Г.Занданшатар: Хүчтэйхэн газар хөдөлбөл төрийн ордон нурж, хүний амь нас эрсдэх эрсдэлтэй байна

Улс төр

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээ, заагийг шинэчлэн тогтоож, зарим орчныг олон нийтэд нээлттэй болгох тухай УИХ-ын тогтоолын төсөл (УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Цогтбаатар нар 2022.06.13-ны өдөр өргөн мэдүүлсэн)-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.  Ингээд уг   тогтоолын төсөлийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар уншиж танилцуулж, хэлэлцэхийг дэмжиж өгөхийг хүсэв.

Төрийн ордны тухай хууль батлагдсантай холбогдуулан “Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээ, зааг тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын 2001 оны 16 дугаар тогтоол батлагдаж, Төрийн ордноос зүүн, баруун зүгт тус бүр 33 метр, урд хойд зүгт тус бүр 80 метр хүртэлх орчин, нутаг дэвсгэрийг Төрийн ордны нутаг дэвсгэрт тооцохоор тогтоож байв. Дээрх хэмжээсээр Төрийн ордны урд зүгт байрлах Чингис хааны хөшөөнөөс урагш төрийн гурван тугны суурь хүртэлх зай, Төрийн ордны хойд зүгт байрлах цэцэрлэгт хүрээлэн буюу “Ардын хувьсгалын талбай” хамрагдаж байгаа юм.

Дээрх тогтоол батлагдсанаас хойш Төрийн ордны урд талын өргөтгөл баригдсан, ойр орчмын авто болон явган хүний зам шинэчлэгдсэн, “Ардын хувьсгалын талбай”-г төрийн тусгай хамгаалалтад байлгах нөхцөл, шаардлага арилсан зэргээс хамаарч уг тогтоолд дурдсан хэмжээ, заагийг шинэчлэн тогтоох шаардлага үүсээд байна хэмээн төсөл санаачлагч үзжээ.

Төслийн талаарх УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг уншиж танилцуулж, хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсэв.

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа:

-Цаг үеэ олсон төсөл. Ордны ар талын цэцэрлэгийг нээхээр болсон уу? Төрийн тусгай албан хаагчдад энэ талаар албан бичиг гаргасан. “Ковид-19” учир боломжгүй гэсэн. Цар тахлын дараа дахин албан бичиг өгсөн бас боломжгүй гэсэн хариу өгсөн. Одоо нээх үү? Хувцаслалтын талаарх асуудлыг хэзээ оруулах вэ? Хувцаслалтыг хэтэрхий их цензурдэх нь буруу гэсэн таны саналтай нэг байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Нэг зүйлийг хэлээд, иргэдэд мэдээлэл хүргэх нь зүйтэй гэж бодож байна. 1951 онд баригдсан барилга, та нар төрийн ордны корридороор яваад үзвэл цууралт үүссэн. Хүчтэйхэн газар хөдөлбөл төрийн ордон нурж, хүний амь нас эрсдэх эрсдэлтэй байна гэж Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт гарсан. Анх баригдсан барилгын хийцийн мод өмхийрч, даацгүй болсон. Манай төрийн ордонд Ерөнхийлөгч байрладаг, Ерөнхийлөгчийн тамгын газар, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл байрладаг, ЗГХЭГ-ын Үйлчилгээ олон нийтийн хэлтэс гээд олон газар байрладаг. Одоо багтаамж нь хүрэлцэхээ больсон. Төрийн ордны бодит нөхцөл байдлыг ярьж байх нь зүйтэй. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцсэн, барилгын комиссын дүгнэлт гарсан.