Ж.СОРОНЗОНГИЙН АРААС Д.САРАНГЭРЭЛИЙГ ЯВУУЛЪЯ

Улс төр

Хэдхэн  хоногийн өмнө Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзонг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тухай Боловсрол шинжлэх ухааны сайд Б.Энх-Амгалангийн тушаалыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан хэвлэлийн камерын өмнө уншиж танилцуулан, хэрэгжүүлэх үүргийг НИТХ-ын дарга Д.Батбаясгаланд даалгаж байв. Ж.Соронзонг Үндсэн хууль зөрчсөн, хүний эрхийн мэдрэмжгүй хэмээн үүрэгт ажлаас нь чөлөөлж байлаа.

 

Яг энэ үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлөх дараагийн хүн нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл боллоо. Тэрбээр өчигдөр болсон “Халамжаас хөдөлмөрт” хэлэлцүүлгийн үеэр “Улны айлууд” хэмээн иргэдийг нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээгээр нь ялгаварлан гадуурхав.

 

Монгол Улсын Үндсэн хуульд “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” хэмээн заасан байдаг.

 

 

Товчхондоо Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл Үндсэн хууль зөрчсөн гэсэн үг. Мөн иргэдийг нийгмийн гарал угсаагаар нь ялгаварлаж, хүний эрхийн мэдрэмжгүй гэдгээ ч нотоллоо. Ж.Соронзонгийн жишгээр бол Д.Сарангэрэлийг сайдын суудлаас буулгах хангалттай нөхцөл шалтгаан үүсчээ. Харин Засгийн газрын шийдвэр, хүний эрхийн мэдрэмж, Үндсэн хууль зөвхөн дунд сургуулийн захиралд үйлчилдэг үү. Эсвэл төрийн сайдад ч адилхан хамаардаг уу гэдгийг харах л үлдэж байна.

 

Хүний амьдрал мэдээж хувь хүнээс хамаарна. Гэхдээ улсын удирдагчдаас ч шалтгаална. Төр нь оновчтой, зөв бодлоготой, хүндээ ээлтэй, төсөв хөрөнгө шамшигдуулдаггүй байсан бол Д.Сарангэрэл сайдын хэлсэн “улны айлууд” үүсэхгүй байж ч болох. Тэд “улны” гэж доромжлуулахгүй амьдарч болох л байсан биз. Хэн юу туулж явааг хэн ч мэдэхгүй.

 

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, дэд сайдаар ажиллаж байсан Н.Номтойбаяр цахим хуудсанаа “ХНХ-ын дэд сайд, сайд байхдаа “улны айл” гэж сонсч байгаагүй шүү!” хэмээн жиргэж. Хэзээнээс Монголд нийгмийн давхарга үүсэж, хэн нь хэндээ нэр хоч өгөн бах таваа хангаж байгааг мэдэхгүй. Ямартай ч нийгмийн хамгааллын яамныхан, сайд нь иргэнээ ингэж доромжилж, ялгаварлан гадуурхдаг юм байна.

 

УИХ-ын гишүүд, сайд нарт хэний саналаар хэн болсноо санах өдрүүд мөдхөн ирнэ. Дараагийн сонгууль тийм ч хол биш. Сонгогч олноо доромжилж, ялгаварлан гадуурхсаныхаа горыг амсах нь мэдээж. Н.Номтойбаярын хэлснээр “Нийгэм үргэлж ингэж нулимуулаад байхгүй”.

 

Б.Хэрлэн

http://www.shuud.mn/a/543407?fbclid=IwAR2NgmbIk3Gxi4SnXgowJFyV73wbjpNM39CdFn3XzlU6hsHacX6esAnE64E