“Улаанбаатар их дуулга-2022”-д манай улсаас 55 тамирчин оролцохоор болов

Соёл урлаг, Спорт

 Парис-2024" зуны олимпын наадмын албан ёсны оноо олгож эхлэх “Улаанбаатар их дуулга-2022” өндөр зэрэглэлийн тэмцээнийг Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулах гэж буй. Ерөнхийлөгчийн ивээл дор болох жүдо бөхийн олон улсын тус тэмцээн зургадугаар сарын 24-26-ны хооронд “Steppe arena” буюу “Мөсөн өргөө”-д болох юм.

Монголын Жүдо бөхийн холбоо, Олон улсын жүдо бөхийн холбоо, Ерөнхийлөгчийн Тамгын газар, НЗДТГ хамтран зохион байгуулж байгаа дээрх тэмцээнд одоогийн байдлаар 30 орны 265  тамирчин оролцохоо мэдэгдээд байна. Харин Украйны шигшээ баг ирээгүй аж.Дашрамд дурдахад дээрх тэмцээн  зуны олимпын наадмын оноо олгох анхны тэмцээн  бөгөөд дэлхийн 200 орчим оронд шууд цацагдах нэн чухал арга хэмжээ болж байгаагаараа онцлог. Манай улсаас 55  жүдоч барилдахаар бэлтгэл сургуулилтаа хангаж буй. Тэмцээний шагналын сан 154 000 евро бөгөөд түрүүлсэн жүдоч 5000 /16.4 сая төгрөг/, мөнгөн медаль 3000, хүрэл медальтан 1500 еврогийн шагнал гардана.

Гранд Слам ангилалд түрүүлсэн тамирчин чансаагаа 1000 оноогоор ахиулах бол мөнгөн медаль 700, хүрэл медаль 500, 5-р байр 360, 7-р байр 260, шөвгийн 16-д шалгарвал 160 оноо авах юм.  Манай улс өмнө нь 2009-2012 онд “Чингис хаан” дэлхийн цомын тэмцээнийг эх орондоо зохиосон бол 2013-2016 онд Гран При ангиллын тэмцээнийг амжилттай зохион байгуулж байсан туршлагатай. Их дуулга тэмцээнийг зохион байгуулснаар цаашид ДАШТ-ийг эх орондоо зохион байгуулах боломж бүрдэх юм.