Нохой нь бамбарууш амандаа зуун иржээ

Бусад

Уг явдал нь АНУ-ын Виржиния мужийн Вашингтон тойрогт болжээ. Яг юу болсон тухай хүүрнэвэл энэ оны хоёрдугаар сарын 5-нд нохой нь эзэндээ этгээд гэмээр нэгэн нохойн гөлөг амандаа зуусаар ирсэн гэнэ. Нохойн эзэд нь хаанаас ийм гөлөг зууж ирснийг мэдэхгүй, дээрээс нь нохойн гөлөг гэхэд нэг л биш санагдаад байсан тул АНУ-ын зэрлэг байгаль хамгаалах албанд мэдэгдсэн байна. Цаг алдалгүй холбогдсон нь зөв байсан бөгөөд тэрхүү бяцхан амьтан нь баавгайн бамбарууш байж таарах нь тэр.

Улмаар дараа өдөр нь буюу хоёрдугаар сарын 6-ны өдөр албаны хүмүүс бамбаруушийг Виржиния мужийн Зэрлэг байгаль хамгаалах төвд авчирчээ. Малын эмч нар үзээд эрэгчин болохыг нь тогтоосон бөгөөд 540 гр жинтэй бамбарууш эрүүл саруул гэдгийг ч тогтоосон байна. Гэхдээ багахан шингэний дутагдалд орсон гэв. Түүнд 20-0084 гэдэг дугаар өгч инкубаторт оруулж гаргасан хуваарийн дагуу хооллож эхэлжээ. Энэ тохиолдлоос өмнө тус төвд бас нэгэн бамбарууш ирсэн ба эмэгчин бөгөөд биеийн жин нь 566 грамм, түүнд 20-0064 дугаар юм. Энэ бамбаруушийг нэгдүгээр сарын 22-ны өдөр Крейг бүсийн цахилгааны ажилтнууд олж авчирчээ. Бамбарууш овоолсон өвсөн дунд бараг хөлдөхийн даваан дээр байсан гэнэ. Ажилтнууд эхлээд түүнийг хөлдсөн гэж бодож байсан ч дулаан хөнжилд ороомогц бамбарууш дулаацан хөдөлж эхэлсэн байна.