Л.Гүндалай: “Далай ээж 2” миний амралтын газар биш

Эрэн сурвалжлах

Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас Хөвсгөл нуурын эрэг орчимд үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдэд хяналт, шалгалт хийж ажиллаж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд 2020 оны наймдугаар сарын 25-ны өдрийн эргүүл хяналтаар Хатгал тосгон буюу Хөвсгөл нуурын баруун эрэгт үйл ажиллагаа явуулдаг “Далай ээж 2”зочид буудал нь бохир усаа насосоор татан, урсгаж, нуурыг бохирдуулж байгаа нь илэрсэн талаар Хөвсгөл аймгийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа цахим хуудастаа өчигдөр мэдээллэсэн юм.

Уг хэрэг дээр зохих арга хэмжээг авч холбогдох хуулийн байгууллагад шилжүүлэхээр тус захиргаанаас ажиллаж буй бөгөөд цаашид хяналт шалгалт үргэлжлүүлэх талаараа мөн мэдэгдсэн байна. Харин иргэдийн зүгээс энэхүү амралтын газрыг “УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайгийн хувийн эзэмшлийн буудал. Ингэж байгаль орчиндоо томоохон хэмжээний хохирол учруулж болохгүй” гэх мэтээр шүүмжилж эхэлсэн бөгөөд энэхүү мэдээлэл олон нийтийн цахим сүлжээнд хүчтэй тарж, иргэдийн бухимдлыг төрүүлээд байгаа юм.

Бид энэ талаар тодруулахаар УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайтай холбогдлоо.

-Хөвсгөл далай руу бохироо цутгасан гэх шүүмжлэлд өртөөд буй “Далай ээж 2” жуулчны бааз нь таны эзэмшдэг амралтын газар мөн үү?

-Биш ээ, энэ өөр амралтын газар шүү. Хүмүүс минийх мэтээр ярьж, бичиж над руу маш их дайрч байна. Манай амралтын газартай ижилхэн нэртэй юм билээ. Манайх Хөвсгөл далайн зүүн эрэг дээр байрладаг. Хатгал хотоос завиар 5 минут л яваад хүрдэг газар.

-Тэр амралтын газар танайхтай ойрхон байдаг юм уу?

-Үгүй ээ, манайхаас 7, 8 км-ийн зайтай юм байна лээ. Түрээслэн ажиллуулж буй хүмүүс нь л хариуцлага алдсан байх. Хуучин тэр газар нь манай аавын нэр дээр байсан. Гэхдээ өөр хүмүүс барилга барьж, үйл ажиллагаа явуулаад надтай хамааралгүй болсон юм. Би тэр газрын удирдлагатай холбогдож асуусан. “Удаан хугацаанд цутгаж, албаар бохирдуулсан зүйл байхгүй. Хүмүүсийн яриад, бичээд байгаа шиг ноцтой зүйл болоогүй. Шөнөдөө гадуур нь хальж, асгарсан байсныг дэвэргэж, олон нийтийн сүлжээнд цацсан” гэж хэлж байна лээ.

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд хилийн чанадаас өрсөлдсөн ганц хүн бол Ард түмнээ хайрлая намын дарга Л.Гүндалай. Тэрбээр сонгуулийн үеэр тусгай үүргийн онгоцоор Тайландаас ирмэгцээ 21 хоног тусгаарлагдсан бөгөөд өнгөрсөн долдугаар 14-ний өдөр гарсан. Үүнийхээ дараа Хөвсгөл нуурын эрэг дээр "Далай Ээж"  хэмээх өөрийн хувийн эзэмшлийн амралтын газартаа амарч байх үедээ “амралтын газраа тусгаарлах байрны зориулалтаар Улсын онцгой комисст үнэ төлбөргүй ашиглуулах санаачилга гаргаж байсан билээ. Түүний хувийн гэх “Далай ээж” амралтын газар нь нэг дор 200 хүн хүлээн авах хүчин чадалтай ажээ.