КОВИД-19-ийн нөлөөгөөр 30 цаг тутамд нэг тэрбумтан шинээр мэндэлж, нэг сая орчим хүн нэн ядуу эгнээнд шилжих тооцоололтой байна

Нийгэм, Эдийн засаг
КОВИД-19 цар тахлын үед дэлхий дээр 30 цаг тутамд нэг тэрбумтан шинээр мэндэлж байсан бол 2022 онд яг энэ хугацаанд нэг сая орчим хүн нэн ядуу эгнээнд шилжихээр нөхцөл бүрдсэн талаарх Oxfam-ийн судалгааг Дэлхийн Эдийн засгийн чуулган онцлов. 

Oxfam нь дэлхийн ядуурлыг бууруулахад чиглэсэн 21 бие даасан сайн дурын байгууллагын нэгдэл бөгөөд 1942 онд Их Британид үүсгэн байгуулагджээ. 

Цар тахлын үед 30 цаг тутамд нэг буюу нийт 573 хүн шинээр тэрбумтан болсон бол энэ жил 263 сая гаруй хүн нэн ядуу эгнээнд шилжихээр байгааг тус байгууллага судалж тооцоолжээ. Энэ нь 33 цаг тутамд нэг сая хүн нэн ядуу болно гэсэн үг аж. 

Тэрбумтнуудын хөрөнгийн хэмжээ КОВИД-19 цар тахал дэгдсэнээс хойших эхний 24 сарын хугацаанд үүнээс өмнөх 23 жилийн нийлбэрээс илүү өссөн байна. Тэрбумтнуудын хөрөнгийн нийт хэмжээ дэлхийн ДНБ-ий 13.9 хувьтай дүйж байгаа ба энэ нь 2000 онд 4.4 хувь байжээ. Өөрөөр хэлбэл, 2000 оны түвшнээс гурав дахин өссөн байна. Ийнхүү өссөн шалтгаан нь хүмүүс илүү ухаалаг хөдөлж, маш их хөдөлмөрлөсний үр дүн бус ажилчид бага цалингаар илүү шаргуу ажилласных гэж дүгнэжээ. 

Oxfam-ийн уг шинэ судалгаагаар 

  • эрчим хүч
  • хүнс
  • эмийн салбарт 

КОВИД-19-ийн нөлөөгөөр үнэ дээд хэмжээнд өссөн ч эдгээр салбарын ажилчдын цалин хөлс бараг өсөөгүй болохыг дурдсан байна. 

Тухайлбал, эрчим хүч болон хүнсний салбарт хоёр өдөр тутамд нэг тэрбумтан шинээр бий болж, хөрөнгө нь 453 тэрбум ам.доллароор өсжээ. Хүнсний салбарт л гэхэд 62, эмийн салбарт 40 тэрбумтан шинээр төрөн гарсан байна. 

Дэлхийн Банкны тодорхойлсноор өдөрт 1.9 ба түүнээс доош ам.доллароор амь залгуулж байгаа бол нэн ядуу гэсэн ангилалд хамаарах юм