Ихрээ гэдсэндээ тээсэн эр Бхагат

Бусад

Энд өгүүлэх уг түүх нь Энэтхэгийн Нагпур хотод амьдардаг Санжу Бхагат гэх залууд тохиолджээ. Тэрбээр жирэмсэн эмэгтэй шиг том гэдэстэй байв. Үүнээсээ болж тэрбээр насаараа бусдын цуу ярианы бай болж жирэмсэн хэмээн шоолуулдаг байлаа. Улмаар 1999 оны зургадугаар сарын нэгэн шөнө түүний гэдэс энгийн тарган хүнийх шиг биш жирэмсэн эмэгтэйнх шиг болон хөөж эхлэв. Тодруулбал түүний гэдэс есөн сартай жирэмсэн эмэгтэйнх шиг томорч, амьсгалж ч чадахгүй болох нь тэр.

Түргэн тусламжийнхан 36 настай тариачин эрийг эмнэлэгт хүргэж, эмч нар эхний үзлэгээр түүнийг маш том хавдартай байж болзошгүй хэмээн бодсон тул яаралтай хагалгаа хийхээр шийджээ.

Түүнд хагалгаа хийхээр болсон тухай Мумбай дахь Тата эмнэлгийн эмч Ажай Мехта "Хавдар маш том хэмжээтэй байсан тул цээжийг нь дарж амьсгалын замыг нь хааж байсан" гэж дурсан ярьжээ.

Эмч мэс засал эхлэнгүүт өвчтөн үнэхээр хавдартай эсэхийг нь шууд мэдэж чаддаг байв. Гэхдээ Бхагатын мэс заслын үеэр Мехта урьд өмнө хэзээ ч харж байгаагүй зүйлээ олж харжээ. Учир юу гэвэл Бхагатын хэвлийд зүсэлт хийж эхлэхэд хэдэн литр шингэн ус асгарч, дараа нь Мехта эмч гараараа тэмтэрч үзэхэд олон яснууд мэдрэгджээ.

Удалгүй гар хөл, үс, эрүү гэх мэт зүйлс байгаа нь тодорхой болж Бхагатын гэдэс дотор хөл, гар нь хөгжсөн бяцхан хүн байлаа. Энэ явдлыг тайлбарлавал Бхагатын ихрийн өрөөсний дутуу хөгжсөн бие хэвлий дотор нь байсан. Бхагат нь дэлхий дээрх хамгийн хачирхалтай эмгэгүүдийн нэг болох "Fetus-in-fetu" буюу ураг дотор ураг хөгжих төрөлхийн гажигтай төрсөн гэсэн үг. Нөгөөтээгүүр энэ нь эхийн хэвлий дотор байгаа ихрүүдийн нэг ураг нь нөгөөгийнхөө бие дотор орох маш ховор тохиолдол юм. Эмгэгтэй ихэр нь эрүүл ихрээсээ хүйн холбоотой адил зарчмаар шим тэжээл аван шимэгч шиг амьдардаг аж. Цаашлаад эмгэгтэй ихэр хангалттай томрох юм бол эрүүл ихрийн амь нас аюулд орох юм. Анагаах ухааны түүхэнд ийм гажиг бүртгэгдсэн тохиолдол 90-ээс цөөн байдаг гэнэ. "Fetus-in-fetu" нь жирэмсний эхэн үед тохиолдох бөгөөд ихэнх тохиолдолд ихрүүд хоёул төрч амжилгүй амьсгал хураадаг байна.

Гэвч заримдаа Бхагатын нэгэн адил амьд үлдэх нь бий. Хамгийн гол нь Бхагат төрснөөс хойш 36 жилийн турш гэдэс дотор нь хүүхэд байсан гэж хэн ч сэжиглээгүй явдалд эмч нар гайхширан хоцорчээ. Бхагат мэс заслын дараа бие нь хөнгөрч, сэтгэл амарлаа хэмээн ярьжээ. Тэрбээр яг ямар мэс засал хийсэн эсвэл гэдэснээс нь юу гарсныг харах сонирхолгүй байж.

Хагалгааны дараа Бхагатын бүх зовуурь алга болж тэр даруй бие нь тэнхэрч, амьд үлдсэн нь гайхамшиг боловч энэ явдал нь түүний ичгүүртэй явдал мэт бодогдож байсан гэв. Амьдардаг тосгоных нь хүмүүс түүнийг бүхий л амьдралынх нь туршид жирэмсэн эр хэмээн дооглодог байсантай холбоотой биз ээ.

Өдгөө Бхагатын биеийн байдал сайн, амьдрал нь энгийн үргэлжилж байгаа бөгөөд сайн нэрийг хусавч арилахгүй гэгчээр түүний хоч мэдээж арилаагүй.