Мазаалай баавгайд нэмэлт тэжээл тавьж өгчээ

Бусад

БОАЖЯ-ны харьяа Говийн Их Дархан Цаазат газрын “A” хэсгийн хамгаалалтын захиргаанаас Монгол орны нэн ховор амьтан мазаалай баавгайд нэмэлт тэжээл тавьж өгчээ. Мөн үеэр мазаалай баавгайн генетикийн мэдээлэлд тулгуурлан нийт бодгалийн тоог тодорхойлох зорилгоор үсний дээж цуглуулах, устай цэгүүдэд байрлах автомат камеруудын цуглуулсан дата мэдээллийг хуулж, баттерейг сольсон байна. Нийт 25 цэгт байрлах 37 тэжээлийн саванд 5640 кг тэжээл хийж, 30 багц үсний дээж цуглуулан, 124 автомат камерын дата мэдээллийг хуулан авч 12 автомат камерын баттерей сольсон бөгөөд энэ ажлын хүрээнд байгаль хамгаалагчид 1700 км зам туулжээ.

Мөн Баянхонгор аймгийн Байгаль Орчин Аялал Жуулчлалын газар, “MAMA” ТББ, Говийн Их Дархан Цаазат Газрын “А” хэсгийн хамгаалалтын захиргааны санаачилгаар Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутагт байрлах Хуцын шанд хэмээх газарт “Мазаалайн тэжээлийн аяга” хэмээх тэжээлийн сав шинээр байрлуулав. Байгаль хамгаалах энэ ажилд аялагчид болон хувийн компани, клубууд дэмжин ивээн тэтгэж, хамтарч ажиллажээ.