Үндсэн хуулийн гурав дахь нэмэлт өөрчлөлт “ОК” болно

Улс төр

Монгол Улс 1992 онд ардчилсан Үндсэн хуультай болоод парламентын засаглал, олон намын системд шилжсэн. Эдүгээ 30 жилийн ой тохиож байна. Өнгөрсөн хугацаанд Үндсэн хуульд хоёр удаа нэмэлт өөрчлөлт орсон. Эхнийх нь 2000 оны дордуулсан долоон өөрчлөлт хэмээн нэрлэгдэж олон жил хэрүүл маргаан дагуулж байлаа. Ингээд 2019 онд хоёр дахь удаагаа нэмэлт өөрчлөлт  оруулсан. Өнөөдөр гурав дахийг нь хийхээр яриад эхлэв. Энэ яриа нь хүчээ авч УИХ-д дараалан олонхийн суудал авсан  МАН дэмжээд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг аль хэдийн шийдсэн тухай бор шувуу жиргээд байна. Тэгэхдээ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах захиалгыг улс төрийн жижиг хэмээх тодотголтой, УИХ-ын сонгууль бүрээр нэг ч суудал авч үзээгүй намуудад өгсөн хэмээх  барин тавим мэдээллүүд ч гарч байгаа юм. Тодруулбал,   УИХ-ын хаврын чуулганы нээлт  дээр  /2022.03.15/ УИХ-ын дарга Г.Занданшатар "УИХ-ын гишүүдийн тоо нийт иргэдийн тоондоо цөөдөж, төлөөлөх зарчмаа хэрэгжүүлэх боломж багассан. Үүнийг Улс төрийн намуудын тухай хуулийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүд дурдсан. Анх 76 гишүүнтэй болж байх үеэс хойш хүн амын тоо 1.6 дахин нэмэгдсэн" гэж мэдэгдсэн. Түүний энэхүү мэдэгдэл нь Үндсэн хуульд дахин нэмэлт өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, улс төрийн хүрээнд маргаан дагуулдаг  "давхар дээл"-ийг зөвшөөрөх, Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог болох  зэрэг асуудлыг шийдвэрлэнэ гэсэн үг болж таарлаа.

Нөгөө талдаа УИХ-ын сонгууль бүрээр л Төрийн ордны гадна үлддэг жижиг хэмээх тодотголтой намууд нэгдэж Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай Тунхаг бичиг гаргаад  дотогшоо орох горьдлого тээж буй дүр зураг харагдаж буй юм.

Улс төрийн 30 нам нэгдэж  гарын үсэг зурсан уг Тунхаг бичигт Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хамрах хүрээг дараах    хэлбэрээр тусгажээ.

Үүнд “Хүний эрхийг Үндсэн хуулиар бүрэн хамгаалах,  Ард түмнийг төлөөлөх парламентын чадавх, хариуцлагыг нэмэгдүүлэх , Хот хөдөөгийн хөгжлийг дэмжих, нутгийн удирдлагын тогтолцоог сайжруулах,  Монгол Улсын төрийн сүлдийг шинэчлэх гэсэн үндсэн  агуулга багтажээ. Үүнийг  Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах   ажлын ерөнхий төсөөллийн бичиг баримт гэж хэлж болох нь. Одоо уг Тунхаг бичгийн араас хуулийн төсөл боловсруулах, өргөн барих процессууд өрнөх нь мэдээж. Тэгээд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг  наадмаас өмнө УИХ-д өргөн барих, улмаар наадмын дараа УИХ-ын  ээлжит бус чуулганы хуралдаан зарлаж хэлэлцэх мэдээлэл түгээд байгаа билээ. Энэ нь үнэний ортой ч байж мэдэх юм. Учир нь УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны /2022.06.13/ хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг судлах ажлын хэсэг байгуулах тогтоолын төсөл хэлэлцсэн.

Уг тогтоолын төсөлд   “Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар иргэдээс ирүүлж байгаа саналууд, Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн санал, дүгнэлт, улс төрийн намуудын Тунхаг бичиг, УИХ дахь МАН-ын бүлгийн шийдвэрийн талаар судалж, олон нийтийн санаа бодлыг тандах сэдвийн хүрээг тодорхойлох, хэлэлцүүлгийн хугацааг тогтоох, зохион байгуулах Ажлын хэсгийг байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Бямбацогтоор ахлуулан, УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн, Г.Ганболд, Ц.Мөнх-Оргил, М.Оюунчимэг нарын бүрэлдэхүүнтэй байгуулна” гэж  тусгасан байна. Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга  Д.Тогтохсүрэн “Сүүлийн үед Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар улс төрийн намууд, иргэдээс олон санал, хүсэлт ирж байгаа. Иймд Төрийн байгуулалтын байнгын хороо энэ асуудлыг авч үзээд олон нийтийн хэлэлцүүлэг явуулах нь зүйтэй гэсэн шийдэл гаргасан. Үүнийг баталгаажуулан Ажлын хэсэг байгуулах нь  зүйтэй. Ер нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг нарийвчлан зохицуулсан байдаг учраас Ажлын хэсэг байгуулах тухай тогтоолын төслийг дэмжиж байна” гэсэн юм. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн билээ.

Үүүнээс гадна  “Эрх баригч МАН-ынхан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт  хийх үйл ажиллагааны дарааллыг нарийн тооцсон нууц план гаргасан. Энэ төлөвлөгөөг “УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар бэлтгэсэн.  Тэд уг  төлөвлөгөөгөө намын дарга  Л.Оюун-Эрдэнэд л  танилцуулсан бөгөөд тэрбээр  дэмжээд байгаа. Уг төлөвлөгөөнд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ямар агуулгын хүрээнд хийх, хүрэх үр дүнд , хэзээ өргөн барих,  хэдий  хугацаанд хэлэлцүүлэх, хэзээ гэхэд баталсан байх. Үүний дараа  Засгийн газарт орох өөрчлөлтийн үйл явцыг хэдий хугацаанд хийх, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн үеэр ахмадууд болон гишүүд, бусад намын төлөөллүүдээр ямар үг хэлүүлэх. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ямар контентүүд бэлтгэж цацах, сошиалыг хэрхэн хөтлөх гэх мэт бүх асуудлыг тусгаж, он цагийн дарааллаар нь зааж өгсөн нарийн төлөвлөгөөг гаргасан” гэдэг мэдээлэл гараад байгаа юм. 

 Ийнхүү Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал хурдаа нэмж  эрчээ авах шатандаа орлоо гэхэд хилсдэхгүй нь.

Харин Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг иргэд дэмжих эсэх нь асуудалтай. Тухайлбал, дарга нарынхаа хүсэл, сэдлийг гүйцэлдүүлдэг хэдэн хүн цуглуулж гарын үсэг зуруулаад “Ард түмэн, иргэд дэмжиж байна”  хэмээн  “хүчиндэх” асуудал гарна гэсэн шүүмжлэл гарч байгаа юм.  Энэ нь “Манайхан муу юмандаа сайн” гэдэг үг чих дэлсэх нь хаа сайгүй таарч л байдагтай холбоотой ч байж мэдэх.   Гэхдээ л төрийн түшээдийн нэр хүнд ингэтлээ доройтсоны шинж. Ийм ч учраас УИХ-ын гишүүд, Засгийн газрын яам, агентлагын  тоог нэмэгдүүлэхэд “Авлигач, луйварчид нэмэгдэх нь”  хэмээн иргэд дургүйцлээ илэрхийлдэг. 

Тэгвэл иргэн Д.Ламжав гэж хүн хууль эрх зүйн талаар Үндсэн хуулийн Цэц болон бусад байгууллагуудад маргаан үүсгэж явдгийг хүмүүс мэднэ. Тэрбээр  "Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нэрийн дор МҮОНРТ-ээр хэлэлцүүлгүүд гарч эхэллээ. Энэ нь ард түмнийг хууран мэхлэх дайнд мордсоныг харуулж байна" хэмээн үзэл бодлоо илэрхийлэв. Мөн 1992 онд ардчилсан Үндсэн хууль батлалцсан Ардын Их Хурлын депутатуудаас санал авч хэлэлцүүлэг өрнүүлж байгаа. Тэдний дийлэнх нь Үндсэн хуулийн гурав дахь нэмэлт өөрчлөлт буюу энэ удаа ярьж буй асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа мэдээлэл бий. Тэгээд “Үндсэн хууль бол жишээлж хэлэхэд байшингын суурь. Сууриа эвдэж хөндөе гэвэл байшингаа нурааж таарна. Түүнээс биш нэг булангаас нь эмтлээд буцааж нөхнө гэж байхгүй. Ийм технологи ч гэж байдаггүй. Бусад органик хуулиар зохицуулаад явчих асуудлыг заавал Үндсэн хууль руу дайрч байж шийдэж болохгүй” хэмээж буй аж.

Гэвч  тэднийг юу гэсэн ч хамаагүй Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал нэгэнт шийдэгдэж галт тэрэг хөдөлсөн нь өнөөдөр өрнөж буй үйл явц харуулах болсон. Харин Ардын Их Хурлын депутатуудаас санал авч, үгийг нь сонссон гэж хэлэхийн тулд л уг хэлэлцүүлгийг зохион байгуулж буй төдий бололтой. Тэгвэл дээр дурдсанаар “Наадмын дараа УИХ-ын ээлжит бус чуулган зарлан хуралдуулж Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэнэ” гэдэг нь баттай байж мэдэх юм.  Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд “Үндсэн хуульд  нэмэлт өөрчлөлт оруулахаар   хэлэлцэж эхэлсэн л бол тасралтгүй хэлэлцэж дуусгах” заалт бий.  Иймд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсаны дараа ирэх намар  Засгийн газарт өөрчлөлт оруулж, дан дээлтэй сул сайдуудаа “жийж”  УИХ-аас  “давхар дээл” өмөсгөж магадгүй гэнэ. Товчхондоо  УИХ-ын намрын  чуулган эхлэх, 2023 оны төсвийн төслийг өргөн барихаас өмнө Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт “ОК” болж магадгүй нь.