"Улаан шугам гэгч нь хүүхдийн сурч боловсрох эрхэд халдсан ноцтой зөрчил" хэмээн УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг цахим хуудсандаа байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр "Жил бүр ерөнхий боловсролын сургуулийн есдүгээр анги төгсөгчдөд улаан шугам гэх босго тавин сурлагын дүнгээр нь ялгаварлан 10 дугаар ангид суралцах эрхгүй хэмээн хасдаг явдлыг таслан зогсоох ёстой.
Социалист нийгмийн үеийн төрийн зүгээс хүний эрхийг хязгаарлаж ирсэн энэ буруу жишгийг “Ази дахь ардчиллын баян бүрд” гэгдсэн Монгол Улсад өнөөг хүртэл хэрэгжүүлсээр, үе үеийн Боловсролын сайд нараас нэг нь ч үүнийг халах тухай шийдвэр гаргаагүй ирсэн нь үнэхээр харамсалтай.
Есдүгээр анги төгсөгчдөөс хэдэн хүүхдийг хасах тухай шийдвэр гаргах эрхийг хэнд ч ямар ч хууль тогтоомжоор олгоогүй атал Ерөнхий боловсролын сургуулийн удирдлагууд өөрсдийн үзэмжээр шийдэж ирсэн нь Монгол Улсын Үндсэн хууль, нэгдэн орсон олон улсын гэрээнүүдийг бүгдийг зөрчсөн хүүхдийн эрхэд халдсан ноцтой зөрчил тул үүнийг таслан зогсоох тухайд шийдвэр гаргахыг БШУ-ны сайд Л.Энх-Амгаланд уламжлах болно" гэжээ.
Энэ асуудлаар иргэд олон нийтийн сүлжээнд бухимдлаа илэрхийлээд байгаа юм.
0 Сэтгэгдэл