ОУ-ын цэргийн наадамд Монгол Улсын зэвсэгт хүчин анх удаа музейн үзэсгэлэнгийн төрлөөр оролцож байна

Соёл урлаг, Спорт

ОХУ-д жил бүр зохион байгуулагддаг олон улсын “Цэргийн наадам -2022” тэмцээний "Армийн соёл, урлаг"-ийн төрөлд Монгол Улсын Зэвсэгт хүчин анх удаа музейн үзэсгэлэнгийн төрлөөр оролцож байна. Энэ төрөлд 17 орны цэргийн музей өрсөлдөж байна.

Наадам зохион байгуулах хорооноос ирүүлсэн шалгуур үзүүлэлт, дүгнэх журмын дагуу Монгол цэргийн музей “XIII дугаар зууны морьтон дайчид” сэдэвт үзэсгэлэнгээр оролцож байгаа юм. Монгол түмний аж байдал, соёл уламжлал, түүх соёл морьтой салшгүй холбоотой. Эрт үеийн эрэлхэг дайчид, эзэн Чингис хааны тулаан ч баатруудаас улбаатай Монгол цэрэг эрсийн дайн тулаанд ялалт байгуулж ирсэн түүх, ардын хувьсгалын ялалт, Халх голын дайн, Чөлөөлөх дайны түүхэнд ч үргэлжилж Монгол цэрэг монгол морьтойгоо хамт байсан билээ.

Уг үзэсгэлэнд цэрэг эрийн үнэнч нөхөр морины тухай өгүүлэх бөгөөд уламжлалт Монгол ахуй, монгол гэр, морины холбоотой эд өлгийн зүйлсийг дэлгэн харуулахын зэрэгцээ монгол гэр, эмээл хазаар, чөдөр, ногт, бугуйл, хусуур, богц зэрэг морины хэрэглэлүүд, монгол гэрийн авдар, явган ширээ, тулга, аяга, цар таваг зэргийг хуулбараар хийлгэж, Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.

Эртний баатрын хувцас, нум сум, сэлэм бамбай сэлтээс гадна монгол ноён хатан, эрэгтэй, эмэгтэй хүний дээл, малгайг мөн хуулбарлан хийлгэж дэглэсэн нь гадаадын үзэгчдийн сонирхлыг ихээхэн татаж, өмсөж зургаа татуулах цуваа тасрахгүй байгаа гэнэ. Монгол уламжлалт оньсон тоглоом, шагайн наадгайг тайлбарлан биеэр тоглож үзүүлэхийн зэрэгцээ угсардаг монгол гэр бариулах, тамганы дардас даруулж өгөх зэргээр сурталчилгааны ажлыг мөн давхар хийж байна.

Орчин үеийн виртуал үзүүллэг болох “VR box”-оор эртний Хархорум хот, хааны ордныг харуулж бодит орчинд зочлуулсанд үзэгчид туйлын сэтгэл хангалуун байна. Ирсэн зочид үзэгчдийг идээ таваг бүхий ширээнд урьж монгол цай, төрөл бүрийн ундаа, боорцог, ааруулаар дайлж буй манай үзэсгэлэнгийн танхимаар олны хөл тасрахгүй, сониучирхсан хүмүүс, баярласан хүүхдийн дуунд өнжиж, хамт үзэсгэлэн гаргаж байгаа бусад орны мэргэжил нэгтнүүдтэйгээ өрсөлдөхөөс илүү нөхөрлөж, туршлага судалж, холбоо тогтоосон сайхан арга хэмжээ болж байна ажээ. Мөн “Монгол Оросын уламжлалт харилцаа” сэдэвт нүүдлийн үзэсгэлэнгээ наймдугаар сарын 18-ны өдөр зохион байгуулсан “Монгол Улс сурталчлах өдөрлөг”-ийн үед дэлгэн, үзэгчдийн хүртээл болгосон. Музейн үзэсгэлэн дэлгэгдэж буй “Найрамдлын ордон”-д зохион байгуулсан “Монгол Улс сурталчлах өдөрлөг”-ийг ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга бригадын генерал С.Дашзэвэг нээж үг хэлсэн. Өдөрлөгт оролцсон зочдод Монгол Улс, Зэвсэгт хүчний талаар мэдээлэл хийж, урлагийн тоглолт үзүүлж, хөгжөөнт тоглоом зохион байгуулж, үндэсний амттанаар зочдыг дайлах зэргээр богино хугацаанд үр дүнтэйгээр зохион байгуулжээ. Одоогийн байдлаар манай үзэсгэлэнд зургаан мянга гаруй үзэгч, тэмцээнд оролцогчид зочлоод байна.

ОХУ-ын хэвлэл мэдээллийн томоохон хэрэгслүүдээр тухайлбал “Россия”, “Звезда” телевизээр “Армийн соёл, урлаг” тэмцээнд оролцож буй Монгол Улсын Зэвсэгт хүчний уран бүтээлчдийн оролцооны талаар дэлгэрэнгүй мэдээ дамжуулж, сонин, сайтын сурвалжлагч нар мэдээ мэдээлэл бэлтгэн олон нийтэд сурталчилж байна. Ташрамд дурдахад “Армийн соёл, урлаг” тэмцээн энэ сарын 23-ны өдөр дүгнэгдэж, 27-ны өдөр тэмцээний хаалтын арга хэмжээ зохион байгуулагдана.