Д.Болд: Эрээн боомтоор дамжих чингэлэг тээвэр хэвийн үргэлжилж эхэлсэн

Улс төр

 Гадаад Харилцааны Яамны Хилийн хэлтсийн дарга Д.Болд Эрээн боомтоос орж ирэх чингэлэг тээврийн нөхцөл байдлын  талаар  мэдээлэл хийлээ. Эрээн хотод коронавирусийн халдвар гарч, хатуу хөл хорионы дэглэм тогтоож тээвэр зогсоод  байсан юм. Тэрбээр “Энэ сарын 2-нд коронавирусийн  тохиолдол илэрч улмаар Эрээн-Замын-Үүд боомтоор чингэлэг орж ирээгүй.

Мөн зургадугаар сарын 3-ны өдөр БНХАУ-д Луут сарын баяр  тохиосон. Ингээд БНХАУ-ын Эрээн хилийн боомт  24 цагийн хугацаатай амарсан. Иймд  БНХАУ-тай харилцан ярилцаад Эрээн  боомтын үйл ажиллагааг  тасалдахгүй явуулах боломжийг бүрдүүлж чадлаа. Зургадугаар сарын 4-нөөс 8-ний хооронд өдөрт 30-40 чингэлэг орж ирсэн. Харин 9-нөөс эхлэн хэвийн байдалдаа шилжиж байна. Өөрөөр хэлбэл, өдөрт дунджаар 75 чингэлэг орж ирж байгаа. Мөн манай талаас тавьсан саналыг хүлээн авч нарийн ногооны чингэлэг хилээр орж ирсэн. Эрээнд өнөөдрийн байдлаар 456 тохиолдол илэрсэн. Үүнээс 200 гаруй нь шинж тэмдэггүй байгаа. Шинээр голомт үүсээгүй. Цаашдаа нөхцөл байдал тогтворжих байх. Эрээнд коронавирусийн халдвар бүртгэгдсэнээс хойш нарийн ногоо жимсний экспорт зогссон байсан. Энэ сарын 11-нээс хэвийн болж, нутгийн гүнээс орж ирж буй нарийн ногоог Эрээнд тусгаарлагдсан ажилтнууд ачилт хийж байна.Тяньжин далайн боомтод  7000 гаруй чингэлэг бөөгнөрсөн гэсэн мэдээллийг Хятадын талаас мэдээлсэн.

Тяньжинаас эхлэлтэй Монголын галт тэргэний тоог нэмэгдүүлсэн. Ингээд өдөрт 300 чингэлэг орж ирж байгаа гэсэн үг. Эрээн-Замын-Үүд боомтоор орж ирж буй хөргүүртэй 70 чингэлэг нь бараагаа татаж аваад буцаах хэлбэрээр сэлгэж байгаа. Тэгээд  0 цэгээс 50 хоосон чингэлгийг Хятадын талтай солилцож эхэллээ" гэв.