Бизнес уулзалтаар ОХУ 30-40 хувийн гаалийн татвар авдгийг бууруулахыг хүсэв

Нийгэм, Эдийн засаг

 “Енисейская Сибирь” хурал Улаанбаатарт  болов. ОХУ-ын Красноярск мужийн захиргааны санаачилгаар НЗДТГ энэ хурлыг хамтран зохион байгуулжээ. Хуралд  Орос, Монголын 200 орчим бизнес эрхлэгч оролцов. Хурлын эхэнд Красноярск мужийн эдийн засаг, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын боломж, “Енисейн Сибирь” хөрөнгө оруулалтын төслийг танилцуулав.  Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас дараах мэдээллийг өгөв.

Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, төр хувийн хэвшлийн түншлэл хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах саналыг хойд хөршийн бизнес эрхлэгчдэд тавив. Мөн Улаанбаатар хотын худалдааны танхимын гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэ нийслэлд бизнес эрхлэх боломжийг танилцуулсан юм. Тэрбээр ОХУ-ын бизнес эрхлэгчдэд хандан хэлсэн үгэндээ “Манай улсын импортын гаалийн татвар дунджаар таван хувь байдаг. Энэ хувь бараанаас хамааран өөрчлөгддөг. Гаднын хөрөнгө оруулагчид ажлын байр түрээслэх, худалдан авахад ямар ч хориг саад байхгүй. Монголд бизнес эрхлэхэд НДШ, ААОАТ, НӨАТ төлнө. Бид та бүхэнтэй харилцан ашигтайгаар хамтран ажиллах хүсэлтэй байна. Монголоос ОХУ руу бараа бүтээгдэхүүн гаргахад 30-40 хувийн буюу өндөр татвар авдаг, хил дээр удаан хугацаагаар шалгадгийг болиулах, (манай улс руу бараа оруулахад гаалийн хяналтад 1 цаг зарцуулдаг бол ОХУ руу оруулахад үүнээс урт хугацаа зарцуулдаг)  худалдаа хөнгөвчлөх хэлэлцээр хийх, хөрөнгө оруулалт татах хүсэлтэй байна. Монголчуудын үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн ОХУ-ын стандартад бүрэн нийцнэ гэсэн юм. Харин Краснорск мужийн албаныхан монгол жуулчдын анхаарлыг татах, тэднийг нутагтаа хүлээн авах хүсэлтэйгээ илэрхийлж, Енисей мөрөн дагуух байгалийн үзэсгэлэнт газруудаа илүү тодотгож байв.