он гэхэд нүүрстөрөгчийн ялгаруулалт, шингээлтийн зөрүүг тэглэх зорилт тавьсан. Энэ зорилтоо биелүүлэхэд сэргээгдэх эрчим хүчний чиглэлд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийх шаардлагатай. Мөн бид техникийн хувьд маш олон ахиц дэвшил гаргах ёстой болно. Тийм ч учраас бид үйлдвэрлэлийн процессуудаа нүүрсхүчлийн хийн ялгаруулалтаас ангид болгож байгаа.

Энэ аяллыг бид ердөө жил гаруйн өмнө эхлүүлсэн. 2050 он буюу дараагийн 28 жилийн турш үргэлжлэх аялал гэж болно. Үүнээс нэг жилийг нь аль хэдийн үдээд буй ч энэ хугацаанд маш их ахиц гарсан. Тиймээс бид зорилтоо хангалттай биелүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ үүний тулд бүхий л талбарт тасралтгүй анхаарал хандуулах шаардлагатай. “Оюутолгой”-н хүлэмжийн хийн ялгаруулалтын хувьд ч мөн адил. Ерөнхийдөө байгаль орчны төлөөх бүхий л арга хэмжээ үүнд хамаарна. 

 

                                                                                         ЭХ СУРВАЛЖ: BLOOMBERG TV MONGOLIA