Д.Нарантуяа: Дүүрэн хүнтэй автобусаа бариад инээгээд явж байх шиг сайхан зүйл байхгүй

Нийгэм, Эдийн засаг

Нийтийн тээврийн “Мяралзаа” ХХК-ны жолооч  Д.Нарантуяа олон жилийн туршлагатай сайн жолоочийн нэг. Эдүгээ 20 гаруй жил тээврийн тэрэг, сүүлийн жилүүдэд автобус барьж байгаа тэрбээр аль хэдийн ажлаа гартаа оруулчихсан өдөртөө олон км зам  туулж байгаа билээ. Тиймдээ ч Д.Нарантуяа жолооч ажилдаа идэвх зүтгэлтэй, хариуцлагатай, шуурхай  ядарч цуцсан үе байлаа ч миний л ажил, би  хийх л ёстой, норм  төлөвлөгөөгөө биелүүлж байж  өндөр цалин авна гэсэн өрнүүн бодол тээж явдаг нэгэн юм билээ. Тэрбээр Шар хад, ТЭЦ -3-ын чиглэлд өглөөнөөс үдэш хүртэл ард түмнээ зөөх хянуур ажлыг гүйцэтгэдэг. Түүнтэй хамт зорчих явцдаа ажил амьдралынх нь талаар яриа өрнүүллээ.   

-Автобусны жолооч гэдэг нэг талаар эмэгтэй хүнд ахадсан ажил юм шиг. Та хэдэн жил автобус барьж байна вэ?

-Би 2000 оны жолооч хүн л дээ. Залуудаа ачааны машин  барьж байлаа.  Замын-Үүдэд  шлаанзаар нүүрс, “Зил-130”  машинаар  өвс зөөдөг байв.  Хань минь амьд сэрүүн байхдаа намайг ачааны том оврын машин бариулж, их зүйл зааж  сургасан даа. Мөн “СОТ-2”-т  мастер хийж, сүүлдээ 45 хоногийн курст сууж кранист болсон. Улмаар улирлын чанартай ажил хийж зундаа Зам ангид нөхөртэйгээ усны машин  бариад, өвөлдөө жижиг тэргээр таксинд  хүртэл  явж байлаа. Ер нь жолооч болох гэж юм юм  үзсэн дээ. Ингээд бодохоор бурхан намайг  жолооч л бол гэж даалгасан юм  байна лээ. Харин 2014 оноос автобус барьж нийтийн тээвэрт  явж  эхэлсэн. Жижиг тэргийг бодвол том учраас түшигтэй.  Дүүрэн хүнтэй автобусаа бариад инээгээд явж байх шиг сайхан зүйл байхгүй. Хэдийгээр түгжрээд явж байгаа ч өдөртөө гурав, дөрөв тойрчихлоо, орой болтол дахиад хоёр тойрчих юмсан гэж л бодож явна шүү дээ. Өдөртөө тав, зургаан удаа өлхөн тойрдог.   Хүнд нэг тохирдог газар гэж байдаг юм байна. Яагаад ч юм би  өмнө нь ажиллаж байсан  компанидаа тийм ч сэтгэл хангалуун байгаагүй. Харин одоогийн ажиллаж байгаа  “Мяралзаа” компани маань үнэхээр сэтгэлд дотно. Яг өөрийнхөө  санаанд хүрсэн газраа ажиллаж байгаа гэж боддог. Тийм учраас дарга нартаа энэ компанид орсноор надад дордсон юм алга, харин ч дээшилж, дэвжиж байгаа гэж хэлдэг. Түгжрэлд зогсч байгаад ч болов хэд тойроод   хувиа өсгөчих  юмсан гэж л явдаг хүмүүс шүү дээ, бид. Нормын хувьд 89, 99 хувь гэж байдаг юм. Түүндээ  хүрэх юм бол баазын болон бидний хувь өсдөг. Манай бааз  долоон эмэгтэй жолоочтой.

-Сарын цалин амьдралд тань хэр хүрэлцэж байна  вэ?

-Боломжийн, хангалттай хүрэлцдэг.  Зээлээ төлөөд үлдсэнээр нь сарын хэрэглээгээ бүрэн хангаад явж байна. Миний өдий зэрэгтэй амьдарч яваа  нь ажлын минь буян гээд зүтгэхээс аргагүй.  Тэгж байж л гайгүй цалин авна, тэр хэмжээгээр зээлээ хурдан төлж дуусна шүү дээ. 

-Та бүхэн маш олон цагаар ажилладаг. Эмэгтэй хүний хувьд  ар гэрээ хэрхэн зохицуулж байдаг юм бол?

 -Ажлаа тасалдуулахгүйн тулд ар гэрийн асуудлаа зохицуулж л таарна. Тухайлбал, эхнэр, нөхөр хоёр ажилладаг байлаа гэхэд ээлжийн жолооч хийгээд явна. Зарим нь нэгнийгээ гуйж хүүхдээ харуулаад дор бүрнээ учраа ололцоод л явдаг юм. Хүний амьдрал ийм л өрнүүн байдаг  юм байна.

.   -Баазаас тань ажлаа доголдолгүй хийх нөхцөл бололцоогоор хэрхэн хангадаг вэ?

-Боломжийн хэмжээнд харж үздэг, ажлаар ч сайн хангаж байгаа. Автобус  маань эвдрэлгүй өөрсдөө ядрахгүй  бол яваад л байна гэсэн үг. Мэдээж  ар гэрийн гачигдал гарсан үед харж үзэлгүй яахав. Энэ дашрамд танай сониноор дамжуулан урам зоригтой ажиллах бүх нөхцөлийг бүрдүүлж өгч байгаа баазын удирдлагууддаа  маш их баярлаж явдгаа илэрхийлье.

 -Нийтийн тээврийн жолооч олон хүний амь нас, эрүүл мэндийг  хариуцаж явдаг тул мэдээж өндөр   шалгуур тавьдаг байх. Иймд жолооч нарыг  хэрхэн шалгаруулж авдаг вэ?

-Юуны өмнө мэргэшсэн жолооч байх ёстой.  Шинээр ажилд орсон жолооч нараа дагалдуулж дадлагажуулдаг. Бүхий л жолоочийг    заавал гурваас дөрвөн хоног дагалдан хийлгэж байж нийтийн тээврэт  явуулдаг. Автобусны жолооч нар  ар тал,  урд  тал гээд  гурав дөрвөн толиндоо зэрэг хараад маш анхааралтай явахыг  шаарддаг. Яг замаараа явж байхад  хажуугаар, энд  тэндээс жижиг машин шахаж орж ирэх гээд хирдээ  сандрах үе олон бий. Ажлаа чин сэтгэлээрээ хийж байгаа болохоор байгууллагын зүгээс тодорхой хэмжээгээр урамшуулсан.Үүнд мөн л баяртай байдаг.

-Ямар үед ажлаасаа сэтгэл ханамж авдаг вэ?

-Автобус маань эвдрэл, гэмтэл, зогсолтгүй явж байхад л  баяртай байдаг. Ард түмнээ хүрэх газарт нь хүргэж өгөөд явна гэдэг нэг  талаар бахархалтай ажил. Өглөө ажилд гарахад механик гэрлийг нь үзнэ,тоормос шалгана, бид тэрэгнийхээ хойд, урд талын бүрэн  бүтэн байдлыг харна. Аливаа зүйл хоёр талтай  байдагчлан зорчигчид инээнэ, уурлана, маргалдана гээд их юм болно оо.  Гэсэн ч ажил минь гэж бодохоор нэг их ач холбогдол өгч стрест орохыг хүсдэггүй.

-Та бүхний ажлын үнэлгээ ихэнхдээ зорчигчдоосоо хамааралтай, нэг үгээр хэлбэл  энэ хугацаанд магтаал сайшаалын алийг нь илүү сонсов?

 -Автобусны жолооч болсон найман жил  магтаалыг л илүү  сонсч ирлээ дээ.  Хааяа согтуу хүн орж ирэхэд хүмүүс жолоочийг өмөөрч тэр хүнийг загнана, зарим нь буулга гэж шаардаж муухай аашилж ч байх нь бий. Гэтэл бид урдах  замаа хараад дуугүй л явж байдаг юм.

-Өглөө хэдэн цагт ажилдаа гараад, орой хэдэн цагт буудаг вэ?

-Өдөртөө  нэг талдаа 10 гаруй буудал явж тойрдог. Оройн 23 цаг өнгөрөөгөөд бууна. Заримдаа баярын өдөр  түгжрэлтэй үед 24 цаг өнгөрөөж буух тал бий. Өглөө 05:00-06:00 цагт бааз дээрээ ирдэг. Гэр маань ойрхон болохоор Эрдэнэ толгойгоос Шар хадны эцэс хүртэл түгжрэлтэй бол найм, түгжрээгүй бол таван минут яваад ирдэг. Цаашдаа “Мяралзаа” компанидаа л ажиллана, үүнээс өөр надад ажлаа сольё гэсэн  бодол байдаггүй. Хэрвээ би автобусны жолооч болоогүй бол талийгаач ханиасаа хойш юу хийж байхсан бол гэж заримдаа боддог юм. Ийм тэргийг ингэж засч янзална, чи тэрэг барьж л хоолоо олж иднэ гэж хэлдэг байсан нь  санаанаас гардаггүй юм. Зарим үед би ямар азаар  жолооч болов, харин ядрахаараа яах гэж жолооч болсон юм бол гэж боддог. Хүн гэдэг ийм л сонин амьтан. /Инээв/ Ер нь хүнд ажил, ар гэрээ золиосолж л ажиллаж байна шүү дээ.  Би л гэхэд ганц  амарсан  өдрөө зээ нартайгаа зууралдаж байтал маргааш өглөө эрт ажилдаа гарах болдог.

-Үйлчлүүлэгч, зорчигчдодоо хандаж юу хэлэх вэ?

-Үйлчлүүлэгчид  бидний ажлыг хүндэлж зөв боловсон харилцаасай гэж хүсдэг. Ихэнхдээ хүмүүс  автобусны жолооч хэдийд ч явж л байх ёстой гэсэн байдлаар ханддаг. Гэхдээ тэр болгон бүгдээрээ биш л дээ, зарим нь  үнэлдэг.  Баярлалаа гэж хэлдэггүй юмаа гэхэд дуугүй л явж байх хэрэгтэй.  Жижиг тэрэгнүүд жаахан зай завсар гарангуут хамраа чихээд л  ороод ирдэг, тэд тоормосоо хурдан барьдаг. Гэтэл  автобус тоормосоо удаан барьдаг, бүр явж байж барьдаг учраас ялангуяа өвөл халтиргаа гулгаанд бүр ч хэцүү. Түүнийг хүмүүс  мэддэггүй,  өөрсдийнхөө машин шиг нэг гишгээ л зогсдог  юм шиг боддог юм билээ.

-Жолооч хүн бол ямар ч машин барих чадвартай байх ёстой байх л даа. Гэхдээ энгийн бидний ойлголтоор  эмэгтэй хүн том машин барихад их зүрх зориг хэрэгтэй юм шиг?

-Эмэгтэй хүн тэр дундаа том машин барина гэдэг авьяас дур сонирхол юм. Түүнээс энэ том машиныг яаж барина гээд сүрдээд байвал  сурахгүй. Ер нь амьдрал дээр манай эмэгтэйчүүд маш дайчин, хөрвөх чадвар сайтай.   Нэг үгээр хэлбэл сонирхол нь удирдаад ийм чадварлаг болгочихдог юм байна лээ. Автобус болохоо боливол механик руугаа утастахад зөвлөнө, шаардлагатай тохиолдолд  хүрээд  ирнэ. Ер нь автобус их шуурхай, хэчнээн түгжрэлтэй ч гэсэн бид өдрийнхөө нормыг биелүүлдэг. Заримдаа нэг захаасаа нөгөө эцсийн буудлаа хүртэл хоёр цаг явах ч үе гарна. Хурдан явах юмсан гэж яарч цээжин дотор оволзож асч байдаг.  

-Энэ хугацаанд тохиолдсон хөгжилтэй ч гэх юмуу, бас айдастай ч хэцүү зүйлүүдээсээ  хуваалцахгүй юу?

-Тийм зүйл бишгүй тохиолдоно шүү дээ. Нэг удаа урд талын сандал дээр зүгээр сууж байсан эмэгтэйг бага зэрэг халамцуу залуу гэнэт багалзуурыг нь шахаад авсан. Гэтэл зорчигчид  ер дуугарахгүй,хараад суугаад байсан, би тэвчихгүй тэр хүмүүсийг загнаж хүртэл байсан. Энэ нь нэг талаас зорчигчид хувиа хичээсэн ч юмуу эсвэл хүний хэрэгт оролцоод яах юм гэж боддог   уу бүү мэд. Ингэж  автобус юм чинь, автобусны жолоочид л хамааралтай  гэж  дорд үзэж болохгүй. Хүн сэтгэлийн амьтан болохоор зарим хүмүүс  баярлалаа гээд буухад нь баярлаж урам ороод,зүгээр л  нэг жолооч гэсэн  сэтгэлээр  хандсанд нь жаахан сэтгэл дундуур  санагдаад л явдаг  даа.  Тийм учраас автобусны жолоочийг бага ч болов хүндэлж байгаасай гэж хүсдэг. Зарим нь жолоочийн хажууд зогсчихдог. Тэгээд хүн орж ирэхэд садаа болоод байна гэхэд чамд ямар хамаатай юм гэж уурлана, эсвэл замын дунд уулзвартай, болохгүй газар бууя гэдэг, буулгахгүй бол загнана,хэрэлдэнэ. Манай баазаас буудлын наана цаана хүн буулгаж суулгахыг хориглоно гэж их хэлдэг. Бидний үүрэг  зогсоол дээрээ зогсоод л хүнээ буулгаж суулгаад хаалгаа хаагаад хөдөлж  байх ёстой. Зогсоолын наана цаанаас хүн буулгачхаад тэр хүн нь халтирч ойчих юмуу эсвэл машинд мөргүүлчихвэл бид  л буруутан болно шүү дээ. Энэ мэтээр олон дотор их юм болно оо. Орой буухад  автобусыг маань угаагаад, өглөө механик шалгаад ажилдаа гардаг.  Ингэж л бидний ажил өдөржин өрнөдөг дөө.