Этиопт 5-10 сая жилийн дараа шинэ далай бий болж магадгүй

Соёл урлаг, Спорт

Этиопын зүүн хойд бүс дэх Афар цөлийн нутагт тектоник хагарал үүссэний улмаас Африк тив хуваагдаж болзошгүй бөгөөд ингэснээр 5-10 сая жилийн дараа шинэ далай бий болоход хүргэнэ гэж АНУ, Их Британийн эрдэмтэд таамаглаж байна.

Лидсийн их сургуулийн судлаач Кристофер Мурын хэлснээр, гурван тектоник хавтангийн уулзвар дээр байрласан бүс цуурч эхэлсний улмаас 2005 онд 56 км урт хагарал үүссэн байна. Этиопын цөлд гарч буй өөрчлөлтийг хиймэл дагуулуудын радарын мэдээлэлд дүн шинжилгээ хийх замаар хянаж байгаа аж. Афар цөл нь эх газрын хагарал далайн ёроолын хагарал болж буйг судалж болох дэлхий дээрх цорын ганц газар юм гэж Мур онцолжээ.

АНУ-ын Шинэ Орлеан дахь Тулейний их сургуулийн геофизикч Синтиа Эбингер тектоник үйл явцыг дээш өргөгдөж буй магмын даралт нэмэгдэж буйтай холбон тайлбарлажээ. Газрын хагарал үүссэний дараа Адены булан, Улаан тэнгисийн ус Афар цөл болон Зүүн Африкийн хагарлын бүсийг усанд автуулж, шинэ далай үүсгэнэ гэж эрдэмтэд үзэж байна.