ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР “ДОЛООН БУРХАН” ОД, “ЭРДЭНЭТ МАНДАЛ” ОВООГ ЭНЭ САРЫН 08, 09-НИЙ ӨДРҮҮДЭД ТАХИНА

Улс төр
✅ Эрдэнэтийг тойрсон Баян-Өндөр, Баянцагаан, Эрдэнэт, Бүрэнбүстийн гэх мэт олон овоо бий. Эндээс Баян-Өндөр, Бүрэнбүст, Эрдэнэтийн овоог нийтээрээ тахиж ирсэн. Тэр дундаа “Эрдэнэт Мандал” овоог хоёр жилд нэг удаа тахиж, уул усаа аргадан баясгадаг уламжлалтай. Энэ жил “Долоон бурхан” од, “Эрдэнэт Мандал” овоог зургаадугаар сарын 08, 09-ний өдрүүдэд тахина
✅ Монголчууд эрт дээр үеэс газар усаа дээдлэн шүтэж ирсэн ард түмэн. Тэртээ 1600-аад оны үеэс уул, овоогоо тахиж ирсэн түүх, уламжлалтай. Уул, овоо тахих Монгол зан үйл нь 2017 онд ЮНЕСКО-гийн “Хүн төрөлхтний яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалт”-д бүртгэгдсэн юм
✅ Ард иргэд, ан амьтан, өвс ургамал, амьд бүхэн амар амгалан байхын тухайд овоо, хангайгаа тахидаг. Мөн газар нутгийн гарц, хур бороо цаг хугацаандаа орох тухайд тахиж байгаа юм. Өөрөөр хэлбэл, амьдарч буй нутаг орон зуд, ган гачиггүй байхын тухайд буддын шашны зан үйл, ном судар уншлагаар аргадан тахидаг учиртай. Ингэснээр газрын эзэн лус савдгийг баясгаж байна гэж үздэг
✅ Эрдэнэтчүүд, эрхэм сүсэгтэн олон эрүүл энх, барцад саадгүй, ан амьтан, өвс ургамал, амьд бүхэн амар амгалан, газар нутаг гарц арвин, хур бороо элбэг, амьдарч байгаа нутаг оронд ган зудгүй байхын тухайд сүсэглэн залбирч, овоо тахих ёслолд өргөнөөр оролцоно уу
✅ Төрийн хэмжээний тахилгатай уул, овоог тахихын өмнө “Долоон бурхан” одыг тайж, тэнгэр, бурхнаа аргаддаг уламжлалын дагуу 06-р сарын 08-ны өдөр 21:00 – 22:30 цагийн хооронд “Эрдэнэт” спорт, амралтын хүрээлэн буюу наадмын талбайд “Долоон бурхан” од тахих ёслол үйлдэнэ
✅ Харин маргааш өдөр буюу 06-р сарын 09-ний өглөө 06:00 -08:00 цагийн хооронд “Эрдэнэт Мандал” овоог тахих ёслол болно. Мөн өдрийн 19:00-21:00 цагийн хооронд Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Хамба Номун Хан, Гавж Д.Чойжамцын номын авшиг хүртээх үйл ажиллагаа “Эрдэнэт” спорт, амралтын хүрээлэнд зохион байгуулагдах юм