Оюутан залуус өөрсдөө л хичээвэл төрөл бүрийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжийг Оюутолгой компани олгож байна

Нийгэм, Эдийн засаг

М.ДАВААДУЛАМ

ЕБС-иа төгсөж буй хүүхэд залуусын хувьд ямар мэргэжил сонгох, ямар сургуульд сурах вэ гэдэг асуулт хамгийн их тулгамддаг асуудлын нэг байдаг. Ямар ч хамаагүй “Сургуульд л орж байвал боллоо” гэсэн үзэл орчин цагт байхгүй болсон ч ямар мэргэжил эрэлттэй, ямар сургууль чанартай гэдэг нь бас л бодох ёстой асуудлын нэг хэвээр үлдсэн. Тэгвэл энэ асуудлуудад хариулт өгөх “МэргэжлээКрашлая”, “Боловсролын өдөрлөг 2022” хэмээх сайхан үйл ажиллагааг Оюутолгой компани зохион байгуулсан нь нүдээ олсон арга хэмжээ болсон юм. Энд ЕБСийн сурагчид, оюутан залуус, эцэг эхчүүд гээд хүн их байгааг харахад энэ асуудлаар мэдлэг, мэдээлэл авах хүсэл, эрэлт хэрэгцээ их байгаа нь харагдаж байлаа. Тус компани хүүхэд залуусаа хөгжүүлэх, мэдлэг боловсролоо дээшлүүлэх, хувь хүн болон харилцааны ур чадвараа нэмэгдүүлэх гээд олон тал дээр залууст зориулсан хөтөлбөр явуулж тэтгэлэгт хамруулдгийг хүмүүс тэр болгон мэддэггүй аж. Харин энд ирснээр энэ бүхнийг мэдэж авахаас гадна салбар бүрээс мэргэжилтнүүд ирж хүүхдүүдийн сонирхсон мэргэжлийн тухайд тайлбар хийж, гадаад дотоодын тэтгэлэгт хамрагдагсад өөрийн туршлагаасаа хуваалцаж байсан нь тэнд очсон иргэдийн талархлыг ихээхэн хүлээж байсан юм. Энэ компанийн алсын хараа “Эрдэс баялгаас эрдэм мэдлэг, ур чадвар, үнэт зүйлс бүтээлцэнэ” гэсэн байдаг. Үүнийгээ ч тултал нь ажил хэрэг болгож чаддаг юм байна гэдэг нь уг арга хэмжээнээс харахад түвэггүй ойлгогдож байлаа.

Оюутолгой компани “Эрдэс баялгаас эрдэм, мэдлэг, ур чадвар, үнэт зүйлс бүтээлцэнэ” алсын харааны дагуу өнгөрсөн хугацаанд: • Залуусын хөгжлийн хөтөлбөрт-1268 • Гадаадын тэтгэлэгт хөтөлбөрт-44 • Дотоодын тэтгэлэг хөтөлбөрт-376 • Дадлагажигч оюутны хөтөлбөрт-577 • Шинэ төгсөгчийн хөтөлбөрт -160 оюутан, сурагч, төгсөгч оюутныг хамруулжээ. Харин 2022-2023 оны хичээлийн жилд Улаанбаатар хотын 36, Өмнөговь аймгийн 50 сурагчийг хамруулснаас Залуусын хөгжлийн хөтөлбөрт 35, Дотоодын тэтгэлэгт хөтөлбөрт 10, Дадлагажигч оюутны хөтөлбөрт 20, Шинэ төгсөгчийн хөтөлбөрт тав, гадаадын тэтгэлэгт хөтөлбөрт дөрвөн оюутныг тус тус хамруулаад байна.

-Э.Ганхуяг/Оюутолгой компаний сургалтын мэргэжилтэн/: Бид “Мэргэжлээ крашлая” арга хэмжээ болон боловсролын өдөрлөгийг хамтран зохион байгууллаа. Манай компанийн зүгээс маш олон боловсролын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг ч төдийлөн хүмүүс мэддэггүй байж магадгүй учраас энэ арга хэмжээгээрээ дамжуулан оюутан залуус, сурагчдад хүрч үйлчлэхийг зорилоо. Бидний хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүдийн нэг нь “Залуусын хөгжлийн хөтөлбөр” юм. Энэ хөтөлбөрийн гол онцлог нь залуус өөрсдөө залуучууддаа зааж сургадагаараа онцлогтой. Аж үйлдвэрийн IV хувьсгалд нэн хэрэгцээтэй харилцааны ур чадварыг заадаг, ихэвчлэн XII ангийн сурагчид энэ сургалтад хамрагддаг. Нийт хугацааны туршид 1200 гаруй хүүхэд энэ хөтөлбөрт хамрагдсан байна. “Дотоодын тэтгэлэгт хөтөлбөр”-т маань монгол улсын магадлан итгэмжлэгдсэн сургуульд II курсээс дээш курст сурч байгаа оюутнууд хамрагддаг. Энд хамрагдсан оюутнууд сургалтын тэтгэлэг, дотуур байрны зардал, сарын цалин гээд хамгийн өндөр үр өгөөжтэй тэтгэлгийн нэг байгаа. Энэ жилийн хувьд 37 хүүхэд энэ тэтгэлгийг хүртэж байна. Дараагийнх нь “Оюутны дадлагын хөтөлбөр”. Энэ жилээс эхлэн энэ хөтөлбөр маань цалинтай болж байгаа. Манай компани олон хэлтэстэй, тиймээс өөрсдөдөө хэрэгцээтэй боловсон хүчнийг захиалснаар сонгон шалгаруулалт явуулж, тухайн оюутныг мэргэжлийн чиглэлээр нь цалинтай ажиллуулдаг нь болсноор илүү хариуцлагатай болж байгаа юм. Мөн “Гадаадын тэтгэлэгт хөтөлбөр” гэж бий. Дотоодын тэтгэлэгт хөтөлбөр бакалаврын зэрэг горилж байгаа хүмүүст зориулагддаг бол харин гадаадын тэтгэлэгт хөтөлбөр бол магистрын зэргээр суралцах хүмүүст зориулагдсан. Энд тухайн хүний сургалт болон амьдралын хэрэгцээний бүх л зардал шингэсэн байдаг учраас тэр хүн сурч, мэдэхдээ л цаг заваа зарцуулдаг. Ялангуяа ажиллаж байсан хүмүүс энэ тэтгэлгээр суралцаж үр шимийг нь гаргах боломж их гэж хардаг, насны хязгаар байдаггүй. Хүнийг голч дүн, насны хязгаар тодорхойлдоггүй, тиймээс түүгээр нь босго тавихгүй хүн болгоныг ижил тэгш хамруулах зорилготой. Энэ жилийн хувьд гадаадын таван тэтгэлэгт хөтөлбөр зарлагдснаас дөрөв нь батламжаа гардаж авлаа. Энэ үйл ажиллагааг зохион байгуулснаар ирээдүй болсон хүүхэд залуучууддаа мэргэжлээ зөв сонгох боломж олгох, бусад тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжийг олгох, мөн дараа дараагийн хөтөлбөрт хамрагдах хүсэл, сонирхолтой хүүхдүүд энд ихээр ирсэн байгаа тул мэдээллийг маш сайн түгээе гэдэг хамгийн том зорилго агуулж байгаа. Залуучууд аль болох эрт өөрийнхөө сэтгэлийн дуудлагыг олж авах чухал байдаг учраас мэргэжлийн хүмүүсийн яриаг сонсож, өөрийн чинь сонирхож байгаа мэргэжил бодит амьдрал дээр ямар ажил хийдэг, яадаг гээд бүх зүйлийг нэг доороос мэдэж авах боломжийг манай компаниас олгож байгаа юм. Ямар ч сонголт хийсэн харилцааны ур чадвар заавал шаардлагатай байдаг учраас “Залуусын хөгжлийн хөтөлбөр”-ийг маань сонирхож үзээрэй гэж хэлмээр байна.

-С.Ариунсайхан/ Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал технологийн дээд сургуулийн III курсийн оюутан/: Би одоо эдийн засагч инженер мэргэжлээр сурдаг. Би ЕБС-ийн 12-дугаар ангид байхаасаа л Оюутолгой компанийн “Залуусын хөгжлийн хөтөлбөр”-т хамрагдсан. Тэр хөтөлбөрт шалгарч ороод гурван шатны хөтөлбөрийг нь дүүргээд сургагч багш авах зарын дагуу мате­риалаа явуулсан ч эхний жилд тэнцээгүй, гэтэл II курст ороод байж байтал дахин зарлагдсан. Харин тэр шалгаруулатад тэнцээд сургагч багш болсон. Би энэ хичээлийн жилд дотоодын тэтгэлэгт хөтөлбөрт шалгаран тэтгэлгээ гардан авч байна. Мэргэжил, мэргэжлээр нь тухайн жилдээ зарлагддаг хөтөлбөр бөгөөд энэ жил миний мэргэжил байж таараад би тэнцсэн. Энэ тэтгэлэгт хамрагдсанаар тухайн жилдээ тэр оюутан аав ээжийнхээ нуруунаас ихээхэн ачааг хөнгөлж байгаа юм. Боловсролын чиглэлээр дөрвөн хөтөлбөр хэрэгжүүлдэг, бүгд үнэ төлбөргүй байдгаараа онцлогтой. Тэтгэлэг гэхээр л мөнгийг нь дансруу нь шилжүүлээд орхидоггүй, тэр хүүхдүүдээ “Залуусын хөгжлийн хөтөлбөр”-т сургадаг. Оюутнуудын хувьд II курсээсээ тэтгэлэгт хамрагдах боломжтой байдаг, иймээс оюутан өөрөө л хичээвэл тэтгэлэг авах бүрэн боломжтой. Тэтгэлэг шалгаруулалтын I шатанд эссэ бичдэг, тиймээс өөрийн сонгосон мэргэжлийнхээ утга учрыг сайн ойлгоод, ямар учраас сонгосон, цаашид яах ёстойгоо л сайн тодорхойлох хэрэгтэй юм байна гэдгийг л хэлмээр байна. Мөн зөвхөн эссэн дээрээ анхаарахаас гадна мэргэжлийн холбогдолтой асуулт, шалгалт, бодлого гээд бүх л зүйлд анхаарах нь зөв. Хувь хүний хандлага тодорхойлох ярилцлагат өөрийгөө зөв илэрхийлэх ярианы чадамжтай байх хэрэгтэй. Миний хувьд сургагч багш байсан ур чадвар их нөлөөлсөн. Мэргэжлийн болон хувь хүний талаас бүх л зүйлээ, өөрийгөө их сайн хөгжүүлж байж л энэ тэтгэлэгт тэнцдэг дээ. Энд ямар ч шударга бус зүйл байдаггүй. Шүүлтэд эргэлзэх зүйл огтхон ч байхгүй.

-Б.Номинтуул /Оюутолгой компанийн 2019 оны гадаадын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан төгсөгч/: Би Оюутолгойн тэтгэлгийн гадаадын тэтгэлэгийн 2019 оны хөтөлбөрт хамрагдан боловсролын удирдлага чиглэлээр Австрали улсын Queensland-ын их сургуулийг төгссөн. Тэр үедээ англи хэлний багш мэргэжлээр долоон жил ажилласан байсан. Миний зорилго орон нутгийн хүүхдүүдэд англи хэл сурах боломжийг хот болон төвийн бүсэд суралцаж буй хүүхдүүдтэй адилхан хэмжээнд аваачин тэр хүүхдүүдэд дэлхийн иргэн гэсэн стандартыг таниулж, өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлэх явдал байсан. Гэтэл Оюутолгой компанийн тэтгэлэгт хөтөлбөр миний зорилготой яг нийцэж байсан тул энэ зорилгоо маш сайн дэлгэрэнгүй бичиж өгснөөрөө энэ тэтгэлэгт тэнцэх гол шалтгаан нь болсон гэж ойлгодог. Тэгэхээр хүүхэд залуус маань өөрсдийнхөө зорилгыг маш сайн тодорхойлох, өөрөөр хэлбэл өөрийн чинь зорилго өөрт чинь болон бусдад, нийгэмд ашигтай байх, ер нь томоор харвал олон олон зүйлд ашигтай байхаар тодорхойлж чадвал аливаа нэгэн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах, тэнцэх хамгийн гол боломж, үндсэн шалгуураа хангаж байна гэж бодох хэрэгтэй. Үүнийг тэтгэлэгт хөтөлбөрийнхөө эссэд тодорхой гаргаж өгөх нь нэн чухал шүү. Гадаадын тэтгэлэгт хамрагдахын тулд голч оноог тодорхой хэмжээнд заасан байдаг. Гэхдээ энэ бол чухал үзүүлэлт биш, суралцах улс орныхоо тухай мэддэг байх, англи хэлний олон улсын шалгалт буюу IELTS-ийн шалгалтын оноо 6.5 орчим байхад тэтгэлэгт тэнцэхээр байна гэж үздэг. Цаашлаад өөрийн зөөлөн ур чадвар буюу манлайллын ур чадвар, багаар ажиллах ур чадвар, ямар нэгэн асуудлыг зөв бөгөөд хурдан шийдэх гэх мэт ур чадваруудаа хөгжүүлсэн тохиолдолд гадаадын тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэх магадлал ихэсдэг. Түүнчлэн сайн дурын ажил хийсэн байх шаардлагыг гадаадын бүх төрлийн тэтгэлэгт хамрагсдад тавьдаг. Үүнд буяны, хандивын, хүмүүнлэгийн ажил биш. Харин өөрийнхөө чөлөөт цагийг бусдын сайн сайхан, хөгжил дэвшлийн төлөө тогтмол зарцуулж байгаа ажлыг хэлдэг. Жишээ нь XII ангийн хүүхдүүд ЭЕШ өгөх бэлтгэлийн үеэр өөрөө англи хэл сайн мэддэг бол ангийнхаа хүүхдүүдэд долоо хоног бүр хоёр цаг давтлага өгдөг, энэ нь нэг сарын турш үргэлжилсэн байвал энэ нь сайн дурын ажил болдог. Боломж бүх хүнд байдаг, гол нь өөрийгөө сайн нээж , илрүүлж, таньж зорилго гэдэг бүх л хөтөлбөрийн амин сүнс болсон зүйлээ маш зөв олж, нээгээд гаргаад ирвэл тэтгэлгийн бүх боломж орж ирлээ гэсэн үг шүү дээ. Миний хувьд хөтөлбөрийн онцлог байдлыг ашиглаад өөрийн зорилгыг биелүүлж байна, тиймээс өөрийнхөө зорилготой дүйцүүлж хөтөлбөрөө сонговол аль аль талдаа ашигтай байх боломжтой.

-Т.Батдэлгэр /Оюутолгой компанийн гүний уурхайн геотехникийн хэлтсийн ахлах ажилтан/: Манай компанийн салбар бүрээс мэргэжилтнүүд ирж, сурагч, оюутнуудад мэргэжлийн талаар өөрсдийн туршлагаасаа хуваалцаж, зөвлөгөө өгч байгаа нь мх сайхан ажил боллоо. ЕБС-ийн ахлах ангийн сурагчид маань ямар мэргэжилтэй болох вэ гэдгээ сайн тодорхойлох хэрэгтэй. Геотехник гэдэг маань их нарийн мэргэжил. Иймэрхүү нарийн мэргэжлийн талаар гадуур мэдээлэл их байдаггүй. Эгч ах гээд ойр дотны хүн нь энэ мэргэжлээр ажилладаггүй л бол хүмүүс мэдэхгүй. Магадгүй геотехникийн мундаг инженерүүд монголоос төрөх ёстой. Тиймээс хүүхэд залуучуудыг мэдээллээр хангах, мэдэж байгаа зүйлсээ дүү нартаа хэлж ерөнхий ойлголтыг өгье, магадгүй энэ мэргэжлээр сурах хүсэлтэй бол хаанаас мэдээлэл авах, компаниас хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүд гээд нэлээдгүй зүйлийг мэдэж авахад энэ өдөрлөг маш их ач холбогдолтой болж байна. Манай компани ШУТИС-ийн ГУУС-тай /геологи уул уурхайн сургууль/ хамтран геотехникийн ангийг хамтран эхлүүлсэн. Анхны элсэгчид маань III курст суралцаж байна. Дараа жилээс анхны дотоодод суралцсан оюутнууд маань геотехникийн мэргэжлээр төгсөнө. Миний хувьд БНКУ-д геологийн мэргэжлээр төгсөөд Канадад дөрвөн жил ажилласан. Эх орондоо ирээд нүүрсний уурхайд ажиллаж байх хугацаандаа ШУТИС-ийн ГУУС-д уул уулхайн ашиглалтын технологийн чиглэлээр магистрт суралцаж, дипломоо геотехникийн чиглэлээр хамгаалсан. Оюутолгой компанид орж, геотехникийн чиглэлээр ажиллаад зургаан жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Орчин үеийн залуучуудад өөрсдөө л хичээж чадвал боломж, мэдээлэл их байна. Тиймээс энэ бүх мэдээлэлтэй хөл нийлж алхахын тулд гадаад хэл, англи хэлийг сайн сурах хэрэгтэй. Техник, технологи хөгжхийн хэрээр магадгүй хэдэн жилийн дараа зарим мэргэжил байхгүй болох магадлал бий. Тиймээс аливаа мэргэжлийг сонгохдоо цаашдын дэлхийн чиг хандлагыг харах ёстой болж байна.. Хүн хүн өөр ертөнц гэдэг шиг, өөрийнхөө ертөнцийг сайн таньж, өөрийнхөө бусдаас давуу гэсэн онцлогтоо тааруулж мэргэжил сонголтоо хийвэл цаг хугацаа, мөнгө санхүү, үр бүтээл гээд бүгдэд нь үр дүнтэй харагддаг.

Б.Индра/ 2022 оны гадаадын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдагч/: Би Оюутолгой компанид шинэ төгсөгч геотехникийн инженерээр ажилладаг. Өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сарын 21-ний өдөр энэ компанид “Шинэ төгсөгчийн хөгжлийн хөтөлбөр”-өөр дамжин анх орсон. Энэ хөтөлбөрийн давуу тал нь дөнгөж сургуулиа төгсөөд ажлын байранд ирж байгаа оюутнуудад компаний ажил, бизнес хэрхэн явдаг талаар ойлгуулахын тулд өөрийнхөө хүссэн хэлтэс бүрт ажиллах боломжтой байдаг. Мөн нэг газар хэлтэстээ биш, олон хэлтсийн ажилтай танилцаж, өөртэй таарсан мэргэжлээ олж авах, илүү их мэдлэг, дадлагыг өөртөө бий болгодог. Төгсөж байгаа залуус ажлын байрны зар шиг хөтөлбөрийн зарын дагуу материалаа бүрдүүлэн өгснөөр шалгаруулалтад орж тэнцсэн. Хамгийн гол нь мэдлэг чадвараас гадна хувь хүний харилцаа, ур чадвар сайн байх ёстой. Ил уурхайн геотехникийн багт есөн сарын хугацаанд ажиллаад байгаад, геологийн багт шилжсэн. Энэ хугацаандаа геотехникийг Монгол улсад хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай, зөвхөн Оюутолгой гэлтгүй бусад уурхайд ч хэрэгтэй юм байна гэдэг үүднээс гадаадад геотехникийн чиглэлээр магистрт суралцахаар болсон. Гадаадын тэтгэлэгт хамрагдахын тулд ажлын туршлага их шаардлагатай, Ажиллаж байх хугацаандаа дан ганц ажлаа хийх биш боломжуудыг эрэлхийлэх, хэлний мэдлэгээ сайжруулах, сурах чиглэлдээ өөрийгөө маш сайн бэлтгэх хэрэгтэй гэдгийг залуучууддаа хэлмээр байна. Дөнгөж төгсөөд ажлын байранд гарчихаад “Би сайн мэдэхгүй, би сайн чадахгүй, яанаа” гэсэн мэдрэмж хэн бүхэнд төрдөг. Үүнээс айх биш “Өнөөдөр чадахгүй ч, би маргааш чадах л болно” гэж өөртөө итгэлтэй байж, цаг ямагт суралцаарай шинэ төгсөгчид минь. Миний хувьд өөрийн сонгосон мэргэжлээр гадаадад суралцан төгсөж ирээд таван жил сурсан, мэдсэнээ оюутан залуустаа зааж сурган, багшаар ажиллана гэсэн зорилготой байгаа.

Монгол-Оросын хамтарсан III сургуулийн сурагч А.Энхжин, Ц.Маралмаа: Миний хувьд мэргэжил сонголт гэдэг хамгийн эмзэг сэдэв. Яагаад гэвэл одоо хүотэд би өөрийгөө олж, нээж чадаагүй байна. Энэ үйл ажиллагаанд ирснээр өөрийгөө олох итгэлийг олж авч байна. Би гадаадад сурна гээд том мөрөөдөлтэй явж байсан бол өөрөө хичээж чадвал өнөөдөр эх орондоо ч мөн адил сайн сургуульд, өндөр боловсрол эзэмших, төрөл бүрийн тэтгэлэгт хамрагдах ч боломжтой гэдгийг мэдэж авлаа. Ингэснээрээ эх орондоо сурах хүсэл эрмэлзлэлийг олж авч байгаа нь Оюутолгой компаниас зохиож байгаа боловсролын өдөрлөгийн нэг том ач холбогдол гэж бодож байна. Бид ер нь гадаад гадаад гэсээр дотоодод байгаа боломжуудаа мэдээгүй, алдаж байж. Тиймээс энэ өдөрлөгийг зохион байгуулсан Оюутолгой компанидаа баярлалаа л гэж хэлье дээ.