Эмэгтэй Энхийг сахиулагчдын тоог 2027 он гэхэд 15 хувьд хүргэнэ

Улс төр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76-р чуулганд "Энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн олон улсын хурал"-ыг эх орондоо зохионо гэж амласан. Ингээд  "Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал" сэдэвт олон улсын энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн бага хурал өнөөдөр эхэллээ. Гурван өдөр үргэлжлэх чуулганы зорилго нь НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй цэргийн алба хаагчдын оролцоог нэмэгдүүлэхэд чиглэх ба харилцан туршлага солилцох юм.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх олон улсын бага хурлыг нээж үг хэллээ. Монгол Улс өнгөрсөн 20 жилийн хугацаанд НҮБ-ын Энхийг сахиулах болон Олон улсын цэргийн ажиллагаанд 20 гаруй мянган цэргийн алба хаагчаа илгээсний 900 гаруй нь эмэгтэйчүүд юм. Мөн НҮБ-ын цэрэг хандивлагч орнуудын дунд Энхийг сахиулагчдын тоогоор 24, Энхийг сахиулагч эмэгтэйчүүдийнхээ тоогоор 20 дугаар байрт эрэмбэлэгдэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй эмэгтэй цэргийн алба хаагчийн тоог 15 хувьд хүргэх НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагааны газрын уриалгыг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Энэ дагуу 2027 он гэхэд цэргийн багийн бие бүрэлдэхүүний 15, бие даан үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүний 25 хувийг эмэгтэй цэргийн алба хаагчаар бүрдүүлж, НҮБ-аас тавьсан зорилтыг бүрэн хэрэгжүүлэхээр зорьж байгааг тэмдэглэв.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Энхийн ажиллагаа хариуцсан орлогч Ж.П.Лакруа олон улсын бага хуралд үг хэллээ. Тэрбээр Монгол Улс Энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн асуудалд анхаарч байгаа нь НҮБ-ын жендерийн тэгш байдлыг хангах зорилго, зорилтуудыг тууштай хэрэгжүүлж байгаагийн нотолгоо гэж үздэгээ онцлов. Мөн бусад улс орон Монгол Улсын санаачилгыг дагаж, энхийг сахиулах үйлсэд эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв. Урьд өмнө байгаагүй, дэлхий нийтийг хамарсан олон сорилт тулгарч байгаа энэ үед НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаа нь эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлыг улс төрийн тэргүүлэх чиглэл, үндсэн зарчим болгож байгааг хэлэв.Цаашид мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлж, хариу арга хэмжээ авах зэрэгт дэлхийн улс орнуудын онцлог байдлыг тусгасан жендерийн тэнцвэртэй ажиллах хүч урьд өмнөхөөс илүү хэрэгтэй байгааг тэмдэглэв.

Бага хурлын талаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр "Хурал маргааш Тавантолгойн сургалтын төвд  үргэлжилнэ. Тэнд Хааны эрэлд олон улсын сургуульд оролцож буй цэргийн алба хаагчид саналаа солилцоно. Ийм хурал зохион байгуулж буй нь олон улсад онцгой чухал ач холбогдолтойг Жан Пьер Лакруаг онцолсон. Эмэгтэй энхийг сахиулагчдынхаа тоог нэмэхийн тулд хэлний бэлтгэлд явуулж НҮБ-ын шаталсан сургалтуудад хамруулна" гэв.

Монгол Улсаас анхны эмэгтэй Энхийг сахиулагч 2006 онд Баруун Сахар дахь НҮБ-ын "MINURSO" ажиллагаанд оролцсон бөгөөд одоогоор давхардсан тоогоор 911 эмэгтэй Энхийг сахиулжээ.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын Зэвсэгт хүчний 878 цэрэг Энхийг сахиулах ажиллагаанд алба хааж байгаагаас 72 нь эмэгтэй байна.

Чуулганд НҮБ, Европын холбоо, ОХУ, АНУ, Хятад, Их Британи тэргүүтэй дэлхийн 30 орны 60 орчим төлөөлөгч оролцож байна. Харин Украин, Казахстан, Японы төлөөлөгчид ирээгүй аж.