Голомт хээр

Соёл урлаг, Спорт

Морь гүйгээд ээ гэж хэн нэгэн ярих, морь гүйлгээд ээ гэж эрлийн хүн буух, морь гүйж ирээд ээ гэж эзэн хүн бахдах тийм л хөдөө өссөнсөн... Хүлэг нь бүү хэл хүн нь гүйж ирэхээргүй дорой ухамсарт энэ цаг үе дор нутаг гүйж яваа хоёр морины тухай бичлэг цацагдаад нэлээд удлаа. Бас зүрхийг булиглууллаа. Адуу гүйхүйн тухайд бодохуй адгуус амьтаны сэтгэл зүйн асар том сэрэл мэдрэмж гэж ухдаг даа. Зуны эхэн сарын шинийн есний дашнямтай өдөр дор. Хээр морь хүслээ гүйцээж харьж очсон өдөр байлаа. Төрсөн нутгаасаа холдон өөр нутагт хүрсэн адуу төрөлх нутагтаа заавал өөрөө буцаж ирдэг. Энэ нь зөвхөн монгол адуунд л байдаг нэгэн онцлог шинж хэмээн учир мэдэх хүмүүс ярьцгаадаг.

Говь-Алтай аймгийн Баян-Уул сумаас Сүхбаатар аймгийн Уулбаян сум хүрэхээр хээр морь, Өвөрхангай аймгийн Зүүнбаянулаан сумаас Дорнод аймгийн Цагаан-Овоо сум хүрэхээр сартай хүрэн морь зам нийлэн зуу, зуун километр замыг туулсаар Уулбаян сумын хээр морь төрөлх нутагтаа ижил олон сүрэгтээ эсэн мэнд гүйж ирлээ. "Монгол морины гайхамшиг" Голомт хээр морь унаган нутаг, унаган эзэндээ ирлээ. Говь-Алтай аймгийн Баян-уул сумаас эх нутаг болох Сүхбаатар сумын Уулбаян сум хүртэл мянга гаран километр хөлийн хөндүүр зовиурыг эс анзааран дэрэлзтэл хатирсаар Голомт хээр нутагтаа ирлээ. Унаган эзэн Амаржаргалын Цэрэнням нүдэндээ нулимстай, гартаа алд цэнхэр хадагтай хүлгээ угтан авлаа.

Хол аймгуудад зарагдсан хоёр адуу төрсөн нутгаа үгүйлэн гурвантаа гүйсэн учир аргагүйн эрхэнд нутагт нь буцаасан нь энэ аж. Худаг дээр ус уусан ч зүүн зүгт харж нулимс бөмбөрүүлэн зогсож, аргамжаатай эрэгцэж зогсохдоо зөвхөн зүүн талынхаа өвсийг идэж гадасны нөгөө талд гардаггүй байсан тухай адуучны яриа аньсага чийгтүүлэв. Нутагтаа ирж сэтгэл нь амарч зогсоогоороо унтах адуу, уудаг ус унаган ижил сүрэгтээ ирж баярлаж буй адуу Самсаа шархирч сэтгэл догдолсон агшин байлаа.