Шакира: Салалтын тухай мэдээллээ баталж байгаадаа харамсаж байна

Соёл урлаг, Спорт

Дуучин Шакира хөл бөмбөгчин Пикегээс салж байгаа тухайгаа мэдээлсэн нь олон хүнийг цочролд оруулсан. Уг мэдээтэй зэрэгцэн түүнийг эмнэлгийн машинд явж байгаа тухай мэдээлэл цацагдсан. Зарим хүмүүс түүнийг шоконд орсон учир эмнэлэгт хүргэгдсэн хэмээж байв. Харин Шакира энэ тухайгаа тайлбарлажээ. 

Тэрээр хэлэхдээ "Залуусаа, намайг саяхан Барселонд түргэн тусламжийн машинд байж байхыг харсан хүмүүс санаа зовсон мессеж ихээр ирүүлж байна. Тэр зурагнуудын хувьд аав маань санамсаргүйгээр халтирч унаад түүнийг эмнэлэгт хүргэхээр явж байсан үеийнх гэдгээ мэдэгдэхийг хүслээ" хэмээгээд хөхөрсөн нүүртэй аавыгаа үнсэж буй зургаа нийтэлсэн байна. 

Харин салалтынхаа тухай "Бид салалтын тухай мэдээллээ баталж байгаадаа харамсаж байна. Бидний хамгийн чухал зүйл болох хүүхдүүдийн минь сайн сайхны төлөө бидний хувийн нууцад хүндэтгэлтэй хандахыг та бүхнээс хүсэж байна. Ойлгосонд баярлалаа" хэмээсэн аж. 

Шакира болон Пике нарын 11 жил үргэлжилсэн хамтын амьдрал Пикегийн урвалтаас үүдэн гарсан тухай эх сурвалжууд мэдээлж байна. Хосууд хэдийн тусдаа амьдарч эхэлсэн бөгөөд хоёр хүүтэй. 

Одоогоор хөвгүүд ээжтэйгээ хамт амьдарч байгаа бол Пике хуучин байрандаа нүүж очоод байгаа аж.