Мал аж ахуйгаа тэрбум тэрбум ам.долларын орлоготой болгоё

Нийгэм, Эдийн засаг

Манай улсын эдийн засаг уул уурхайд суурилсан. Өөрөөр хэлбэл газрын хэвлийгээ ухаж төнхөөд хэдэн төгрөг олдог хэдий ч өр зээлний дороос өндийхгүй л явна. Эдийн засагчид, судлаачид Монгол Улсын  уул уурхайд суурилсан  эдийн засагт цааш явах зам үгүй болно гэдэгт санал нэгддэг. Эрх баригчид, улс төрчид ч эдийн засгаа солонгоруулах буюу олон төрөлтэй болгох тухай ярьцгаадаг. Гэвч өнөөг хүртэл олон төрөлтэй болж экспортын орлогоо нэмэгдүүлж чадахгүй л байна. Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд газар нутгаа  ухаад ухаад бид ажилгүйдэл, ядуурлаасаа салж чадсангүй. Улс нь өрөндөө баригдаж дефолт зарлах дээрээ тулж байна. Одоо яах вэ? Буруугаа мэдсээр байж цааш ингээд явах уу гэдэг асуулт бидэнд өнөөдөр өөрийн эрхгүй тулгарч байна.

Иймд бид  бодлогоо маш яаралтай, богино хугацаанд  өөрчлөх  ёстой болж таарлаа. Эдийн засгийн зохистой бүтцээ зөв тодорхойлох ёстой юм. Монгол  Улс бол эрт цагаас эдүгээ хүртэлх түүхэндээ  мал аж ахуйн орон байсан. Нэг ёсондоо мал аж ахуй дээр тогтсон эдийн засагтай явж ирсэн гэсэн үг. Үндсэн хуульдаа ч малыг төрийн хамгаалалтад авчихсан шүү дээ. Төрийн сүлдэдээ ч малаа залж ирсэн түүхтэй.

"Мартсанаас мал мэнд үү" гэгчээр одоо буцаад мал аж ахуйгаа түших цаг нь болж. Мал аж ахуй л Монгол Улсыг аварна. Эдийн засаг хүртээмжтэй хөгжиж улсаараа ажилгүйдэл, ядуурлаасаа сална. Гэхдээ аяндаа ийм болчихгүй. Тууштай урт хугацааны бодлого хэрэгтэй. Түүнийг хэрэгжүүлэх чадвартай Засгийн газар, салбарын яамд байх ёстой. Тэгвэл эдийн засагч, хөрөнгийн зах зээлийн шинжээч Д.Ангар мал аж ахуйгаас дараах байдлаар орлого олж болох хэд хэдэн санаа илэрхийлжээ. Түүнээс  дурдвал:

-Ингэний сүү, сүүн бүтээгдэхүүн Арабын улс орнуудад маш үнэтэй. Тэдний стандартаар бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортод гаргадаг болох,

-Ямааны сүү сүүлийн үед дэлхий даяар маш үнэтэй болж байна. Эхийн сүүтэй хамгийн ойр найрлагатай тул эрэлт ихтэй, маш үнэтэй болж байгаа юм. Тэгэхээр  30 гаруй сая  ямаагаа сааж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортловол жилдээ хэд хэдэн  тэрбум ам.доллар өлхөн олох боломжтой.

-Хонины хувьд экспортын боломж өндөр. Мөн л Арабын улс орнууд руу өндөр үнээр экспортод гаргаж валютын орлого олдог болох хэрэгтэй. Өнөөгийн "Нөөцийн мах"-ан дээрээ улсаараа алалцдаг үед хол санагдавч жаахан бодлоготой үзэхэд бүрэн боломжтой. Шинэ Зеланд улс зөвхөн хурганы махны экспортоос  жилд 2.5 тэрбум ам.доллар олж байна. Монгол Улсаас цөөн  хоньтой. Тэгвэл бид зөвхөн тооны хойноос хөөцөлдөж мал аж ахуй эрхлэх зорилтоо гажуудуулсан юм.

-Адууны мах Япон руу маш өндөр үнээр экспортод гаргах боломжтой. Marbled буюу Алагласан /гантигласан/ мах үйлдвэрлэж чадвал Япончууд маш өндөр үнэ төлөх юм билээ. Тэр Япончуудын хүсээд байгаа махыг гаргах боломж бүрэн бий.

-Монголд үхрийн мах хэт хямд ч чанар муутай. Буруу малласнаар /үхрийг хэт хөгшрүүлдэг/  Иймд монгол үхрийн мах  хатуу байдаг. Тэгэхээр гадаадад өндөр үнээр экспортлох боломжгүй. Гэхдээ жаахан бодлого зохицуулалтаа өөрчлөхөд ирээдүй бий. Ядаж л Хятадын томоохон стейк ресторануудыг хангаад байхад л жилдээ хэдэн тэрбум ам.доллар ороод ирнэ хэмээжээ.

Энэ мэтчилэн Монголын мал аж ахуй гадаад валютын гол эх үүсвэр болж чадах ирээдүй их байгаа юм. Дахин хэлэхэд зөвхөн төрийн зохистой бодлого л үгүйлэгдэж байна. Ер нь мал аж ахуйгаа хөгжүүлэхэд Улаанбаатар  хотын түгжрэл, агаарын бохирдол буурах боломжтой гэдэг . Учир нь хотоос хөдөөг чиглэх, мал аж ахуйн бизнес эрхлэх  иргэдийн нүүдэл ихэснэ.  Улаанбаатар  хотын хүн амын тоо нэг  саяд  хүрэхэд л утаа, түгжрэлгүй болно гэдэг тооцоо бий.  Ер нь хүн амынх нь тал хувь нь   нийслэлдээ шахцалдаж амьдардаг   улс Монголоос өөр байхгүй л болов уу. Тиймээс мал аж ахуйгаа хөгжүүлж орон нутагт бизнесийн том боломжуудыг нээж өгөх үүрэг эрх баригчдад, төрд бий. Төрөөс, эрх баригчдаас энэ үүргээ биелүүлэхийг шаардацгаая.