ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 341 ДҮГЭЭР АНГИЙНХАН АЛТАЙ НУТГИЙГ ЗОРИЛОО

Нийгэм, Эдийн засаг
Монгол Улсын Батлан хамгаалахын сайд, ЗХЖШ-ын даргын тушаалын дагуу Говь-Алтай аймагт Зэвсэгт хүчний 341 дүгээр анги байгуулах анхны шанг татахаар ангийн захирагч, хурандаа Б.Энхбаяр тэргүүтэй бие бүрэлдэхүүн энэ сарын 20-ны өдөр хөдөлгөөн үйлдлээ.
Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг Алтай нутагт хэрэгжүүлэх их үйлст нь амжилт хүсэж, тус ангийн бие бүрэлдэхүүнийг ЗХЖШ, Барилга-инженерийн цэргийн удирдах газрын төлөөлөл үдэн гаргасан юм.
Аян замд гарахын өмнө Зэвсэгт хүчний 341 дүгээр ангийн захирагч, хурандаа Б.Энхбаяр "Говь-Алтай аймагт шинээр байгуулагдах ангийн захирагчаар томилогдон Зэвсэгт хүчний түүхийг бичилцэх, шинэ ангийн суурийг тавих болсондоо баяртай байна. Орон нутагтаа Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг аймгийн иргэд, хүүхэд залуучуудад сурталчлан таниулж, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэн ажиллаж, Говь-Алтай аймгийн хөгжил цэцэглэлтэд Зэвсэгт хүчний оролцоог нэмэгдүүлэх болно" гэдгээ онцлон хэлсэн юм.
Түүнчлэн шинэ ангийн шав тавих ёслолын ажиллагааг ирэх 7 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөжээ.