Хүнсний үйлдвэрлэл эрхлэгчид зөвлөлдлөө

Нийгэм, Эдийн засаг

Өнгөрөгч  өдрүүдэд Сүхбаатарын талбай хөл хөдөлгөөн ихтэй ёстой л нөгөө түм түжигнэж, бум бужигнана гэгч болж байна. Учир юу гэвээс хүнсчдийн өдрийг тохиолдуулан хүнсний үйлдвэрлэл эрхлэгч ААН, компаниуд үзэсгэлэн худалдаа гарган иргэддээ үйлчилгээ үзүүлж байгаа нь энэ. Талбай дээр үзэсгэлэн худалдаа явагдахаас гадна төрийн ордондоо мөн зөвлөлдөв. Энэ удаагийн үйл ажиллагаа цар тахлаас шалтгаалан гурван жил завсарласны эцэст болж байгаа тул ААН-үүд ч, иргэд ч тун идэвхтэй оролцож байв.  Хүн бүр өөрийн хэр хэмжээнд тохирсон худалдан авалт хийж, үйлдвэрийн үнээр бүтээгдэхүүн авсандаа сэтгэл тэнэгэр алхална. Худалдан авалт хийж буй иргэдтэй зэрэгцээд амталгаа хийж байгаа нь ч цөөнгүй. Хүнсний аюулгүй байдал нь Үндэсний аюулгүй байдлын чухал хэсэг бөгөөд  төрөөс баталсан хүнсний салбарын бодлого, авч буй арга хэмжээ түүний хэрэгжилт, хүнсний сүлжээний бүх үе шат дахь хүнсний чиглэлийн үйл ажиллагаа, тэдгээрт тавих хяналт, шалгалт, түүнчлэн хэрэглэгчийн сэтгэл ханамжаар илэрхийлэгддэг онцлогтой.  Хүнсний аюулгүй байдлыг хангах асуудал нь салбарын төрийн болон төрийн бус байгууллагууд хоорондын ажлын уялдаа, хувийн хэвшлийн идэвхтэй оролцоог шаардсан салбар дундын зохицуулалтын шинжтэй, бүх нийтийг хамарсан чухал ач холбогдолтой гэдэгт зөвлөгөөнд оролцогсод санал нэгдэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал – Хүнс үйлдвэрлэл”  зөвлөгөөнд Ерөнхийлөгчийн хэлсэн үгээс товчлон хүргэе.

“Эрхэм хүндэт хүнс үйлдвэрлэгчид ээ, Эрхэм хүндэт зочид оо,

Та бүхэнд Дэлхийн хүнсний аюулгүй байдлын өдрийн мэндийг өргөн дэвшүүлье!

Эх орноо эрүүл хүнсээр хангах, цаашлаад хүнс экспортлогч орон болох их үйлсэд оюун ухаан, эрдэм чадал, хөдөлмөр зүтгэлээ дайчлан ажиллаж буй эх орныхоо өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт хүнс үйлдвэрлэгчид Та бүхэндээ чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Монгол төрийн бодлогын цөмд монгол хүн, монгол өрх байсаар ирсэн, цаашид ч байх учиртай. Хүнс эрүүл байвал хүн эрүүл байна. Монгол хүн эрүүл байвал монгол үндэстэн хүчирхэг байна. Тиймээс Монгол Улсын хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамжийн гол асуудал нь хүн ардаа эрүүл, шим тэжээлтэй, стандартад нийцсэн хүнсний бүтээгдэхүүнээр тогтвортой, хүртээмжтэй хангах явдал юм. Монгол Улсын Ерөнхийлөгч хүнсний хангамж, аюулгүй байдлыг онцгой анхаарч, өнгөрсөн тавдугаар сард Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулж, зөвлөмж гарган, УИХ-ын чуулганы нэгдсэн чуулганд дэлгэрэнгүй мэдээлэл хийж, улс орон даяар “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ” эхлүүлсэн. Үүний үр дүнд ирэх таван жилд гол нэр төрлийн 19 хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, мал сүргээ эрүүлжүүлэхийн зэрэгцээ Монгол Улс хүнс экспортлогч улс болох эхлэл тавигдах ёстой юм. Үр дүн ч гарах ёстой. Бид зөвхөн уул уурхайн салбарыг шүтэн амьдардаг биш, хөдөө аж ахуй, газар тариалангаа хөгжүүлж, энэ салбараас асар их ашиг олох боломж байгаа. Үүнийг Та бүхэн мэдэж байгаа. Одоо харин ажил хэрэг болгох явдал чухал байна. Энэ алтан боломжийг бид бүрэн дүүрэн ашиглах ёстой. Өнөөдөр бид мах, гурил, төмсөөр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж байна. Энэ бол чамлахааргүй амжилт бөгөөд Та бүхний олон жилийн нөр их хөдөлмөрийн үр дүнд бий болсон гэдгийг энд цохон тэмдэглэхийг хүсэж байна.

Эрхэм хүнс үйлдвэрлэгч, баялаг бүтээгчид ээ,

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд салбарын нөөц, чадавх, зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг онцгой анхаарах ёстой. Мөн төр, засгийн бодлого нь баялаг бүтээгч, дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих, хамгаалах, хөгжүүлэхэд тууштай чиглэгдэх ёстой. төр засаг нь ард иргэд, баялаг бүтээгчдээ бүх талаар дэмжиж, бодлого нь тодорхой, дэмжлэг нь оновчтой, санхүүжилт нь хүртээмжтэй байж, төрийн байгууллага хоорондын уялдаа холбоо, төр-хувийн хэвшлийн түншлэлийг дээд зэргээр сайжруулж, сэтгэл гарган хамтран ажиллах ёстой. Ингэснээр бид улс орон, ард түмнээрээ амжилтад хүрнэ. Улс орныхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшил, үр хүүхдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй хүн бүр “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, хамтран ажиллахын зэрэгцээ эх орондоо үйлдвэрлэсэн хоол хүнс, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авдаг эх оронч хэрэглэгч байхыг Төрийн тэргүүн ард түмэндээ уриалж байна. Өрх бүлээрээ хүнс үйлдвэрлэгч, улс орноороо хүнс экспортлогч болох зорилгод төр, засаг, ард түмнээрээ нэгдэж, нэгэн сэтгэлээр хамтран зүтгэцгээе” гэдгийг онцоллоо.

 Харин Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан "Дэлхий дахинд хүнсний аюулгүй байдал, хангамж, хүртээмжийг сайжруулахад онцгой анхаарал хандуулж байгаа энэ цаг үед Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж-аюулгүй байдал”-д  Үндэсний хэмжээнд анхаарах, бодлого, зохицуулалтыг эрс сайжруулах санаачилга гаргаж, 5 жилийн хугацаанд хэрэгжих үндэсний хөдөлгөөнийг орон даяар өрнүүлээд байна. Энэхүү хөдөлгөөнийг хүнс үйлдвэрлэгчид маань түүчээлэн дэмжиж Хүнсний хангамж, аюулгүй байдал-хүнс үйлдвэрлэл зөвлөгөөн, мөн хүнс үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр, хямдралтай, урамшуулалтай худалдаж байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Монгол Улсад хүнс боловсруулах 1,880 гаруй үйлдвэр, цех үйл ажиллагаа явуулж байна. Цар тахлын энэ хүнд цаг үед манай боловсруулах үйлдвэрийнхэн гар хумхилгүй ажиллаж, хүнсний бүтээгдэхүүн, ундаа үйлдвэрлэл 2021 онд 2.8 их наяд төгрөгт хүрч, боловсруулах салбарт хүнсний үйлдвэрлэлийн эзлэх хувийн жин сүүлийн 10 жилийн хугацаанд 4 дахин нэмэгдэж, хүнсний дотоодын үйлдвэрлэл биет хэмжээгээр 1.5 дахин нэмэгдсэн байна. Хүнсний хангамж-аюулгүй байдал хөдөлгөөний хүрээнд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт Үндэсний хэмжээнд хууль эрх зүйн орчин, удирдлага зохион байгуулалтыг сайжруулах, газар тариалан, мал аж ахуйн болон хүнсний боловсруулах үйлдвэрийг дэмжих цогц зорилтыг дэвшүүлэн Монгол Улсын Их Хурлаар хэлэлцүүлж байна. Хүнсний үйлдвэрлэлийн салбарын хөгжлийг тодорхойлох, тулгамдаж буй богино, дунд, урт хугацааны бодлогыг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа нэн чухал үүрэгтэйг онцлон хэлэхийн ялдамд Монгол Улсын хүн амын эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах хариуцлагатай бөгөөд нэр төртэй үүргийг хүлээж байгаа хүнс үйлдвэрлэгч Та бүхэндээ ажлын амжилтыг хүсье" гэв.

 Үзэсгэлэн худалдаанд оролцож буй  худалдаа эрхлэгчид энэ удаагийн арга хэмжээнд ихээхэн сэтгэл хангалуун байв. Тэд энэ боломжийг ашиглаад иргэдэд үйлдвэр болон бүтээгдэхүүн, үнэ ханш,  орц найрлагыг танилцуулах том боломж гэж харж байна гэлээ.

Хангайн миллс ХХК-ийн менежер Г.Ганбямба: Шинээр гарсан бүтээгдэхүүн болох  бүхэл үрийн гурил маань 100 хувь чулуун тээрмээр үйлдвэрлэгдсэн

Манайх байгууллага энэ үзэсгэлэн худалдаанд өөрсдийн нэрийн “Хурх” гурилаар оролцож байна. Хурх нь үйл ажиллагаа явуулаад 30 орчим жил болж байгаа. Хэнтий аймгийн Хурхийн сангийн аж ахуйд газар тариалангаа эрхэлдэг. Бид улаан буудайгаа тарихаас эхлээд бүх шатны боловсруулалтаа хийн Улаанбаатар хот дах үйлдвэртээ нийлүүлдэг. Энэхүү үзэсгэлэн худалдаанд Хурх гурил, шинээр гарсан бүхэл үрийн гурил, 1,2-р гурил, дээд гурилаар оролцон хэрэглэгчдэд бараа бүтээгдэхүүнээ танилцуулах оролцож байгаа. Савлагааны хувь 1 кг, 5 кг, 10кг, 25кг, 50кг гэсэн сонголтуудтай байна. Бүхэл үрийн гурилын хувьд 2 кг 5 кг болон 10 кг савлан борлуулж байна.  Шинээр гарсан бүтээгдэхүүн бүхэл үрийн гурил маань 100 хувь чулуун тээрмээр үйлдвэрлэгдсэн.  Энэхүү үзэсгэлэн худалдаанд орж өөрсдийн нэрийн бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд сурталчилж хүргэхээс гадна иргэдийн хүссэн асуултанд хариулах, бүтээгдэхүүнээ танилцуулах боломжтой байгаадаа баяртай байна.

БОСА кондитер ХХК-ийн үйлдвэрийн дарга Э.Батболд:  Монгол улсдаа 5,4 тэрбум төгрөгийн татварийг төлсөн нь дотоодын хөрөнгө оруулалт, улсынхаа эдийн засагт нэмэр үзүүлж байгаа гэж бодож байна

БОСА холдинг компани 25 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд амттан, чихэр чихрэн бүтээгдэхүүн импортолдог байсан бол энэ туршлагаараа 2019 онд төсөл гарган,  2020 онд үйлдвэрээ байгуулж  дотоодын үйлдвэрлэгч болж Монконди чихрийн үйлдвэрийг байгуулаад  хоёр дахь жилдээ явж байна. Энэ жил Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй үзэсгэлэнд анх удаа оролцож байгаа. Манай Монконди нэрийн үйлдвэр 40 гаран төрлийн дотроо зөөлөн буюу хатуу гэсэн хоёр  төрөлд хуваагдах чихрэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Оросын холбооны улсын чихрэн бүтээгдэхүүний технологиор үйлдвэрлэгдсэн. Үйлдвэрийн зөвлөх технологич болон бусад хүмүүс маань дандаа ОХУ-ын мэргэшсэн технологичид ажилладаг. Түүхий эдээ ОХУ, Беларус, Гана гэх орнуудаас татдаг. Монконди үйлдвэр цаашдаа шоколад,  шоколадны крем, молоконы үйлдвэрийг эхлүүлэх зорилготой байгаа. Энэ үйлдвэрлэл маань эхэлснээр 100 хувь дотооддоо үйдвэрлэсэн, ямар нэг тээвэрлэлтийн нөхцөл хийгдээгүй шинэ бүтээгдэхүүн таны гарт хүргэж байгаадаа бид их баяртай байгаа. Бид үйл ажиллагаа эрхлээд хоёр жилийн хугацаанд Монгол улсдаа 5,4 тэрбум төгрөгийн татварийг төлсөн нь дотоодын хөрөнгө оруулалт, улсынхаа эдийн засагт нэмэр үзүүлж байгаа гэж бодож байна. Мөн шинэ бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд эхлэхээр энэ хэмжээгээр импортоор орж ирэх бүтээгдэхүүнийг орлох хэмжээний үндэсний үйлдвэрлэгч болж байна.

 

Вагро ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан менежер О.Сэргэлэн: Түүхий эдийн хувьд эх орныхоо хөрсөнд ургасан жимс, хүнсний ногоог түлхүү ашигласаар ирсэн

Манай “Bagro” компани 2008 оноос үйл ажиллагаагаа эхэлж өдгөө 50 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн гаргаж иргэдийнхээ гарт хүргэж байна. Үйлдвэрийн тоног төхөөрөмжийн хувьд 100 хувь Итали улсын техникийг ашигладаг. Түүхий эдийн хувьд эх орныхоо хөрсөнд ургасан жимс, хүнсний ногоог түлхүү ашигласаар ирсэн. Жишээлбэл Дархан-Уул аймгийн Орхон сум, Сэлэнгэ аймгийн Шаамар, Зүүнбүрэн гэх мэт монгол тариаланчдаасаа бүх түүхий эдээ татан авдаг. Энэхүү үзэсгэлэн сүүлийн хоёр жил завсардаж,  энэ жилээс дахин зохион байгуулагдаж байна. Уг үзэсгэлэнд оролцсоноороо бид компаниа танилцуулах, үйлдвэрээс ямар арга аргачлалаар бүтээгдэхүүн гардаг мөн үнэ хөлсний хувьд тодорхой мэдээллийг хүргэдгээрээ энэ онцлогтой юм. Даршилсан жимс, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхэлдэг гурван компаний нэг нь манайх тиймдээ ч монголын ард түмэн манай бүтээгдэхүүнийг эчнээ таньдаг болжээ.

Хатан сүйх импэкс ХХК-ийн маркетингийн менежер Б.Билгүүн: Ясны өтгөрүүлсэн шөлөө БНСУ-д экспортлодог

“Хатансүйх” ХК нь Монгол Улсын ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа “Эрүүл хүнс, Эрүүл амьдрал” хүнсний үзэсгэлэн худалдаанд өөрсдийн бүтээгдэхүүнээрээ оролцож байна. Манай үйлдвэр нь ISO 22000 олон улсын стандартыг нэвтрүүлсэн,  Германд төвтэй баталгаажуулалтын компаниар монголдоо анх удаа аудит хийлгэсэн. Бүтээгдэхүүний хувьд Австри, Чех зэрэг улсуудаас үндсэн болон туслах түүхий эдээ нийлүүлж байгаа. Манайх өдөр тутамдаа 40 гаруй төрлийн хиам болон нөөцөлсөн мах, ясны өтгөрүүлсэн шөл зэргийг үйлдвэрлэж байна. Үүнээс онцлоход ясны өтгөрүүлсэн шөлөө БНСУ-д экспортлодог. Хүнс үйлдвэрлэгчиддээ дэмжиж буй энэ үйл ажиллагаа нь үйлдвэрлэгчид болоод хэрэглэгчдэд маш их таатай зүйл болж байна. Нэгдүгээрт хэрэглэгчид маань хаана яаж үйлдвэрлсэн, ямар бүтээгдэхүүн хэрэглэж байгааг мэдэж таньж байна. Мөн бид бүхэн өөрсдийн бүтээгдэхүүнээ танилцуулах боломжыг олгож байгаад баяртай байна.

Монфрэш ХХК-ийн маркетингийн албаны дарга Т.Наранцацрал: Манай улсын иргэдийн хувьд бяслагийн хэрэглээ өргөн болсон нь худалдан авалтаас харагдаж эхэлсэн

Өнөөдрийн энэхүү үзэсгэлэн худалдаанд манай “Монфреш” ХК  монгол үхрийн  сүүгээр үйлдвэрлэж байгаа бяслаг болон зөгийн балтай сүүгээ танилцуулан оролцож байна. Энэхүү бяслагаа Япон улс руу экспортлож байгаа. Манай улсын иргэдийн хувьд бяслагийн хэрэглээ өргөн болсон нь худалдан авалтаас харагдаж эхэлсэн. Коронавирус гарсан хугацаанд ерөнхийдөө үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хандлага маш сайн байгаа нь олзуурхууштай зүйл боллоо. Тиймдээ ч энэхүү үзэсгэлэн болж байгаа хугацаанд иргэдийн худалдан авалт идэвх маш өндөр байна. Мөн зүгээр нэг өдөр худалдан авалт хийгээд зогсохгүй дараагийн удаа энэ бүтээгдэхүүнээ хэрэглэж дуусаад хаанаас авах вэ,  ямар түүхий эд ашиглаж байгаа зэргийг мэдэх боломжтой юм.