Хакүхо Даваажаргал шинэ дэвжээгээ танилцуулав

Соёл урлаг, Спорт

Өнгөрсөн Нагоя башёгийн дараа Миягино ояката өндөр насны тэтгэвэртээ сууж, М.Даваажаргал Хакүхо буюу Магаки ояката Миягино дэвжээг залгамжлан авч, дэвжээний эзэн болсон билээ.

Миягино дэвжээ энэ сарын эхэнд хуучин Азүмазэки дэвжээнд буйр сэлгэн нүүснээс хойш энэ сарын 20-нд Хакүхо буюу шинэ Миягино багш анх удаагаа хэвлэл мэдээллийнхэнд сүмочдын өглөөний бэлтгэлийг үзүүлж, шинэ дэвжээгээ танилцуулжээ.

Бэлтгэлийн дараа Миягино ояката “Өөрийн дэвжээгээ шинээр барих ойрын төлөвлөгөөтэй байгаа. Одоогоор энэ дэвжээний буйрнаас шинэ ажил амьдралын гараагаа эхлүүлж буй нь түүхтэй юм. Мэргэжлийн сүмод гадаад бөхчүүдийн мөрийг тавьж өгсөн анхны гадаад бөх Америкийн Хавай арлын уугуул Такамияма зодог тайлаад Азүмазэки дэвжээний багш болж, энд нутагласан. Энэ дэвжээнээс олон сайн бөх төрсний дотор 64 дэх ёкозүна Акэбоно байна. Би энэ бүхнийг бэлэгшээн, шавь нараас минь ирээдүйд сайн сүмоч төрнө гэж сүсэглэн бодож байгаа. Мөн өөрөө бэлтгэл сургуулилалт хийж байсан өмнөх дэвжээний дохёны элсийг нүүн ирсэн дэвжээндээ хэрэглэж байна. Өлзий буян шингэсэн сайхан буурь бид бүгдэд хишиг буянаа хайрлана гэж бодож байна” гэжээ.