“Мянган баривчны эмээ” ДОЛГОР ГУАЙ

Бусад

 Х.Өлзийбаяр

   Булган аймгийн сумдад ажиллаад Могод сумаар ортол ахмадын баяр нь таарч хоноод, маргааш нь тэртээ 1400-аад жилийн өмнө монгол нутагт бичиг үсэгтэй монгол хэлтэн амьдарч байсны гэрч болох “Хүйс толгойн бичээс” хөшөөний хуулбарыг соёл түүхийн энэ гайхамшигт дурсгал анх олдсон нутаг Могод сумын ЗДТГ-ын өмнө талбайд суурилуулан нээх ёслолыг сонирхон зогстол “хүүе, ашгүй та нар минь яваагүй байсан юм уу, цай амсуулж чадалгүй явуулчихав уу, ёстой монголгүй юм боллоо хэмээн харамсч байсан юм” хэмээн нэг хөгшин таарсан нь Д.Долгор гуай. Одоо л замд гарах гэж байна даа гэвэл манайхаар дайраад цай амсаад яв гэх нь тэр. Нүүрэнд нь он цагийн түүх шингээсэн үрчлээтэй, насны эрхээр нуруу нь жаахан бөгтийсөн л болохоос биш хөнгөн шингэн гэж жигтэйхэн. Булганыхны жишгээр хашаандах хөөрхөн товхийсэн байшинд орвол хөгшин галав шалавхийн цай унд болж, хөлдөөгчөөс ууттай бууз гарган цахилгаан зуухан дээр тавина. Төд удалгүй “ээ энэ чинь ажиллахгүй байна“ гээд юу юугүй гал өрдөн тогоо тавихад “та суу л даа, энэ хүүхнүүд наад гал хөсийг чинь....” гэвэл “хүүе юу гэсэн үг вэ, тогоо шанагаа би..” хэмээн гялалзуулах нь тэр. 

Энэ бүхнийг харан сууснаа эмээ хэдтэй вэ гэж дэргэдэх хүнээс сэм асуувал “Долгор гуай 86- тай” гэнэ. Хөгшин гал тогооны ажлаа амжуулахын зуур яриасаж “эмээ нь 11 хүүхэд төрүүлж өсгөөд, одоо жаргаж байна аа. Айл болоод гарахад нь “за мал ахуйгаа арчлаад өөрсдөө амь зуулгаа аваад яв гэчихдэг юм. Харин 10 бэрээ бол захирна шүү, захиргаадна. Айлын эмэгтэй хүн ажилтай төрөлтэй байхад айл болоод л явчихна. Иймдээ ч хэдэн хүүхэд минь ажилтай арчаатай, өөр зуураа эвтэй явдаг юм” гэж хөөрнө. Ийн хөөрөлдөж суухын зуур “та тэгээд юу хийж байна даа, ач нар харж байна уу” гэвэл “өө эд яахав хичээл сургуульдаа өөрсдөө ирж очоод, тэр хичээлд нь миний нэмэр гэж юу байхав. Эмээ нь яахав яаж зүгээр суугаад байхав, юм оёж, хүүхэд багачуудад баривч оёдог юм” хэмээхэд бүсгүйчүүдийн сонирхол төрөн үзье хэмээвэл орны толгой дороос цаасан хайрцаг татан гарган ирж өнгө өнгийн торго, даавуугаар урласан баривч, жижиг дээл дэлгэвэл нэг жижигхэн үзэсгэлэн болж хүүхнүүдийн нүдийг хужирлах нь тэр. Энд ч “үгүй энийг хараа....хөөе тэр гурван настай хүүхдэд таарах уу” гэцгээсэн шуугиан өрнөлөө. Долгор гуай нас насны хүүхдэд таарах баривч урлахын зэрэгцээ энхрий хүүхдэд зориулан өнгө өнгийн торгоны өөдөс зүйн буруу энгэртэй дээл ч урладаг л гэнэ. Сумын төр захиргаа ч үүнийг нь үнэлэн “Мянган баривчны эмээ” өргөмжлөл хайрласан нь хойморт нь залаастай. Ач зээтэй бүсгүйчүүд энэ ч гоё юм, тэр ч хөөрхөн гэсээр нэг нэгийг шилж аваад хөгшинд хэдэн төгрөг сарвайвал “хүүе, яах гэсэн юм” хэмээн цааргалахаар нь “өргөмжлөлийг тань мялаалаа шүү” хэмээн өмнө нь тавиад орхилоо. Урд өдөр ахмадын баяр дээр хэн нэгэн уртын дуугаар ая барихад хөгшин тэрүүхэндээ даган дуулж байсныг санан “та нэг сайхан ая бариач” гэвэл монгол ардын уртын дуу “Хүрэн толгойн сүүдэр”-ийг цангинуулах нь тэр. Хол замын улс хөдөлье дөө гэвэл “За хүүхдүүд минь замдаа сайн яваарай. Энүүгээр явбал ирж байгаарай” гэсээр сүү өргөн үдлээ. “Мянган баривчны эмээ” хэмээн нутаг усныхан хүндэлдэг Доржийн Долгор гэж нэг ийм хөнгөн шингэн азай буурал Булган аймгийн Могод сумын төвд үйл үртэс хийн, уртын дуу уянгалуулаад л сууж байна даа.