Б.Төмөрбаатар: Эдгээр тамга бол манай хаадыг төлөөлөх маш үнэ цэнтэй өв

Улс төр

"Чингис хаан" музейн урд ханад байрлуулсан Их хаадын тамганы талаар хүмүүс багагүй шүүмжлэлтэй байгаа. Тэгвэл энэ тамгыг урласан Монголын урчуудын эвлэлийн ерөнхийлөгч асан, зураач Б.Төмөрбаатараас тодрууллаа.

Цахим сүлжээгээр Чингис хааны музейн барилгад байршуулсан Их хаадын тамганы талаар олон нийт буруу ойлголттой байна та энэ талаар тайлбар өгвөл?

-Эрт дээр үеэс Монгол овог, аймаг бүр өөрийн гэсэн тамгатай байсан. Чингис хаан төр барьж байх үедээ овог аймгуудыг нэгтгэн тамгыг оноож өгч байсан. Музейн хананд байршуулсан тамгануудын хамгийн эхэнд Өгөдэй хаан, Гүег хаан, голд Чингис хааны онгин тамга, Мөнх хаан, Ариг бөх гэсэн таван хааны тамга бүтээгдсэн байгаа. Зураач энэхүү саналыг гаргаснаар эрдэмтдийн зөвлөл хэлэлцэн баталгаажуулсан.

Эдгээр тамганууд нь бүгд археологийн олдворууд мөн үү? Тухайн цаг үед хэрэглэж байсныг хэрхэн тогтоосон бэ?

-Эрдэмтэн судлаач нарын баталгаажуулснаар аль нь ямар хааны тамга гэдгийг тогтоож байгаа. Хамгийн гол хаадын өөрсдийнх гаргаж байсан зоосон дээр тамга болон нэр нь байдаг. Чингис хааны музейн хананд байршуулсан тамга дээрх дүрслэлүүд нь сүүлийн үед олдсон археологийн үнэт олдворуудын нэг юм. Бид бүх зүйлийг Хятадтай холбож ойлгож болохгүй. Гэтэл Монгол Улс өөрөө дэлхийг нэгтгэж байсан том гүрэн шүү дээ. Тийм ч учраас манай уламжлалт соёл урлаг их том хүрээг хамардаг. Энэхүү музейн хананд байршуулсан тамга нь зөвхөн Монгол Улсаас олдсон дүрслэлүүд юм. Эдгээр дүрслэлүүдийг бид өөрийн болгож авах нь хамгийн чухал. Бидний нүдэнд дасал болоогүй дүрсүүд гараад ирэхээр манайхан их цочирдож байх шиг байна. Энэ бол манай Монгол Улсын өв соёл мөн.

Эдгээр Их хаадын тамгыг заавал байршуулах шаардлагатай байсан уу?

-Миний хувьд барилгын чимэглэлийн чиглэлээр Ленинградад сурч ирсэн хамгийн сүүлийн хүн. Монголын алдарт архитектур Балдан энэ барилга дээр хамтарч ажиллах санал тавьсан. Бидний хувьд Чингис хааны музейн дотоод интерьер засалд ч оролцож байсан. Соёлын яамнаас биднийг хий гэж хэлээгүй. Мэргэжлийн үүднээс музейн гадна заавал байх ёстой чимэглэл гэж энэхүү тамгыг үзсэн. Музей байгуулах ажлын хэсэгт олон санал, хувилбар дэвшүүлсний үндсэн дээр энэ хувилбар батлагдсан.

Их хаадын тамгыг хийхэд хэчнээн урчууд хамтран ажилласан бэ?

-Энэ тамгыг урлахад 6-7 барималч, 5-6 дархад хамтран жил гаран хугацаанд хийж бүтээсэн. Олон нийтийн шүүмжлэлийг сонссон. Монголчуудын хувьд өөрсдийн түүхийн талаар бага мэдлэгтэй гэж бодсон. Миний хувьд эрдэмтдийн судалгаан дээр үндэслэн Их хаадын тамгануудаар хоёр ч удаа үзэсгэлэн гаргаж байсан. Эдгээр тамга бол манай хаадыг төлөөлөх маш үнэ цэнтэй өв мөн. Хаадын тамганы талаар олон судалгаа бий. Шинжлэх ухааны археологийн судлаачид судалсан боловч олны хүртээл болоогүй. Мөн Чингис хааны музейн дотор эдгээр тамгануудын тайлбар түүхийг нэг бүрчлэн тавьсан байгаа.