“Гэртээ ганцаараа” киноны гол дүр Маколей Калкин 40 нас хүрлээ

Соёл урлаг, Спорт

Жил бүрийн шинэ жилийн баяраар айл бүрийн зурагтаар гардаг, хэдэн ч удаа үзсэн уйддаггүй цөөн кинонуудын нэг бол Америкийн найруулагч Крис Колумбусын бүтээл “Гэртээ ганцаараа” кино билээ. Тус киноны гол дүрийн баатар, адтай сэргэлэн жаал хүү Кевин Маккалистерын дүрээр үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн жүжигчин Маколей Калкин өнөөдөр /2020.08.27/ 40 нас хүрч байна.

Тэрбээр өөрийн цахим сүлжээндээ “Та бүхэн хөгширсөн юм шиг санагдаж байна уу. Зүгээр дээ. Би өнөөдөр 40 нас хүрч байна” хэмээн бичжээ.

Дөнгөж 10 настай Маколей “Гэртээ ганцаараа” кинонд тоглосны дараа түүн дээр ирсэн алдар хүндийг эцэг нь буруугаар ашиглаж, хүүгийн эцэг Кристофер Калкин олон сая доллар амалсан кинонд л хүүгээ тоглуулна гэж зөрүүдлэснээр Маколейн жүжигчний карьер 13 насанд нь  дуусгавар болох шатандаа орж байжээ.

Калкин 23 насандаа кино ертөнцөд эргэн хөл тавьж, “Party Monster”, “Saved” хэмээх кинонуудад дүр бүтээсэн байна. Харин дараа нь хөгжмийн ертөнцөд хүч үзэхээр шийдэж, “The Pizza Underground” хамтлагийг үүсгэн байгуулжээ. Гэхдээ Каклин кино ертөнцөө тэр чигт нь орхиогүй бөгөөд “Kings”, “Drivers”,  “Land of Change” зэрэг кинонд тоглосон байдаг.

Одоо тэрбээр томоохон кинонд тоглохоо больсон төдийгүй сурталчилгаанд ч ховорхон тоглох болсон аж. Гэхдээ түүний хөтөлдөг “YouTube” суваг маш амжилттай яваа гэнэ шүү. Хайр дурлалын тал дээр олон ч удаа бүтэлгүйтэж явсан Калкин 2017 оноос Тайланд гаралтай америк жүжигчин Бренда Сонтой одоог хүртэл үерхэж байна.

Эх сурвалж: CNN