ЭЗЭН ХААНЫ ЦОМЫГ Б.МӨНХ-ОРГИЛ ДАХИН ХҮРТЭВ

Соёл урлаг, Спорт

Японы мэргэжлийн сүмогийн Аки башё есдүгээр сарын 11-25-нд Токио хотын "Рёогокү Кокүгикан" ордонд болж өндөрлөлөө. Намрын тэмцээнд зүүн жигүүрийн маэгаширагийн гурав дахь бөх, "Катаонами" дэвжээний монгол сүмоч Тамаваши Батжаргалын Мөнх-Оргил 13 даваа, хоёр унаатайгаар Эзэн хааны цомыг хоёр дахь удаагаа гардан авав. Тамаваши сүүлийн өдөр барууны жигүүрийн маэгаширагийн дөрвөөс босч барилдсан Такаясүг ошидаши мэхээр өвдөг шороодуулсан. Тэрбээр анхны түрүүгээ 2019 оны нэгдүгээр сарын Хацү башёд 13-2 амжилтаар хүртэж байсан юм. Үүгээр ч зогсохгүй Тамаваши макүүчид түрүүлсэн хамгийн ахмад сүмоч болж нутаг нэгт Кёкүтэнхогийн Н.Цэвэгнямын амжилтыг эвдсэн. Энэ тухай Н.Цэвэгням “Мэдээж сүмогийн түүхэнд дээд амжилтаа эвдүүлэхэд хэн ч дургүй байдаг ч олон жил өнгөрсөн болохоор би энэ талаар огт бодоогүй. Харин ч эсрэгээрээ монгол бөхдөө рекордоо дамжуулсандаа их баяртай байгаа. Тамаваши удаан хугацаанд барилдаж байгаа нь арга барилтай нь холбоотой. Тэр түлхэж барилддаг стильтэй тул хав золгоод харилцан шидэлцдэг бөхчүүдийг бодвол гэмтэл авах эрсдэл бага. Дэвжээ нь дөрөвхөн бөхтэй, цолтой бөх түүнээс өөр байхгүй ч ийм сайн барилдаж байгаа нь үндсэн дасгалуудаа маш сайн хийдгийн илрэл болов уу. Ар гэрийнхний дэмжлэг бас их чухал. Монгол бөхчүүдийн хувьд 16-17 настайдаа анх сүмо барилдаж эхэлдэг. Монгол хүйтэн тул өвлийн цагт сагсан бөмбөг зэрэг спорт тоглоом их тоглодог. Спортын олон төрлөөр хичээллэж байгаад Японд ирж сүмо барилддаг тул биеийн хөгжил нь тогтчихсон, бэртэх эрсдэл багатай. Тамаваши хоёр түрүүлээд зогсохгүй мэт надад санагдаж байна. Дахиад ч түрүүлэх байх. Их итгэж, найдаж байна 40 нас хүртлээ барилдах нөөц түүнд бий” гэж ярьсан байна.     

Дээд зиндааны бусад монгол бөхчүүдээс сэкивакэ Хоошёорюү С.Бямбасүрэн 8-7, комүсүби Кирибияма Б.Лхагвасүрэн 9-6, Чиёошома Г.Мөнхсайхан 9-6 амжилтаар качикоши хийсэн бол өнгөрсөн Нагоя башёгийн түрүү Ичиножёо А.Ичинноров (6-9) комүсүби цол алдахаар болж, макүүчид анх удаа барилдсан Миторюү Б.Төрболд (5-10) дээд зиндааны босго өндөр гэдгийг мэдэрч буцаад жюүрёо руу унахаар боллоо.