Гавьяат дасгалжуулагч Ж.Лхагва ахмадын Ази тивийн 3.3 бүсийн аваргаар тодорлоо

Соёл урлаг, Спорт

Азийн шатрын холбооноос 2020 оны долоодугаар сарын 14-21-ний өдрүүдэд www.chess.com цахим сайт дээр зохион байгуулагдаж буй Ахмадын Ази тивийн аварга шалгаруулах онлайн тэмцээн амжилттай үргэлжилж байна.

Ахмадын Ази тивийн 3.3 бүсийн аварга шалгаруулах тэмцээний 65-аас дээш насны ангилалд Монгол Улсын зургаан удаагийн аварга, Гавьяат дасгалжуулагч, ДШХ-ны мастер Ж.Лхагва багш хожигдолгүй түрүүлж аваргаллаа.

Тэмцээний 50-аас дээш насны ангилалд Монгол Улсын аварга, ДШХ-ны мастер Н.Төвсанаа сүүлийн 7-р өрөгт Филиппин улсын шилдэг шатарчин Тан Жонатаныг тактикийн хурц байрлалд илүүрхэж 56 ахмад шатарчдаас 7-р байрт шалгарав.

Тэмцээнд Монгол Улсаас дараах есөн тамирчин оролцсон бөгөөд 50-аас дээш насны ангилалд 7 эрэгтэй, 65-аас дээш насны ангилалд 1 эмэгтэй, 1 эрэгтэй тамирчин оролцсон юм. Үүнд:

65-аас дээш насны ангилалд:

1. ДШХМ Ж.Лхагва - эр
2. СМ Д.Сэржмядаг - эм /шууд финалд тоглоно/

50-аас дээш насны ангилалд:

1. ДШХМ Н.Төвсанаа - эр
2. СМ Г.Чулуун - эр
3. СМ Р.Энхбат - эр
4. Д.Болдбаатар - эр
5. П.Балжинням - эр /Дорнод/
6. Ч.Ядамсүрэн - эр /Говь-Алтай/
7. Х.Нармандах - эр /Хөвсгөл/
Манай гурван ахмад тамирчин Хөвсгөл, Говь-Алтай, Дорнод аймгуудаас гэрээсээ онлайн орчинд тоглосон бол үлдсэн тамирчид Мэдээлэл технологийн үндэсний парк дээр онлайн орчинд өндөр хурдны интернэт, сүүлийн үеийн компьютерт суурилан өндөр зохион байгуулалттай тоглолоо. Тус тэмцээний насны ангилал тус бүрийн эхний гурван байрт шалгарсан тамирчид 7-р сарын 20-21-ний өдрүүдэд зохион байгуулагдах Ахмадын Азийн авага шалгаруулах тэмцээний финалын шатанд шалгаран оролцох эрхээ авлаа.