Г.Гүррагчаа: Галт зэвсэг эзэмшиж байгаа иргэн галт зэвсгээ хадгалахдаа гох болон замгийг зориулалтын түгжээгээр түгжиж, сумыг тусад нь хадгалах ёстой

Нийгэм, Эдийн засаг

М.ДАВААДУЛАМ

   Өөрийн эзэмшдэг галт зэвсгээ хэрхэн бүртгүүлэх, шилжүүлэх мөн үүнээс улбаатай гэмт хэргийн гаралт болон бусад асуудал орчин үед иргэдийн заавал мэдэх зүйлсийн нэг болоод байгаа. 2015 онд батлагдсан Галт зэвсгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд “Галт зэвсэг" гэж дарины шаталтаас үүссэн өндөр даралтын хүчээр сумны хошуу болон үрэл гол төмрөөс шидэгдэж амьд болон бусад биетийг гэмтээх, хөнөөх, устгах зориулалт бүхий буудлагын хэрэгслийг хэлдэг гэж заасан байдаг. Иймээс иргэдийн сонирхож буй асуудлаар ЦЕГ-ын нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны нийтийн хэв журам хамгаалах хэлтсийн чиглэлийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Г.Гүррагчаатай ярилцлаа 

-Жил бүр галт зэвсгийн тооллого, бүртгэл хийгддэг. Хувь иргэдийн галт зэвсгийн тухайд болон танай албаны ажлын чиг үүргийн талаар ярилцлагаа эхлэх үү?

-Манай алба Улсын хэмжээнд галт зэвсгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, ААН-ийн үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүргийг хариуцан ажилладаг. Жил бүр галт зэвсгийн тооллого, бүртгэл явагддаг. 2015 онд батлагдсан галт зэвсгийн тухай хуулиар галт зэвсгийн хуулийн хэрэгжилтэд хяналт тавих байгууллага нь цагдаагийн байгууллага гэж заасан байгаа. Хяналт тавьж буйн нэг хэлбэр нь иргэдийн гар дээр байгаа галт зэвсгийг тооллогот хамруулах явдал юм. Тоолно гэдэг маань тэр галт зэвсэг хаана, хэн дээр байна, энэ буу байна уу, үгүй юу, зориулалтаараа ашиглагдаж байна уу гэдгийг л харж, хянаж байна гэсэн үг. Тооллогыг ХЗДХ-ийн сайдын 2015 оны А/220 гэдэг галт зэвсгийн тооллого явуулах тусгай журмын хүрээнд цагдаагийн байгууллага жил бүр хуулийн хүрээнд зохион байгуулдаг. Энэ жилийн тооллого өнгөрсөн жилээс нэг хувиар өссөн. Цагдаагийн байгууллага галт зэвсгийн сантай бөгөөд энэ сан дээр байгаа бүртгэлийн дагуу галт зэвсгийн тооллогыг явуулдаг. Иргэдийн хуулиа хэрэгжүүлэх байдал сайжирч байгаатай холбоотойгоор галт зэвсгийн тооллогын хувь жилээс жилд өсөлттэй болж нэмэгдэж байна. 2021 онд 93 хувь байсан бол 2022 онд 94 хувь болж өссөнөөс харахад галт зэвсэг хэрэглэгч иргэдийн маань ухамсар, боловсрол дээшилж байгаа нь харагдаж байна. Тооллогыг бид “нүд үзэж тоол” гэдэг зарчмыг баримталдаг. Яг л хараад, бууны хэв загвар өөрчлөгдсөн эсэхийг харж, барьж үзэж, зургийг нь дарж баримтжуулан тоолдог, иргэд маань ч идэвхтэй хамрагдаж байгаа.

-Иргэд галт зэвсэг эзэмшихийн тулд ямар шаардлага биелүүлэх ёстой байдаг вэ?

-Галт зэвсгийн тухай хуулийн есдүгээр зүйлийн 9.1-д “21 насанд хүрсэн, иргэний эрхзүйн бүрэн чадамжтай, галт зэвсэг ашиглаж гэмт хэрэг үйлдэж байгаагүй, галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан Монгол улсын иргэн, иргэний зориулалтаар галт зэвсгийг өмчилж болно” гэж заасан байдаг. 2015 оны галт зэвсгийн тухай хууль батлагдснаар хамгийн наад зах нь сургалтад суусан байж эрх нь үүснэ. Сургалтад суухын тулд эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан байх ёстой, батлагдсан журмын дагуу тодорхой хэмжээний төлбөр төлөх, түүнчлэн уг сургалт цагдаагийн төв байгууллагын сургалт, дадлагын төвд явагддаг. Манай улсын галт зэвсгийн хяналт тавих орчин нэлээн чанга, хяналт сайтай төрөл ангилалд хамаарагддаг. Хууль нь ч тухайн үедээ боловсронгуй сайн болсон хэдий ч одоогийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэх шаардлага бас үүсээд байгаа.

-Иргэдийн гар дээр хэдэн төрлийн буу байдаг, орчин үеийн олон сумлагддаг өөрөөр хэлбэл автомат буу байдаг уу?

-Иргэдийн гар дээрх галт зэвсгийн тоо хэмжээ Монгол улсын хэмжээнд яг тэд гэж хэлэх боломжгүй. Хуулиндаа Монгол Улсын иргэн, иргэний зориулалттай галт зэвсгийг эзэмшиж болно гэж заасан гэдгийг би дээр хэлсэн. Иргэний зориулалттай галт зэвсэг гэдэг нь галт зэвсгийн тухай хуулийн 5.1-д зааснаар ан агнах, буудлагын спорт, сургалтаар хичээллэх, үзмэр цуглуулгын зорилгоор Монгол Улсын иргэний өмчилж, эзэмшиж байгаа галт зэвсгийг хэлдэг. Ан агнах зориулалттай галт зэвсэг нь автоматаар эсвэл өөрөө цэнэглэгдэх боломжгүй буу байх ёстой бөгөөд хүхээгт нь арав буюу түүнээс цөөн сум орох багтаамжтай, үйлдвэрийн хийцийг нь өөрчлөөгүй галт зэвсэг байх бөгөөд сумны хошуу нь зүрхэвчгүй байна гэдгийг зааж өгсөн байдаг. Иргэдийн хэлдгээр автоматаар бууддаг галт зэвсэг иргэдийн гар дээр байхгүй гэдгийг хэлмээр байна. Манай цагдаагийн байгууллагын галт зэвсгийн санд бүртгэлтэй иргэний зориулалтын ямар буу байна тэрийг бүртгэнэ. Сүүлийн үеийн буунууд жирийн иргэдийн нүдэнд автомат буу мэт харагдаж байвч тэр нь гохны нэг даралтаар нэг сум л гаргадаг ангийн зориулалттай буу л байдаг. Бууны харагдах хийц загварууд, хүчин чадал дэлхий дахинд асар хурдтай хөгжиж байна, дээр үеийн бидний хэлдэгээр АК-аар төсөөлшгүй болсон. Хэдийгээр хүчин чадал, хийц нь хичнээн өндөр, харагдах байдал сүртэй байлаа ч ан агнах зөвшөөрөгдсөн стандартын дагуу, автоматаар буудахгүй, өөрөө цэнэглэгдэх боломжгүй хуульд нийцсэн байдаг. Иргэн автомат байлдааны зориулалттай буу худалдаж авахыг зөвшөөрдөггүй.

-Галт зэвсгийн ангилал болон тооллого, бүртгэл жилээс жилд дэвшилттэй болж байна гэхээр цагдаагийн байгууллагаас хяналт сайн тавьж байна гэж ойлгож болох уу?

-Галт зэвсгийг Иргэний, Харуул хамгаалалтын, Хууль сахиулах, Байлдааны гэж дөрвөн төрөлд ангилдаг. Үүнээс иргэний зориулалттай галт зэвсгийг иргэн хүн эзэмших эрхтэй гэж хуулиар зохицуулсан. Нийслэл, хот, аймаг, орон нутаг, сум хороо бүгд л хэсгийн байцаагч цагдаатай, тухайн харъяаллын иргэд ямар галт зэвсэгтэй байна гэдэг судалгаа, бүртгэлтэй байгаа учраас бүгдийг мэддэг. Тиймээс бүгдийг нь тооллогот хамруулдаг. Цагдаагийн байгууллага зохих зохих түвшиндээ хяналтаа маш сайн тавьдаг.

-Галт зэвсгийн хулгай, худалдаа гардаг уу?

-Байхгүй, харин орон байрны хулгай, халдлагад өртсөн обьектод галт зэвсэг байсан бол бусад эд зүйлстэй цуг алдагдах тохиолдол байдаг.Тэрийг тухай бүрт нь цагдаагийн байгууллага олж тогтоогоод бүртгэлтэй эзэнд нь буцаан олгох арга хэмжээ авдаг. Тэгэхээс зорьж галт зэвсэг хулгайлах зүйл байхгүй, одоогоор. Иргэдийн дунд хууль бус наймаа явагдсан юм алга, байлаа гэхэд тэрхүү үйл явцыг илрүүлэхийн тулд л цагдаагийн байгууллага ажиллаж байгаа шүү дээ

-Галт зэвсгийн гаралтай гэмт хэрэг хэр их гардаг, зонхилон тохиолддог нь юу вэ?

-Хувь хүний зан харьцаанаас шалтгаалан галт зэвсгээр үйлдэгдэх хэрэг гарахгүй биш гардаг. 2021 онд 34 гэмт хэрэг бүртгэгдэж байсан бол өнгөрөгч 2022 онд 43 болж 26.5 хувь өссөн. Гэхдээ галт зэвсгээр үйлдэгдсэн гэмт хэрэг гэдэг нь кинон дээр гардаг шиг буу бариад хоорондоо буудалцаад байх биш амиа хорлох, галт зэвсэг ашиглан айлган сүрдүүлэх, дээрэм тонуул хийх, санамсаргүйгээр сум алдах гэх зэрэг ордог. Галт зэвсэгтэй холбоотой, галт зэвсгээр үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлүүд нь ихэвчлэн санамсар, болгоомжгүй байдлаас үүдэлтэй байдаг. Өөрөө хэлбэл гол шалтгаан, нөхцөл нь галт зэвсгийг буруу хадгалснаас, буруу тээвэрлэснээс үүдэлтэй гэж хэлэхэд болно. Галт зэвсэг эзэмшиж байгаа иргэн галт зэвсгээ хадгалахдаа гох болон замгийг зориулалтын түгжээгээр түгжиж, сумыг тусад нь хадгалах ёстой.

-Иргэд эзэмшиж буй галт зэвсгийн зориулалтыг хэр өөрчилдөг вэ, ийм тохиолдолд яадаг вэ?

-Ийм тохиолдолд уг зэвсгийг цагдаагийн байгууллага шууд хурааж авдаг. Үйлдвэрийн хийцийг өөрчилсөн тохиолдолд хуулиараа хураан авах үндэслэл болдог. Ямар нэгэн бууны хэлбэр хийцийг өөрчилсөн бол тэр нь хууль бус галт зэвсэг болдог тул галт зэвсгийг шууд хураах эрх цагдаагийн албан хаагчдад байдаг.

-Галт зэвсэг бие биендээ бэлэглэх тохиолдолд яах ёстой вэ, хүчний байгууллагууд гавъяаныхаа амралтад гарч байгаа зарим нэг ахмадууддаа хэрэглэж байсан бууг нь бэлэглэх үзэгдэл харагддаг шүү дээ?

-Энэ үзэгдэл дээр үед байсан байж магадгүй, гэхдээ орчин үед ийм асуудал байхгүй. Харин иргэд бие биендээ бэлэглэж болно, гэхдээ бэлэглэх гэж байгаа иргэн маань галт зэвсэг худалдах төвүүдэд очоод уг бэлэглэх хүнийхээ нэр дээр гэрчилгээг нь гаргаад бэлэн болгодог. Нэг талаас харахад бэлэглэж байгаа боловч худалдах, худалдан авах зарчмаараа хуулийнхаа хүрээнд шилжүүлж, өмчлүүлж өгөх үйл ажиллагаа л явагдаж байгаа юм. Бэлэг авч байгаа хүн нь өөрөө мөн л сургалтад хамрагдсан хүн байдаг, сургалтад хамрагдаагүй бол ийм эрх үүсэхгүй шүү дээ. Түүнээс биш цэрэг, цагдаагийн байгууллага, хууль хяналт, батлан хамгаалах чиг үүрэг бүхий байгууллагын дансанд байдаг галт зэвсгийг ямар нэгэн байдлаар өөр хоорондоо шилжүүлэх хориотой.

-Хүмүүс янз бүрийн хоббитой байдаг. Буу цуглуулдаг, цуглуулгатай хүмүүс байдаг уу монголд?

-Хобби гэдэг талаас нь би сайн хэлж мэдэхгүй байна. Тэр хүн ямар учраас галт зэвсэг эзэмшиж, ашиглаад байгаа нь хувь хүний л асуудал. Хуулиараа галт зэвсэг ашиглах эрх нь нээлттэй, 10 ба түүнээс дээш галт зэвсэг эзэмшиж байгаа тохиолдолд өөрийн гэсэн хадгалах өрөө тасалгаатай байна гээд заасан байдаг. Иймээс 10-с дээш галт зэвсэг эзэмшиж байгаа хүмүүсийг үгүйсгэх арга байхгүй. Галт зэвсэг эзэмшдэг тэр спортоор хичээллэдэг, зөв зохистой эзэмшиж, ашигладаг хэрэглэдэг хүмүүс байлгүй яах вэ. Хуучин ашиглаж байсан бууных нь хэрэгцээ шаардлага багассан, тэмцээн уралдаанд зориулагдсан өөр хүчин чадал бүхий буу авсан зэрэг тохиолдолд хуучин хэрэглэж байсныгаа гутал сольдог шигээ хаяж болохгүй. Энэ мэтээр хуримтлагдсан зүйлүүд байдаг. Галт зэвсгийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.3-т зааснаар “Иргэн, хууүлийн этгээд 10 ба түүнээс дээш тооны галт зэвсгийг өмчилж, эзэмшиж байгаа бол аюулгүй байдлын шаардлага хангахуйц тусгайлан тоноглосон өрөөнд галт зэвсгийг сумаас нь тусад нь зориулалтын шүүгээнд хадгална” гэж заасан ч хувь хүнд хичнээн галт зэвсэгтэй байх дээд хэмжээг заагаагүй, ийм л зохицуулалт үйлчилж байгаа.

-Буу, галт зэвсэг худалдаалдаг төв, дэлгүүр манай улсад хэд байдаг вэ?

-Галт зэвсгийн тухай хуульд, галт зэвсэг худалдаалах төв гэж байдаг. Монгол улсын хуульд тус төвийг гурав буюу түүнээс ихгүй байх ёстой гэж заасан байдаг. Өнөөдрийн байдлаар манай улсад хоёр төв үйл ажиллагаагаа явуулж байна. Уг төвийн үйл ажиллагаа явуулах эрхийг ХЗДХЯаас олгодог. Галт зэвсгийг худалдаахад тохирсон аюулгүй орчин нөхцөлд, тухайн галт зэвсгийг хадгалах сав баглаа боодолтой газрыг галт зэвсэг худалдаалах төв гэж нэрлэдэг. Энэ газар галт зэвсгээс өөр зүйл худалдаалдаггүй. Мөн тус төвөөр 21 нас хүрсэн галт зэвсгийн тухай сургалт мэдээллийг авсан, сургалтад хамрагдсан гэдгээ батлах үнэмлэхтэй ямар ч иргэн үйлчлүүлэх боломжтой. Энэ төвд худалдаалагдаж байгаа бүх галт зэвсэг цагдаагийн байгууллагад бүртгэлтэй байдаг. Бид хилээр орж ирж байгаа, хуулийн хүрээнд зөвшөөрөгдсөн стандарт бүхий галт зэвсгийг нэг бүрчлэн бүртгэл хийж, үнэмлэхжүүлдэг. Орчин үед галт зэвсгийн хөгжил цаг минутаар хэмжигдэхүйц маш хурдацтай хөгжиж, автомашины хөгжлөөс ч хурдан болсон. Үүгээрээ юу гэж хэлэх гээд байна гэхээр галт зэвсэг худалдан борлуулах борлуулагч нар иргэний зориулалттай тэдэн ширхэг галт зэвсгийг оруулж ирнэ гэдэг хүсэлтээ ХЗДХЯ-д өгч, харин шүүх шинжилгээний байгууллагаар иргэний зориулалттай юу эсвэл ан агнуурын зориулалттай юу гэдэг дүгнэлтийг гаргуулдаг. Яг энэ хуульд нийцсэн ан агнах зориулалттай галт зэвсэг байна гэж үзвэл тусгай зөвшөөрөл олгож худалдаалахыг зөвшөөрдөг. Хэн нэгэн итгээд Монгол Улсын хилээр хууль бусаар галт зэвсэг оруулж ирэх ямар ч боломж байхгүй. Тийм болохоор стандартын бус галт зэвсэг орж ирэх боломжгүй гэдгийг хэлэх байна.

-Ярилцсанд баярлалаа